Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар: Зөвлөлдөх санал асуулга ардчиллыг бэхжүүлнэ

Засаглалын үйл явц дахь зөвлөлдөх ардчиллын боломж болон сорилт, Азийн улс орнууд дахь туршлагаас суралцах зорилготой "Ази дахь зөвлөлдөх ардчиллын туршлага" олон улсын эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн Номын санд өнөөдөр эхэллээ. Хурлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, МУИС хамтран зохион байгуулж байна.

Иргэд өөрсдөө асуудалд оролцоод, харьцуулж бодоод, жижиг бүлгээр хэлэлцэж, ухаж ойлгоод шийдвэр гаргахдаа ямар ч дарга, эрдэм судлаачдаас ч илүү шийдвэр гаргадаг нь амьдралд нотлогдсон зүйл.

Зөвлөлдөх ардчиллын энэ арга Азид их дэлгэрч байна гэж Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэллээ. “БНСУ-д ард түмэн засгийн эрх барихаа больчлоо. Ардчилал хямралд өртлөө” гэж Солонгосын эрдэмтэн, судлаачид, ярьж зөвлөлдөх ардчиллын зарчмыг томоохон шийдвэрүүд гаргахдаа хэрэгжүүлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Зөвлөлдөх санал асуулгыг ардчиллыг бэхжүүлэх арга хэрэгсэл болгон ашиглаж байна гэсэн үг хэмээн тэрбээр жишээ татлаа.

Монгол Улс 2017 оны хоёрдугаар сард зөвлөлдөх санал асуулгын тухай хууль батлан гаргасан нь Монгол Улсын төр, эрх зүй, Үндсэн хуулийн эрх зүйн түүхэнд томоохон үйл явдлуудыг өрнүүлэх эхлэл болсон.

Манай улс зөвлөлдөх санал асуулгын аргыг гурван удаа ашиглан иргэдийн санаа бодлыг шийдвэр гаргахад тусгасан.

-2015 онд "Улаанбаатар хот дахь анхны зөвлөлдөх санал асуулга: Нийслэл хотын хөгжилд иргэдийн оролцоо",

-2017 онд "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ба Зөвлөлдөх ардчилал"

-2018 онд “Налайх дүүрэгт явуулсан зөвлөлдөх хэлэлцүүлэг”-ийг тус тус зохион байгуулсан.

Монгол Улс түүхэндээ анх удаа Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга зохион байгуулсан. Түүнчлэн ард нийтийн бүрэн эрхэт байдлыг хангах зорилгоор Үндсэн хуулийн төслийг орон даяар бүх нийтээр хэлэлцүүлсэн гэдгийг тэрбээр тэмдэглэлээ.

2017 онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анх удаа зөвлөлдөх санал асуулгыг хоёр үе шаттайгаар зохион байгуулсан.

Статистикийн шинжлэх ухааны үндсэн гол аргуудын нэг болох энгийн санамсаргүй түүврийн аргаар Монгол Улсын иргэдээс 1570 иргэнийг сонгон улс орон даяар санал асуулгыг явуулсан.

Санал асуулгад хамрагдсан 1515 иргэнээс 785 иргэнийг сонгон урилга хүргүүлснээс хоёр дахь шатны судалгаанд 669 иргэн оролцсон байна. Ард нийтээр хэлэлцүүлсний дүнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах ажил амжилттай явж байгаа гэлээ.

Бага хуралд  эрдэм шинжилгээний байгууллага,  их, дээд сургууль, төрийн болон төрийн бус байгууллагын 120 гаруй эрдэмтэн, судлаач, удирдах албан хаагчид болон гадаадын зочин илтгэгчид оролцож байна.

АНУ-ын Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын төвийн захирал, профессор Ж.Фишкин тус хуралд “Иргэд тунгааж, хэлэлцсэн үеийн ардчилал: Зөвлөлдөхүй ба ардчиллын сэргэлт” сэдвээр лекц уншлаа. 

Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа, 

“Ази дахь зөвлөлдөх ардчилал хэрхэн хөгжиж байгаа талаарх туршлагыг сонч, хуралд илтгэл тавихаар Монгол Улсад ирсэн. Монгол Улс зөвлөлдөх ардчиллын талаар нэлээд ахиц дэвшил гаргаж байгаа улс. Хуралд Монгол, Япон, Солонгос, Эстони, Макаогийн туршлагыг ярилцаж байна.

Зөвлөлдөх ардчилал гэдэг бол иргэдийн үзэл бодол тухайн асуудлыг сайн мэддэг эксперт, шинжээчдийн нэмэлт мэдээллийн дараахэрхэн өөрчлөгдөж байгааг харуулдаг арга зүй юм  гэдгийг тэмдэглэж байлаа.

“Ази дахь зөвлөлдөх ардчиллын туршлага” эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр, маргааш үргэлжилнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)