Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Э.Оюунболдын аварга цолыг хурааж, түүнд өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулах зарлиг гарчээ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос 2019 онд Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, барилдах эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасахаар шийдвэрлэсэн. Мөн түүнд өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах, Э.Оюунболдод олгосон Монгол Улсын аварга цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтсон.

Энэ шийдвэрийг хүчингүй болгуулахаар Э.Оюунболд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан.

Гэвч тус шүүхүүдээс "Барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах” гэснийг “1 жилийн хугацаагаар хасах” болгон өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсэн юм.
Харин Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 08 дугаар тогтоолын 2 дахь заалт буюу Э.Оюунболдын барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн билээ.


Улсын дээд шүүхээс гаргасан энэхүү шийдвэрийн дагуу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Э.Оюунболдод олгосон Улсын аварга цолыг хүчингүйд тооцох зарлиг гаргажээ.

Ингэснээр Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны үзүүр түрүүнд Э.Оюунболдод өвдөг шороодсон Увс аймгийн Ховд сумын харьяат Улсын аварга Н.Батсуурь даян аварга цол хүртэж байна.

Мөн Э.Оюунболдод наймын даваанд унасан Улсын арслан Содномдорж “Үлэмж бадрах” чимэг, 7-ийн даваанд унасан Д.Анар “Улсын заан”, 6-ын даваанд унасан Б.Цэдэнсодном “Улсын харцага”, 5 даваанд унасан Н.Мустафа “Улсын начин” цолыг тус тус хүртэх юм.

Ташрамд мэдээлэхэд Э.Оюунболд нь сэргээшийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн нь БНСУ-ын Шинжлэх ухаан технологийн институтын допингийн хяналтын лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тогтоогдсон.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)