Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Д.Алтангэрэл: Эдийн засгаа солонгоруулъя гэвэл цахим эдийн засгийг нэвтрүүлэх хэрэгтэй

АН-ын Шинжлэх ухаан, технологи, мэдээлэл харилцааны бодлогын зөвлөлийн дарга Д.Алтангэрэлтэй цахим эдийн засаг сэдвийн хүрээнд ярилцлаа.

-Цахим эдийн засаг гэдгийг энгийнээр тайлбарлаач?

-Хэрэв эдийн засгаа солонгоруулъя гэвэл цахим эдийн засгийг номер нэгт нэвтрүүлэх хэрэгтэй. Цахим эдийн засаг гэдэг ойлголт хориод жилийн өмнөөс бий болсон бөгөөд өнөөдөр дэлхийн улс орнуудад төдий л сайн хөгжиж амжаагүй байна. Давуу тал нь асар богино хугацаанд маш том баялгийг бий болгодог онцлогтой. Бид өнөөдрийг хүртэл эдийн засгийн хувьд маш олон тал дээр (технологи, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ноу хау нэвтрүүлэх г.м) хоцорч ирсэн гэхэд болно. Харин интернэт, цахим орчны ачаар цахим эдийн засгийн хувьд бид дэлхийн улс орнуудтай нэг гараанаас зэрэг эхлэх боломж бүрдээд байгаа юм.

-Өргөн утгаар нь авч үзвэл манай улсын эдийн засагт яаж үр шимээ өгөх боломжтой вэ?


-Цахим эдийн засаг гэхээр цахим орчинд эдийн засгийг яаж түргэтгэх вэ гэдэг асуудал юм. Жишээ нь, Израйл улсын элсэн цөлд жилд нэг удаа бороо ордог. Гэтэл тэнд ногоо ургуулаад экспортолдог гэж байгаа. Манай улс тэгэхэд ган болоход хэчнээн ургац алддаг билээ. Энэ асуудлыг шийддэг технологиуд бий. Аялал жуулчлалын салбарыг гэхэд цахимжуулах боломжтой. Германчууд аяллын төлөвлөгөөгөө 12 сард гаргачихдаг юм билээ. Тэгэхээр тэдний төлөвлөгөөнд бид орж, урьдчилсан захиалга авах боломж алга. Зочид буудлын захиалга авдаг, наадмын хөтөлбөр гаргадаг, Хөвсгөлийн мөсний баярт бүртгэдэг нэгдсэн портал байна уу. Байхгүй. Цаашлаад цахим мал аж ахуй, цахим газар тариалан, цахим арилжаа, цахим ложистик гээд эдийн засгийн бүх салбарыг цахимжуулж, хөгжлийг нь түргэтгэх боломжийн тухай ярьж байгаа юм.

-Дэлхийн улс орнуудын дунд цахим эдийн засгийг хөгжүүлж, үр шимийг нь хүртэж яваа ямар жишээ байна?


-Өнөөдөр эдийн засгийг цахимжуулах үйл явц дэлхийн бараг бүх улс оронд нөлөөлж байна. Дэлхий дээр 15 орон, тоон дижитал үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж буйгаас үндэсний эдийн засгаа цахимжуулах чиглэлээр тэргүүлж буй Хятад, Сингапур, Шинэ Зеланд, Өмнөд Солонгос, Дани, Вьетнам улсуудыг нэрлэж болох юм. Тэднээс социалист системтэй Вьетнам улсын жишээг татахад, тус улс цахим эдийн засгаараа 2019 онд 12 тэрбум ам.доллар олсон. Одоо тэд 2025 он гэхэд 43 тэрбум ам.доллар олох зорилго тавиад байна.

-Тэгвэл манай улсад цахим эдийн засгийг хөгжүүлэх урьдач нөхцөл бүрдэж чадсан уу. Үүнд юу саад болж байна?


