Вашингтон дахь Оросын ЭСЯ-ны гудамжийг Б.Немцовын нэрэмжит болгожээ
Нийслэл кафе
2018-01-12
НИЙСЛЭЛ.mn
Вашингтон хот дахь ОХУ-ын ЭСЯ-ны гудамжийг ану оросын амь үрэгдсэн сөрөг хүчний улс төрчийн нэрэмжит болгожээ.  “Ассошиэтед пресс” агентлагийн мэдээлснээр, 2015 онд кремлийн ордон орчимд бусдын гарт амиа алдсан борис немцовын нэрээр Оросын ЭСЯ-ны гудамжийг нэрлэхийг Вашингтоны хотын зөвлөлийн гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн. Харин ийм шийдвэр гаргасан Вашингтоныг оросын улс төрчид шүүмжилж байна. Тухайлбал, оросын либерал-ардчилсан намын дарга Владимир Жириновский хэлэхдээ “Америкийн эрх баригчид “бохир заль” гаргаж тоглолт хийсээр байна” гэжээ. Мөн Оросын коммунист намын гишүүн Дмитрий Новиков хэлэхдээ “АНУ-ын эрх баригчид оросын дотоод асуудалд байнга хөндлөнгөөс оролцохоо болих хэрэгтэй” гэсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг шүүмжлэгчдийн нэг байсан Б.Немцовыг 2015 оны хоёрдугаар сард Москва хотын төвд орших нэгэн зоогийн газраас гэр рүүгээ алхаж явахад нь үл таних этгээдүүд буудан хөнөөсөн юм. Б.Немцовын охин Жанна өнгөрсөн оны 12 дугаар сарын эхээр Вашингтон хотод очих үеэрээ Оросын ЭСЯ байрладаг гудамжийг аавынхаа нэрэмжит болгохыг АНУ-ын холбогдох албаны хүмүүсээс хүссэн гэнэ. Жанна хэлэхдээ “миний аав бол маш өргөн мэдлэгтэй, чөлөөт сэтгэлгээтэй, мөнхөд дурсагдах гавьяатай эх оронч хүн байсан. Гэвч оросын одоогийн удирдагчид миний аавын талаарх дурсамжийг бүрмөсөн арилгахыг оролдож байна” гэжээ. Б.Немцовын хэрэгт таван чечень залууг сэжигтнээр татаад байгаа юм. Гэхдээ энэ хэргийг үйлдсэн этгээдүүд өнөө хэр нь эрх чөлөөтэй яваа гэж түүний ар гэрийнхэн болон дэмжигчид нь үзэж байна.
Г.Цэнд-Аюуш
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочдын сэтгэгдэл (0)