Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

УИХ-ын эмэгтэй гишүүд өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлаа тайлагналаа

Өнөөдөр УИХ ын эмэгтэй бүлгийн гишүүд хэвлэлийн бага хурал хийж өнгөрсөн 4 жилд хийж бүтээсэн ажлаа ард түмэндээ тайлагналаа.
 
2012 оны УИХ-ын сонгуулиар улс төрийн таван намын төлөөлөл бүхий 11 эмэгтэй гишүүн сонгогдож,  хууль тогтоох, бодлого тодорхойлох, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн дуу хоолойг хүргэх, нийгэмд тулгамдсан олон эмзэг асуудлыг шийдвэрлэх боломжтой болсон билээ.
 
Эмэгтэй гишүүд лоббинд ордоггүй. Тэд өөрсдийн хийх ёстой ажлаа л хийдэг. Гуравхан эмэгтэй гишүүнтэй байсан парламентад эмэгтэйчүүдийн тоо 3 дахин нэмэгдсэн нь сайн үзүүлэлт байсан боловч 76 дотор 11 гэдэг бол дэндүү цөөхөн юм.
 
АМЬДРАЛД ТУЛГАРДАГ НАРИЙН НАНДИН ТЭР Л АСУУДЛУУДЫГ ЭМЭГТЭЙ ГИШҮҮД ИЛҮҮТЭЙГЭЭР ОЙЛГОЖ ЭХЧҮҮД, ХҮҮХДҮҮД, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД, ХӨГШЧҮҮДИЙН ТӨЛӨӨ ЗОРИГЛОН ДУУГАРЧ ТЭДНИЙ ТӨЛӨӨ АЖИЛЛАДАГ ЮМ БАЙНА ГЭДГИЙГ ЭНЭ 11 ЭМЭГТЭЙ БИДЭНД ХАРУУЛСАН БИЛЭЭ.
Гэхдээ 4 жилийн хугацаанд эмэгтэй гишүүд бүлгээрээ болон гишүүнийхээ хувьд маш олон хууль, тогтоолын төслүүдийг өргөн барьж, Л.Эрдэнэчимэг гишүүн ажлын хэсгийг ахлан ажиллаж, батлуулж чадлаа.
 
Олон жилийн турш олон парламентийг дамжсан боловч батлагдахгүй байсаар бараг мартагдах шахсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Хүүхэд харах үйлчилгээний тухай, Тамхины хяналтын тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Соёлын тухай, Хог хаягдлын тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Монгол хэлний тухай, Түрээсийн тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах тухай, Органик хүнсний тухай зэрэг хууль, тогтоолын төслүүдэд УИХ дахь эмэгтэй гишүүд бүлэг болж гайхалтай хамтран ажилласан юм.
 
Олон намын төлөөлөл болж УИХ д сонгогдсон боловч ард иргэдийнхээ амьдралын төлөө эвлэлдэн нэгдэж чаддаг улс төрийн болон хувь гишүүний асар өндөр ёс зүйг энэ 11 хүчирхэг эмэгтэй гишүүдээс харж болно.
 
Эмэгтэй гишүүд дөрвөн жилийн хугацаанд  БСШУ-ны яамтай нягт хамтран ажиллаж, улсын төсөв болон гадаадын урт хугацааны зээл, тусламжаар сургууль, дотуур байрны хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэхэд онцгой анхаарал тавьж ажилласнаар урд жилүүдээс хамаагүй олон тооны сургууль , цэцэрлэг, дотуур байр , хүүхдийн эмнэлгийн асуудлыг шийдэж чаджээ. Улсын хэмжээнд нийт 152 цэцэрлэг, цэцэрлэгийн өргөтгөл баригдсан байна.
 
Бүх хүүхдээ цэцэрлэгт хамруулахын тулд шинээр барих шаардлагатай 800 цэцэрлэгийн хөрөнгө оруулалтад нэг их наяд төгрөг шаардлагатай байгаа юм. Энэ бол Монгол Улсын нийт төсвийн 30 гаруй хувийг эзлэх хэмжээний хөрөнгө. Нэгэнт төсвийн хөрөнгөөр нэг дор бүгдийг шийдэх боломжгүй учраас эмэгтэй гишүүд асуудлыг шийдвэрлэх өөр арга зам хайж Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг УИХ дахь эмэгтэй бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг санаачлан боловсруулж, УИХ-ын чуулганаар батлуулан өнөөдөр маш амжилттай хэрэгжээд явж байна.
 
Ахмадын тэтгэвэр нэмэх, одонтой эхчүүдийн мөнгө, малчдын тэтгэврийн нас зэрэг ахмад настны нийгмийн хамгааллын чиглэлээр шийдвэр гаргах төвшинд Эмэгтэй гишүүдийн бүлэг ахмадын нэрийн өмнөөс байнга дуу хоолой болж Хамтын тэтгэврийн тухай хуулийн гол санаачлагчаар ажиллаж батлуулсан.
 
