Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Хятадад хар тамхины хэргээр шийтгүүлсэн Л.Байгальмаагийн биеийн байдал муу байна

 2009 онд буюу одоогоос найман жилийн өмнө Монгол Улсын иргэн Л.Байгальмаа хар тамхины хэрэгт холбогдон, БНХАУ-ын шүүхээс цаазын ял сонссон билээ. Түүний дараа Хятадын тал ялыг хөнгөвчилж, түүнийг 25 жил хорих шийдвэр гаргасан байдаг.
 
Одоо болтол Монгол, Хятад хоёр орны Засгийн газар хоорондын “Ялтан солилцох гэрээ”-ний дагуу Л.Байгальмааг эх оронд нь шилжүүлэн авчрах тухай мэдээлэл тасраагүй. Өнгөрсөн гуравдугаар сард түүнийг Монголд авчрах мэдээлэл гарч байсан .
 
Энэ оны эхээр манай улс БНХАУ-аас 25, Шведээс нэг, БНСУ-аас хоёр ялтан солилцох санал гаргасны дунд хар тамхины хэргээр ял сонссон Л.Байгальмаагийн нэр байгаагүй аж. Энэ талаар Гадаад харилцааны яамны эх сурвалж “Л.Байгальмаа өөрөө хүсэлт гаргаагүй байсан тул хэлэлцээрт багтаагүй” гэсэн тайлбар өгсөн байдаг.
 
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, ирэх арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Л.Байгальмааг эх оронд нь авчрахаар болжээ. Учир нь түүний биеийн эрүүл мэнд ноцтой байдалд орсон тул ийнхүү “ялтан солилцоо”-гоор авчрахаар болсон мэдээлэл дуулдаж буй юм. 
 
Тэрбээр Хятадын шоронгоос анх удаа ар гэрийнхэндээ хаягласан захидалдаа “Та хэдийгээ эхэндээ маш их санадаг байсан. Одоо харьцангуй гайгүй болжээ. Хүний нутагт, тэр дундаа шоронд нь дасаж байна. Хөгшин настай ээжийн минь биеийн байдал сайн байгаа юу? Миний хүүхдүүдийн хичээл ном, ажил төрөл нь сайн байгаа биз дээ? Бүгд бие дааж, одоо овоо том болж байна уу? Та бүхэндээ их санаа зовж байгаа. Миний төлөө битгий санаагаа зовоогоорой. Захидал байнга бичих боломж гардаггүй гэсэн. Ганц удаа гарсан боломжийг ашиглая гэж бодлоо” хэмээн бичсэн байдаг.
 
Хэргийн тухайд эргэн сануулахад, Малайзаас гурил, будаа зөөдөг ажилд орохоор явсан Л.Байгальмаа Хятад, Малайзын хооронд хар тамхи тээвэрлэж яваад БНХАУ-ын нутагт баригдаж, тус улсын анхан шатны шүүхээс цаазын ял сонссон юм. Тухайн үед түүнийг хар тамхины бүлэглэлд өөрөө ч мэдэхгүй орсон хэмээн мэдээлж байв.
 
Анх Л.Байгальмааг Ё.Оюунчимэг, Ж.Гантуул нарын эмэгтэйчүүд эх орноос нь авч явсан гэх мэдээлэл гарч байсан юм. Тэрбээр баригдахаасаа өмнө хоёр ч удаа геройн зөөвөрлөсөн нь тогтоогдсон байдаг. Улмаар Л.Байгальмаад холбогдох хэргийг үргэлжлүүлэн шалгаснаар түүний явсан маршрутыг олж тогтоожээ. Тухайлбал, Мөрдөх ажиллагааны явцад Л.Байгальмаа нь Зүүн Өмнөд Азийн нэлээд хэдэн орноор явж хар тамхи зөөвөрлөсөн нь илэрч байсан юм. 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)