-Өнөөдөр НҮБ-ын хэмжээнд цахим эдийн засгийн асуудлыг хөндөж байгаа. Буурай хөгжилтэй орнууд эргээд эдийн засгийн хоцрогдолд орох нөхцөл үүсчихлээ. Яагаад гэвэл тэдгээр улс цахим эдийн засагт анхаарах тэнхэлгүй байна гэсэн. Бид эдийн засаг гэхээр мал аж ахуй, уул уурхай л ярьдаг. Хэрэв эдийн засгаа солонгоруулъя гэвэл цахим эдийн засгийг номер нэгт нэвтрүүлэх хэрэгтэй. Үүнийг хөгжүүлэхийн тулд дэд бүтэц нь болох интернетийн тархалт 100 хувь байх ёстой. Түүнийг хангах эрчим хүчний хангалт сайн байх хэрэгтэй. Өнөөдөр манай улсад эрчим хүчний хангалт 80 хувьтай байгаа бол шилэн кабель аймаг, сум бүрт холбогдсон. Тэгэхээр цахим орчин бүрдсэн гэж хэлж болно. Цахим боловсролын түвшин манай улсад 30-32 хувьтай байна. Казакстан улс 60-70 хувьтай. Энэ улс 2022 он гэхэд 83 хувьтай болъё гэдэг зорилт тавиад байна. Улс бүр өөрийнхөө цахим бодлогыг хэрэгжүүлдэг шинжлэх ухаан, мэдээлэл технологийн яамтай болжээ. Цахим боловсролын түвшингээр хамгийн өндөр үзүүлэлттэй яваа нь Сингапур байна. 95 хувьтай. Үүгээр юу хэлэх гээд байна гэвэл дэлхийн улс орнууд цахим боловсролоо дээшлүүлэх гэж өрсөлдөж байна. Өрсөлдөхөөс гадна хүсч байна.

-Манай улс иргэдээ цахим үнэмлэхтэй болгосон. Хүн бүр ухаалаг утастай болсон гээд харвал цахим эдийн засаг, цахим хөгжил рүү шилжихэд ядах юмгүй мэт санагдаж байна л даа?


-Төр бодлогоор зохицуулах хэрэгтэй. Эхний ээлжинд улсынхаа цахим боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй. Хэдийгээр хувь хүн бүр цахим үнэмлэхтэй болсон ч өнөөдөр жинхэнэ утгаар нь ашиглаж чадаж байна уу. Ухаалаг утсаараа фэйсбүүк, твиттерт орохоос өөрөөр ашиглаж чадаж байна уу. Хот хооронд зорчихдоо автобусны билетээ цахимаар захиалдаг хүн хэчнээн байна гэх мэт асуулт гарч ирнэ. Хувь хүний цахим орчныг ашиглах чадамжийг дээшлүүлэх гэж ойлгож болох юм. Гэтэл өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт дуртай мэдээллээ цахимаас авдаг болчхоод байна. Манайд яагаад ийм нөхцөл бүрдэхгүй байна гэхээр шинжлэх ухаан, мэдээллийн технологийг хөгжүүлдэг нэгдсэн бодлого алга. Үүнийг зангиддаг яам байхгүй байгаа юм. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр бид цахимжуулах гэж нэг их наяд төгрөг зарцуулсан. Одоо хүртэл үр дүн гараагүй гэж ярьж байсан. Яагаад гэвэл түүнийг баздаг бодлогын яам байхгүй учраас тэр шүү. Үүн дээр Ардчилсан нам бодлогын зөвлөл байгуулсан. Тэгэхээр цаашид энэ чиглэлээр бодлого барьдаг яамтай болно гэсэн үг.


Цахим эдийн засгийг түргэвчилдэг зүйл нь цахим төр. Харилцан уялдаатай хөгжинө. Цахим төр хөгжиж байж цахим эдийн засаг хөгжинө. Инновацын эко систем бий болж байж цахим эдийн засаг хөгжинө. Цахим эдийн засаг, цахим боловсрол, цахим төр, мэдээллийн технологийн хөгжил. Энэ бүхэн зэрэг бодлогоор хөгжих хэрэгтэй. Цахим эдийн засгийн давуу тал нь дэлхийн аль ч өнцөгт очих боломжтой.

-Үүнийг бий болгохын тулд яах ёстой вэ?


