Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Домог ингэж эхэлсэн юм...

Иглэр хэмээх харгис догшин хааны дүрд бид хамгийн анх жүжигчин Г.Эрдэнэбилэгийг сонгосон юм. Гэвч драмын театр улирал дамнасан урт кинонд явуулах боломжгүй гэснээр дахин хааны эрэлд мордов. Тэр үед жүжигчин М.Түвшинхүүгийн найз Эдуард Ондарыг эчнээ таньдаг байснаа санаж, хол ойрыг уулзуулж учруулж байдаг фэйсбүүкээс төвөггүйхэн оллоо. Орос хэл мэдэхгүй хэрнээ "Добрый день!" гээд л бичив. Тэгээд шууд л Таныг кинондоо тоглуулья гэвэл яах вэ гэж асуулаа. Тэгтэл "Зүгээр л урь!" гэх нь тэр. Өвөрмөц дүр төрхтэй, ухаалаг харцтай түүнтэй ажиллах хүсэлтэй байгаагаа киноныхоо Ерөнхий продюсер Л.Балхжав захиралд хэлбэл биднийг үргэлж дэмждэг захирал маань бүх эрсдэлийг дааж, элэг нэгтэй хэдий ч биднээс холдон одсон Тува улсын Ардын жүжигчинг "Хаан" болгохоор шийдсэн юм.

Анхны зураг авалт Өмнөговь аймгийн Хэрмэн цаваас эхлэв. Эргэн тойрон 100 километрт айл амьтан, ус унд байхгүй тэр газарт биднийг хатуу гэхэд дэндүү хатуу нөхцөл хүлээж байлаа. Хэрмэн цавын байгалийн үзэсгэлэнг кино хальснаа буулгах гэсэн бид тэр бүхнийг тэсч давахаар уух ус, унах морь, байрлах гэрээ хүртэл ачин очиж, хээрийн нөхцөлд гурав хонохоор зориг шулуудаад байсан юм. Гэтэл уригдаж ирсэн жүжигчин маань эхний өдрөө л "Буцмаар байна!" гэдэг байгаа. Жилийн дөрвөн улирлын турш тийнхүү даяанч шиг явна гэж боджээ. Кино урлаг өндөр хөгжсөн Казахстаны "Чингис хаан" кинонд эзэн хааны дүр бүтээж явсан хүнд бидний зураг авалтын нөхцөл байдал "арай л дэндүү" санагдсан нь мэдээж. 20,30 хүн хоёр гэрт газраар зулж, бидний хэлдгээр "шпротлож" унтахаар арга ч үгүй шүү дээ. Тэгээд би түүнийг тайвшируулж, "Энэ манай натур биш ээ, буцах тухай бодох хэрэггүй. Үндсэн зураг авалтын талбай дээр нөхцөл байдал сайжирна!" гэж амлав. Хэрмэн цавын зураг авалт мэдээж сайхан болж, үлгэрийн гэмээр тэр нутаг кинонд маань үгээр хэлэхийн аргагүй чимэг болон үлдсэн.
Эхний өдрөө буцмаар байна гэж хэлж байсан Эдуард өдөр хоног өнгөрөх тусам бидэнд дасаж, говь нутагт дурлаж, киноны маань нэг эд эс болсон юм. Энэ киног хамтран бүтээсэн Өмнөговьчуудын сайхан сэтгэлийн ачаар бид очсон газар болгоноо халуун ус, шүршүүртэй жуулчны баазад байрлаж байсан учир хаан эзэн маань дахин гомдол гаргаагүйгээр барахгүй, бидний л нэгэн адил говь нутгийн халуун хүйтнийг ажрахгүй давж, киноныхоо ард гарсан билээ.

Нэгэн зүйлийг сонирхуулж хэлэхэд Эдурад Ондар маань говь нутгаас хүүтэй болгож өгөхийг өдөр бүр гуйдаг байжээ. Тэгтэл түүний чин сэтгэл, хүсэл биеллээ олж, өвлийн зураг авалтын үеэр 17 жил хүлээсэн удам залгах хүү нь төрсөн түүхтэй.

“Говийн домог” уран сайхны киноны зохиолч С.СУМЬЯA
Үргэлжлэл бий...

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)