Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Татварыг эсэргүүцсэн 10,000 орчим иргэн тайван жагсаал хийлээ

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр 12.00-14.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаалыг зохион байгууллаа. Энэхүү жагсаалыг МҮЭХ-ны салбар хороодоос 21 аймгийн төвд мөн зохион байгуулж байгаа юм.
 
Тэд тэтгэвэрт гарах насыг 65 хүртэл үе шаттайгаар нэмэх, 1.5 сая болон түүнээс дээш цалинтай иргэдийн Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ыг 15-25 хувь болгохыг эсэрцгүүцэж байгаа юм.
 
Жагсаалд МҮЭХ-ны уул уурхай, барилга, эрүүл мэнд, боловсролын зэрэг 22 салбар хорооны гишүүд оролцож байна. Энэхүү жагсаалыг дэмжиж буйгаа илэрхийлж Олон Улсын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо (ОУҮЭХ)-ны Ази Номхон Далайн байгууллагаас илгээлт ирүүлсэн байна. Эдийн засаг хүндрэлтэй байгаа үед татвар нэмэх замаар иргэдийн нуруун дээрх ачааг улам бүр хүндрүүлэх шийдвэрээ Монгол Улсын Засгийн газар эргэн харах шаардлагатай гэдгийг тус илгээлтэд дурьдсан байна. Мөн уг жагсаалыг үр дүнд хүрч, иргэдийн эрх ашгийг хамгаалахад томоохон түлхэц үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа дурьджээ.
 
МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа: “Бид 2017 оноос эхлэн Засгийн газрын буруу шийдвэрийг эсэргүүцэж ирсэн. Тухайлбал, өнгөрсөн онд УИХ, Засгийн газарт тус бүр зургаан удаа мэдэгдэл, шаардлага хүргүүллээ. Гэвч шийдвэр гаргагчид тодорхой алхам хийхгүй байгаа учраас бид өнөөдөр жагсаал зохион байгуулж байна. Энэ сард багтаан дээрх шийдвэрүүдээ цуцлахгүй бол ажил хаялт зарлах болно. Ажил хаялт зарласан тохиолдолд эдийн засаг улам бүр хүндрэх эрсдэлтэй гэдгийг Засгийн газарт сануулж байна” гэлээ.
 
Тэтгэврийн насыг нэмснээр хортой нөхцөлд ажилладаг иргэд насаараа төлсөн нийгмийн даатгалынхаа үр шимийг хүртэж чадахгүйд хүрч байгааг жагсаалд оролцогчид шүүмжилж байлаа.
 
“Багануур” компанийн машинист Г.Отгонпүрэв: "Хүнд, хортой нөхцөлд ажилладаг уурхайчид 55 настайдаа тэтгэвэрт гардаг. Ингээд хамгийн ихдээ 2 жил  тэтгэвэр аваад л “бурхан” болж байна. Одоо тэтгэврийн насыг нэмэх юм бол Нийгмийн даатгалын сангаас нэг ч уурхайчин тэтгэвэр авч чадахгүй. Тиймээс энэхүү шийдвэрийг эсэргүүцэж байна. Бидний шаардлагыг хүлээж авахгүй бол ажил хаяхаас эхлээд тэмцлийн хурц хэлбэрт шилжих болно” гэв.
 
 
 
 
 
 
 
 
 
 
Г.Цэнд-Аюуш
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)