Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

АН ХЭЛМЭГДЭГСЭДИЙН ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Монгол оронд Улс төрийн нэг нам, нэг үзэл баримтлал дэмжээгүй бусдыгаа ад үзэж хэлмэгдүүлж эхэлсэн 1937 оны есдүгээр сарын 10-ныг төлөөлүүлэн энэ өдрийг Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон зарласан.
     Үүний дагуу УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл, УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ардчилсан ахмадын холбоо, МоАХ-ын анхдагчид улс төрийн хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөх ажиллагаанд оролцлоо.
    Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос гаргасан мэдээгээр, 1922-1990 он хүртэлх хугацаанд 37 мянга гаруй хүн хэлмэгдсэнээс 30 мянга нь хилс хэрэгт гүтгэгдсэн болохыг нь тогтоон цагаатгажээ. Түүхийн энэ хар үеэр Монголын насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 10.9,  Монголын нийт ард түмний таван хувь нь хэлмэгдүүлэлтэд өртжээ.
I үе шат, 1922-1939
Эхний үе шат Монголын хувьсгалыг Зөвлөлтийн загварт оруулахын тулд Монголын улс төрийн лидерүүдийг хэлмэгдүүлэлтэнд өртүүлжээ. Бодоо, Данзан, Дамбажав нарыг дараалан улс төрийн тавцангаас зайлуулж Коминтерны заавраар тайж угсаа, үндэстний хөрөнгөтөн, сэхээтэн лам нарын хөрөнгийг нийгэмчилж (10 сая төгрөгний үл хөдлөх хөрөнгө) 1928-1932онд монголын эдийн засгийн гол баялаг мал 6 саяаар хорогдов. Ж. Лхүмбэ, П. Гэндэн, Г. Дэмид, Д. Лувсаншарав нарын удирдсан японыг түшиглэсэн хувьсгалын эсэргүү хуйвалдааны байгууллагын гэсэн хэд хэдэн хэргийг зохион байгуулж үүний үр дүнд 26000 хүнийг хэлмэгдүүлснээс 25000 хүнийг нь 1937-1939 онд шийтгэсэн байна. Энэ үйл ажиллагааг гардан хийсэн Онцгой бүрэн эрхт комисс (ОБЭК) 1937 оны 9сарын 10нд байгуулагдан 1939 оны 4 сарын 22 хүртэл ажиллахдаа 51 удаа хуралдаж 25824 хүний хэргийг шүүж 20474 хүнд буудан алах ял өгч, 5103 хүнд 10 жил хорих ял, 240хүнд 10 аас доош жилээр хорих ял оногдуулжээ. Зөвхөн 1937 оны 8 сараас 1938 оны 1 сарын хооронд 10728 хүнийг баривчилсан ба үүний 7814 нь лам, 322 нь хуучин феодал, 300 нь албан хаагч, 180 нь ардын цэргийн дарга, 1555 нь буриад, 408 нь хятадууд байжээ. Үүнээс 7171 хүний хэргийг мөрдөн байцаасан байх бөгөөд 6311 хүнийг цаазалсан байна.
II үе шат, 1940-1955
Порт-Артурын хэрэг
Уг байгууллагыг татан буулгасны дараа Тусгай комиссыг байгуулснаар Улс төрийн хэлмэгдүүлэлтийн хоёрдугаар үе шат эхэлжээ. Энэ комиссын гол үүрэг нь аймшигт цуст яргаллыг гардан хийсэн хүмүүсийн эсрэг чиглэсэн нь хэргийн гэрчийг устгаж түүхэн үнэнээс зайлсхийх гэсэн оролдлого байлаа. Энэ байгууллага 1939 онд 78 хүнийг, 1940 онд 42 хүнийг, 1941 онд 86 хүнийг шийтгэсний ихэнхийнх нь хувь заяа ЗХУ-д шийдэгджээ.
III үе шат, 1956-1990
Улс төрийн хэлмэгдүүлэлтийн 3-р үе шат нь Монголын шинэ үеийн сэхээтнүүдийн эсрэг хандаж тэдний үндэс угсаагаа сэргээх эх оронч үзлийг нь мохооход чиглэв. 1962онд Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэлээ, үндсэрхэг үзэл гаргалаа, Марксизм-Ленинизмын жанжин шугамаас ухарлаа хэмээн Д. Төмөр-Очир, Ц. Лоохууз, Б. Сурмаажав, Х. Нямбуу, Л. Цэндтэргүүтэй олон сэхээтнүүдийг үүнд хамруулжээ. Ийнхүү Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт эхний үедээ алан хядах замаар хэрэгжсэн бол дараачийн үедээ аажмаар төрхөө өөрчлөн, нам захиргааны арга хэмжээ авч шийтгэх, хүний нэр төр, нандин чанарыг гутаах, үзэл бодлоор хавчин гадуурхах, нэр хоч өгөх, нутаг заан цөлөх хэлбэртэй болсон юм. Энэ удаа хууль-хяналт, шүүх, прокурорын байгууллагын оролцоотой хэрэгжүүлэх болсон ажээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)