Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

ОХУ-ын ерөнхийлөгчийн ойрын хүрээллээс халдварын тохиолдол илэрсэн тул тусгаарлагдахаар болжээ

6 өдөр
НИЙСЛЭЛ.mn

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний ойрын хүрээллийн хүмүүс дотроос коронавирусийн халдварын тохиолдол илэрсэн тул өөрийгөө тусгаарлахаар болсныг Мягмар гарагт Кремлийн ордноос зарлажээ. Өчигдөр тэрбээр засгийн газрын гишүүд, Нэгдсэн Орос намын удирдлагуудтай видео холбоогоор уулзахдаа халдварын тохиолдолтой Даваа гарагт бүтэн өдрийн турш ойр ажилласан тухайгаа ярьсан байна.

Путин “Надтай ойр ажилладаг хүнээс халдварын тохиолдол илэрсэн. Тэр халдвар авахаасаа гурван өдрийн өмнө вакцины гурав дахь тунд хамрагдаад байсан юм. Миний биед үүссэн эсрэг биетийн хэмжээ нэлээд өндөр байгаа. Бодит амьдрал дээр Спутник вакцин яаж үйлчилдгийг харцгаая” гэж ярьжээ.

Тэрбээр тусгаарлагдах болсон тул энэ долоо хоногийн сүүлээр Тажикистаны нийслэл Душанбе хотод болох Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцох төлөвлөгөөгөө цуцалсан байна.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ерөнхийлөгчийнх нь шинжилгээний хариу сөрөг гарсан, биеийн байдал нь маш сайн байгаа ч болгоомжлох үүднээс тусгаарлах болсныг өчигдөр мэдээлжээ.

“Эмч нар ажлаа хийж байна. Энэ бол стандарт арга хэмжээ. Халдвар авсан хэнтэй ч ойрын хавьтал болсон хүн тодорхой хугацаанд өөрийгөө тусгаарлаж, биеэ ажиглах ёстой” гэж тэр хэлсэн юм.

Сүүлийн үед коронавирусийн Дельта хувилбараар үүссэн цар тахлын давалгаа ОХУ-ыг нэрвэж, өдөрт тогтмол 20,000 гаруй халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж байсан бол саяхнаас 17,000 орчим хүрч буурсан байна.

Баасан гарагийн байдлаар тус улсын хүн амын 32 хувь нь вакцинжуулалтад хамрагдсанаас 27 хувь нь вакцины бүрэн тунд хамрагджээ.

Эх сурвалж: Russia Today, Associated Press

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)