-2015 оноос инновацын тухай хууль баталсан. Инновацын эко систем гэдэг одоо хүртэл бүрдээгүй байна. Үүнийг ойлгохгүй байна. Төр засаг бодлогоор хийдэг. Дэлхий дээр байгаа инновацын эко системийг яаж босгосон бэ гэхээр төр хувийн хэвшил заавал оролцдог. Бодлого нь төрөөс гардаг.

Эстони улс бол цахим засаглал сайн хөгжсөн улс. Цахим засаглалаар номер нэгт явж байгаа. Төрийн үйлчилгээг авахад хугацаа ордог. Албан тоот өгөхөд дор хаяж 14 хоногийн дараа хариу өгнө гэдэг. Эстонид тэр бүх хугацааг хэмнэдэг. Төрөөс үйлчилгээ авахын тулд цахим орчинтой харилцахаас биш хүнтэй харилцахгүй. Авилга, хүнд суртал байхгүй.

Цахим эдийн засагт хөрөнгө оруулах юм бол өгөөж нь маш хурдан гарч ирнэ. Цахим ертөнцөд хөрөнгө оруулбал таван жилийн дотор хэд дахин өсгөх боломжтой. Нутаг бүсдээ биш, дэлхий дахинд тархана гэсэн. Эдийн засгийн хөгжлийн дараагийн үе шат нь цахим эдийн засаг юм.

Сингапурт нэг апп гарлаа гэхэд хүн бүхэн ашигладаг. Манайд хэрэглэгчийн түвшин хангалтгүй байна. Нийт төгсөгчдийн мэдээллийн технологиор төгсөгчид 3.2 хувийг эзэлж байна. Үүнийг ихэсгэх хэрэгтэй. Инженерчлэлээр төгсөгчид цөөхөн байна. Манайх шиг эдийн засагч, хуульчтай орон байхгүй. Гэтэл энэ салбар хөгжиж байна уу. Цогц бодлого хэрэгтэй. Дөрвөн жилд хэрэгжүүлэх боломжтой. Богино хугацаанд мэдээллийн технологийн компаниудыг томсгох боломжтой. Одоо мэдээллийн технологийн компани цөөхөн. Яагаад хөгжихгүй байна гэхээр тэд зөвхөн Монголын зах зээл дээр ажиллах гэж оролдоод байна. Гадны том компаниуд манайд яагаад салбараа нээж болохгүй гэж. Тэднийг урьж авчраад ажиллах хэрэгтэй. Манай баялгийг ухахгүй. Хоосон байгаа оффисыг түрээслэнэ. Олсон мөнгөнөөс нь татвар авна.

Бид дэлхийн интеграцад орох гарцаа олж чадахгүй байна. Үүнийг төр бодлогоор хийж чадна. Тэр хүнд гадагшаа харьцах, боломж гарцаар шийдэж өгөх хэрэгтэй. Төр хувийн хэвшил хамтарна. Инновацын эко систем гэдэг чинь төр хувийн хэвшлийн цогц систем юм. Тэд гоё программ хийнэ. Түүнийг төр засаг гадагш нь гаргана гэсэн үг. Гоё прог бичлээ, гантайд ургадаг ургамал, хурдан том болдог мал гэх мэт түүнийг өөрсдөө хийнэ. Түүнийг бизнес болгох ажлыг төр хувийн хэвшил хоёр хамтарч хийнэ. Төр сайн менежер болж чадна гэж хэлэх гээд байна. Өөрөөр хэлбэл нөгөө хүн чинь гарцаа олохгүй байна. Том компанид зарах сонирхолтой ч гарцаа олдоггүй юм уу. Түүнийг зуучилж өгөх юм. Маш сайн программист мөртлөө маш сайн бизнесмен биш юм. Эко системд оруулаад өгвөл асуудалгүй болно.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (2)
Зочин [66.181.189.187] 2020/03/06
Эдийн засгыг хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог юм тиймээс банк чина-г оруулж ирэх нь зөв
Зочин [103.212.117.150] 2020/02/10
эрдэмтэдийн бүтээлийг эдийн засгын үндсэн хөрөнгө оруулагч болгох