Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Нас барсан иргэдийн тоо хэд хүрч байж буруугаа хүлээх вэ, С.Амарсайхан дарга аа!

Энгийн иргэд хохирох, амиа алдахад дандаа л гадны нөлөөгүй, өөрөөсөө болж амиа алдсан болоод дуусдаг, дуусгадаг “моод” манай удирдлагуудад дэлгэрчихэж. Энэ сарын 4-нөөс өнөөдрийг хүртэл таван хүн амиа алдсан харамсалтай үйл явдал гарчихаад байхад бас л дарга нарын буруу биш гэнэ.

Тодруулбал, Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэ оны тавдугаар сарын 15-наас Улаанбаатар руу түүхий нүүрс оруулахыг хориглож, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрлэж буй шахмал түлшийг хэрэглэхийг шаардаж эхэлсэн. Бүтэн зуны турш хүлээлт үүсгэж, иргэдэд асуултын тэмдэгтэйгээр анх удаа “уулзсан” утаагүй, үнэргүй, нэг үгээр хэлэхэд “супер” түлш сүүлийн хэд хоногт чанараа таниуллаа. Намрын сэрүүн орж, шөнөдөө хасах градус руу шилжсэн өнөө үед гэр хорооллын айл бүр галлахаас өөр аргагүй. Эрж, хайж, гуйж, түүж олсон шахмал түлш нь өнгөрсөн амралтын өдрүүдэд дөрвөн хүний амийг авч одлоо. Энэ мэдээ иргэдэд айдас төрүүлээд удаагүй байтал өнөөдөр дахиад л нэгэн залуухан эмэгтэй амиа алдсан золгүй явдал болов. Үүгээр ч зогсохгүй, цаана нь 35 хүн “утаагүй” түлшинд хордож, зургаа нь хэвтэн эмчлүүлж байгаагаас нэг нь эрчимт эмчилгээний тасагт, биеийн байдал нь тааруу байгаа юм. Гэтэл уг асуудлыг хотын удирдлагууд “уламжлалт ёсоороо” иргэд рүү чихээд сууж байна. Тодруулбал, “Иргэд өөрсдөө галаа түлж чадаагүй. Шинжилгээний хариу хэвийн гарсан” гээд хэнэг ч үгүй мэдээллээд сууж байх юм.

Нэгэн хэргийг эргэн сануулъя.

2018 оны арваннэгдүгээр сард Орхон аймгаас Дорноговь аймаг руу цэрэгт татагдсан нэгэн хүү, хоёрхон сарын дараа хорвоогийн мөнх бусыг үзсэн. Тухайн үед Цагдаагийн байгууллагынхан “Гадны нөлөөгүй” хэмээн мөн л хэнэг ч үгүй мэдээлэл өгч, иргэдийг бухимдуулж байсан юм. Гэтэл шүүх эмнэлгийн дүгнэлт саяхан гарч, талийгаач хүү гадны нөлөөтэй нас барсан нь хөдлөшгүй нотлох баримтаар тогтоогдож, буруутай этгээдүүд эрүүгийн хариуцлага хүлээлээ. Энэ болтол тэд дуугүй суусаар, талийгаач “Гадны нөлөөгүй” нас барсан хэмээн мэлзсээр байсан юм.

Энэ мэт олон асуудлыг хөндөж болно. Утаагүй гэгдэх “супер” түлшнээс хордож буй иргэдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Эл хүмүүсийн тоо хэд хүрч байж буруугаа хүлээх вэ, С.Амарсайхан дарга аа.

М.Саран

ЭХ СУРВАЛЖ: XOT.mn 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)