Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Халаа сэлгээтэй 100 хоногт хотын дарга шүүхэд дуудагдав

Засгийн газраа “онхолдуулж” шинэ танхим байгуулан ажилласан эрх баригч хүчин өнгөрсөн өвөл хотыг ч мөн бужигнуулж, нийслэлийн Засаг даргыг өөрчилсөн. Улаанбаатар хотын захирагчаар томилогдсон С.Амарсайханы 100 хоногт амжуулсан ажлын ерөнхий өнгө өнгөрсөн долоо хоногоос олон нийтэд танилцуулагдаж эхэлсэн бол өнөөдөр /2019.06.10/ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлэг сэтгүүлчдэд мэдээлэл хийж, ажлыг нь ийн үнэллээ.

БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТ, ХАЛАА СЭЛГЭЭ

Нийслэлийн Засаг даргыг чөлөөлөх үйл явц 2018 оны аравдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн үргэлжилж, 2019 оны хоёрдугаар сарын 27-нд эцэслэгджээ. Өөрөөр хэлбэл,  бүтэн дөрвөн сар бужигнасны эцэст хотын даргыг томилсон байна.

Мөн нийслэлийн 12 агентлагийн нэр хаяг солигдож, хоёр агентлаг шинээр байгуулагдан Нийслэлийн Засаг дарга 6 орлогч, 3 зөвлөхтэй байхаар бүтцээ оруулж ирсэн. Энэ нь Хотын захиргааны нэг хэлтсийн дарга дээрээ 12 даргатай болж дарга нарын тоо нэмэгдэхэд нөлөөлжээ. Уг бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор  захиргааны зардал 1 тэрбумаар нэмэгдсэн байна.

Нийслэлийн төр захиргааны байгууллагад хийгдсэн  халаа сэлгээтэй холбоотойгоор халагдсан хүмүүс нь шүүхэд хандаж албан тушаалын тушаалын эцэс төгсгөлгүй тэмцэл өрнөн хотын дарга шүүхэд дуудагдаж эхэлжээ.

БУРГАСЫГ НӨХӨН СЭРГЭЭСЭНГҮЙ

Барилга барих нэрээр Туул голын бургасыг “Зүүнбаян рефайнери” компани булгалж, 13 орчим тэрбум төгрөгийн экологи, эдийн засгийн хохирол учруулсан болохыг Байгал орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдэгдсэн.

Олон нийтийн зүгээс бургасыг нөхөн сэргээх шаардлагыг хотын даргад удаа дараа өгсөн. НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж буруутай этгээдэд хариуцлага тооцуулж нэн даруй бургасыг нөхөн сэргээх шаардлага хүргүүлсэн ч хариуцлага тооцох битгий хэл албан шаардлагын хариуг ч өгөөгүй. Эл үйлдэлд нь хотын даргад хариуцлага тооцохыг иргэд шаардсаар байна гэж тус бүлгийн гишүүд хэллээ.

НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ НЭМЭГДСЭН Ч БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ГАЦАВ

Дарга нарын томилгоо, бүтцийн өөрчлөлт хийсээр Улаанбаатар хотод хийх ёстой ажлаа хугацаандаа гүйцэтгэж чадахгүйд хүрээд байна. Агентлагийн дарга нар зургаан сар үр дүнгийн гэрээ буюу гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө батлуулсангүй. Төлөвлөлт тодорхойгүй учир гүйцэтгэл үнэлэх боломжгүй болж байна гэсэн үг.

Тендерүүд зарлагдаагүй байна. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт хийгдэж буй ажлуудыг нэгтгэж харвал өнөөдрийн байдлаар газрын асуудал шийдвэрлэгдээгүй-24, Гэрээ байгуулах эрх олгосон-49, Гэрээ хийгдсэн-264, Дэлгэрэнгүй жагсаалт гаргасан ажил-1, Зураг төсөв, ажлын даалгавар ирээгүй ажил-302, Тендерийн баримт бичиг боловсруулж байгаа-105, Тендерийн материал хүлээн авч байгаа-258, Тендерийн үнэлгээ хийгдэж байгаа-170, Үнэлгээний хороо байгуулах ажил-88 байна.

ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ АЛДАГДАХАД ХҮРЭВ

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3-ын 3.4.2.2-т “Монгол хүний амьдралын зайлшгүй хэрэгцээт хүнсний бүтээгдэхүүний 70-аас доошгүй хувийг дотоодын үйлдвэрлэлээр тогтвортой хангах техник, эдийн засгийн арга хэмжээ авна” гэж заасан.

1.4 сая хүн амтай Улаанбаатар хотын хүнсний аюулгүй байдлыг хангахын оронд гадаадын компанид  50 га газар олгох асуудлыг судалж, ажил хэрэг болгохоор дарга нар хөөцөлдөж яваа нь хариуцлагагүй үйлдэл. Хэрэв Хятадын хөрөнгө оруулалттай компанид нийслэлийн газар нутаг дээр хүлэмжийн аж ахуй эрхлэх зөвшөөрөл олговол тууштай тэмцэнэ гэж тус бүлгийн гишүүд хэллээ.

НИЙСЛЭЛД НҮҮРС ХОРИГЛОСОН Ч ШАХМАЛ ТҮЛШ ХҮРЭЛЦЭЭГҮЙ БАЙНА

Улаанбаатар хотод 2019 оны тавдугаар сарын 1-ээс  түүхий нүүрс оруулах, хэрэглэхийг хориглосон. Гэвч шахмал түлш нь чанарын шаардлага хангахгүй байна.  Түлш борлуулах цэгүүдээ ч бэлдээгүй. Бэлтгэл ажил бүрэн хийгдээгүй байхад шийдвэр хэрэгжиж эхэлсэн нь иргэдийн асуудлыг шийдвэрлэх бус, улам хүндрэлтэй болгож байна гэлээ.

Эх сурвалж:  www.news.mn Г.ХОРОЛ

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (2)
Зочин [202.55.188.40] 2019/06/11
САмран толгойт САмарсайхан ярина
Зочин [66.85.185.94] 2019/06/11
Amsrsaihan luivarchin baisan tsagt hot hudluhgui uudluhgui