2015 оны УИХ-ын намрын чуулганаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийг батлууллаа.
 
2012 оноос эхлэн Гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг нийгэмд гаргаж тавин онцгой анхаарал хандуулж, НҮБ болон олон улсын байгууллагуудтай хамтран нийтийн анхаарлыг хандуулж, арав гаруй жил нэг ч удаа хэрэгжиж чадаагүй Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлууллаа. Эрүүгийн зөрчлийн, хүүхдийн эрхийн, цагдаагийн зэрэг 16 хуульд нэмэлт өөрчлөлт өөр гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах заалтуудыг тусгаж оруулснаар асуудлыг цогцоор нь шийдвэрлэх боломжийг бий болгосон.
 
Соёл, спорт, аялал жуулчлалын сайдаар Ц.Оюунгэрэл, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаар С.Оюун , Д.Оюунхорол , Эрүүл мэндийн сайдаар Н.Удвал, Барилга, хот байгуулалтын сайдаар З.Баянсэлэнгэ, ХХАА-н сайдаар Р.Бурмаа, БОХХАА Байнгын хороорны даргаар Л.Эрдэнэчимэг нар ажиллаж байна. УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг энэ салбаруудын хууль эрхзүй болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байна.
 
Эмэгтэйчүүд эхлүүлсэн ажлынхаа ард гардаг, дунд нь орхидоггүй , түүндээ цаг, хүчээ зарцуулдаг, шаргуу учраас хамгийн бэрх, амаргүй хууль болон хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлыг нэр төртэйгээр хариуцан гүйцэтгэдэг. Эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ “Бид бол хууль тогтоох дээд байгууллагад олон эмэгтэй сонгогдож, хариуцлага үүрээсэй,тэд чаддаг гэдгийг харуулахаар ажиллаж байгаа учраас энэ бүгдийг бэрхшээл гэж үздэггүй. Харин ч бие биедээ туслаад үүрээд гардаг. Ингэсний хүчинд олон ажлын ард гарч чадсан” гэж хэлсэн юм.  
 
Тиймээс 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа бүх эмэгтэйчүүддээ амжилт хүсч эмэгтэйчүүдээ дэмжихийг манай сайтын зүгээс уриалж байна.
 
Энэ бүхнийг хийж гүйцэтгэхэд эмэгтэй гишүүдийн бүлгийн даргаар ажиллаж байсан УИХ ын дарга Эрдэнэчимэгийн гүйцэтгэсэн үүрэг их бөгөөд эх хүүхдүүд, ээжүүд,нийгмийн эмзэг бүлгийнхиний амьдралыг хамгийн сайн ойлгодог эмэгтэй гишүүд шийдвэр гаргах түвшинд ажиллах нь хамгийн чухал юм. Тэрээр Сонгинохайрхан дүүргийн 72 р тойрогт дахин нэр дэвшиж байгаа юм.
 
УИХ ДАХЬ ЭМЭГТЭЙ ГИШҮҮДИЙН 2012-2016 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН
Бид өнөөдөр өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийсэн ажлаа та бүхэндээ танилцуулж байна.
  • 13:00-13:10     Л.ЭРДЭНЭЧИМЭГ: УИХ ДАХЬ ЭМЭГТЭЙ ГИШҮҮДИЙН БҮЛГИЙН ДАРГА, ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬ, ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУГ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАНД АВАХ ТУХАЙ ХУУЛЬ, ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬ, АРХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬ ӨРГӨН БАРЬСАН
  • 13:10-13:15        УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ОЮУНГЭРЭЛ  СОЁЛИЙН ӨВИЙН ТУХАЙ, ХОГ ХАЯГДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ
  • 13:15-13:20        УИХ-ЫН ГИШҮҮН С.ОДОНТУЯА  ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ
  • 13:20-13:25        УИХ-ЫН ГИШҮҮН Д.САРАНГЭРЭЛ/ ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛЬ
  • 13:25-13:30        УИХ-ЫН ГИШҮҮН Д.ОЮУНХОРОЛ  ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ, ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭЦЭГ, ЭХИЙН НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛЬ
  • 13:30-13:35        УИХ-ЫН ГИШҮҮН З.БАЯНСЭЛЭНГЭ ӨРШӨӨЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ
  • 13:35-13:40        УИХ-ЫН ГИШҮҮН Р.БУРМАА  ОРГАНИК ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛЬ, СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ
  • 13:40-13:45        УИХ-ЫН ГИШҮҮН М.БАТЧИМЭГ МОНГОЛ ХЭЛНИЙ ТУХАЙ ХУУЛЬ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ
  • ХАМТРАН САНААЧИЛСАН ХУУЛИУД
  • ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬ,
  • ХАМТЫН ТЭТГЭВЭРИЙН ТУХАЙ ХУУЛЬ,
  • ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬ,
  • СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ /126,2 ДУГААР ЗААЛТ/
  • ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ НИЙГМИЙН ХАМГААЛАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ,
  • ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)