Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

TEDx Talk: Олон гадаад хэл эзэмших НУУЦ

Даяаршиж буй энэ нийгэмд хэлний мэдлэг чадвар хэн бүхэнд байх шаардлагатай болжээ. Цаашлаад нэг биш нэлээн хэдэн хэлээр ойлголцож, харилцаанд орж чаддаг хүнд олон боломж бололцоо гарч ирэх нь мэдээжийн хэрэг. Ингээд TEDx-ийн шилдэг илтгэгчдийн нэг, полиглот Lýdia Machová гадаад хэл сурах арга барилаасаа хуваалцсаныг орчуулан хүргэж байна.

Толь бичигт хэд хэдэн хэл эзэмшсэн хүнийг полиглот /polyglot/ хэмээн тодорхойлсон байдаг.

Lýdia аливаа хэлийг ойролцоогоор хоёр жилийн дотор сурдаг нэгэн. Одоогийн байдлаар тэр нийт есөн хэл сурснаас долоог нь бүрэн эзэмшжээ. Ингэхдээ тэрээр хэлний ямар нэгэн сургалтад сууж байгаагүй гэнэ. Тэрээр:

- Таны хэл сурах нууц юу вэ? Энэ хэлийг яаж сурсан бэ гэх асуултууд надад олон ирдэг. Үүний хариулт нь “Би хэл сурах маш их сонирхолтой!”. Мэдээж энэ хариулт бол надаас дээрх асуултыг асуусан хүмүүсийн хүсэн хүлээж байсан хариулт нь биш байв. Тиймээс би полиглот хүмүүсээс хэл сурсан арга барилынх нь тухай асуусан юм.

Benny, Ирланд улс: Тэр аялах бүрдээ тухайн улсын хэл дээр бичигдсэн аяллын хэлц үгийн толь бичгийг худалдан авч, үг хэллэгийг нь бага багаар цээжлэн харилцан яриандаа тогтмол ашигладаг. Хамгийн гол нь өдөрт хэдэн зуун алдаа гаргасан ч үүнээсээ санаа зовдоггүй. Гэхдээ яг одоогийн нөхцөл байдалд бид аялах боломжгүй байгаа хэдий ч цөөнгүй вебсайт болон апликейшний тусламжтайгаар сурах гэж буй хэлийг чинь гаргууд эзэмшсэн нэгэнтэй ярилцах бүрэн боломжтой билээ.

Lucas, Бразил улс: Тэрээр орос хэлийг маш сонирхолтой аргаар сурсан нэгэн. Өөрөөр хэлбэл, “Skype” хаягтаа орос хэлээр ярьдаг хэдэн зуун хүнийг найзаар урьсан гэнэ. Ингээд тэдний нэгтэй нь чат нээж оросоор “Сайн уу?” гэж бичнэ. Нөгөө хүн нь “Сайн, сайн байна уу?” гэж хариулахад нь Lucas энэ хариултыг нь хуулж аваад өөр нэгэн орос найз руугаа илгээдэг. Тэрээр энэ маягаар орос хэл сурч байгаа гэнэ.

Энэ мэт хэдэн зуун хүнээс асуухад төдий чинээ олон хариулт, арга барил гарч ирсэн. Хэдийгээр тэд бүгд хэл сурах өөр өөрийн гэсэн зорилго болон арга барилтай ч эцсийн дүнд бүгд л тухайн хэлээ эзэмшсэн гэдэг ижил үр дүнтэй үлдсэн байлаа. Ийнхүү тэдэнтэй ярилцсанаар гурван үндсэн дүгнэлтэд хүрсэн юм. Хэрэв чи гадаад хэлээр чөлөөтэй ярихыг хүсэж байвал дараах гурван зарчмыг заавал хэрэгжүүлэх шаардлагатай.

НЭГДҮГЭЭРТ: ӨӨРИЙН АРГА БАРИЛЫГ ОЛОХ

Хэрвээ чи үгсийг хичээлийнхээ нэг удаагийн шалгалтад зориулан цээжилбэл тэдгээр үгс ой санамжид чинь түр хугацаагаар хадгалагдаж, хэдэн өдрийн дараа гэхэд л мартагдана. Харин тэдгээрийг удаан хугацааны ой тогтоолтдоо хадгалахыг хүсэж байвал хэдэн хоногийн давтамжтайгаар ашиглан, давтлага хийх хэрэгтэй. “Anki”, “Memrise” зэрэг апликэйшнүүд энэ тал дээр шилдэг нь гэж хэлж болох юм.

Чи аливааг бичиж цээжилдэг нэгэн бол полиглотуудын дунд алдартай “Goldlist” хэмээх аргыг туршаад үзээрэй.

ХОЁРДУГААРТ: СУРАЛЦАХ СИСТЕМ ЗОХИОХ

Бид бүгд л завгүй ажиллаж хичээллэдэг. Бодоод үзвэл яг өнөөдөр хэнд ч хэл сурах сул зав байдаггүй. Гэхдээ бид бүхнийг эртнээс төлөвлөж чадвал хэл сурах зав гарах боломжтой юм шүү. Чи өглөө босдог цагаасаа 15 минутын өмнө сэрж чадах уу? Өглөөний 15 минут бол шинэ үг цээжлэхэд төгс хугацаа. Ажил, хичээлдээ явахдаа подкаст сонсох боломж бий юу? Энэ бол сонсголын чадвараа сайжруулах шилдэг арга. Өөрөөр хэлбэл суралцах системээ бий болгож чадвал нэмэлт зав чөлөө хайх шаардлага ч гарахгүй. Гэхдээ эцсийн үр дүнд нь чи хэлний ур чадвараа сайжруулах дадлыг өдөр тутмын амьдралынхаа нэг хэсэг болгосон байх болно.

ГУРАВДУГААРТ: ТЭВЧЭЭРТЭЙ БАЙХ

Эцэст нь гэж хэлэхэд чи аливаа хэлийг бүрэн эзэмшихийг хүсэж байвал дээд зэргийн тэвчээртэй байх хэрэгтэй. Хоёрхон сарын дотор ямар нэгэн хэлийг төгс эзэмшинэ гэдэг боломжгүй хэрэг. Оронд нь өдөр бүр бага багаар суралцсаар байвал ахиц дэвшлийг төдий чинээгээр мэдэрсээр л байх болно. Тиймээс гадаад хэл сурах гэж оролдоод шантарсан бол дахин оролдоод үзээрэй. Магадгүй чи ч гэсэн цоо шинэ, сонирхолтой аргыг бий болгож болох юм.

Эх сурвалж: TEDx IELTS


 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)