Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

ДАН ДЭЭЛТЭЙ ГАРААД ДААРЧ ЯВАА ЗАСГИЙН ГАЗАР

Дан дээлтэй гарсан юмсан

Даараа боловуу яагаа бол

Даанчиг намайгаа зовоосон юмсан

Жаргаа боловуу яагаа бол ...

... гэж Монголчууд тэртээ нэгэн зууны өмнө дуулж Монгол ардын богинын дуу болон бидэнд үлдсэн байдаг. Үүнээс ч улбаатайгаар бид давхар албан тушаал хашихыг “давхар дээл” өмсөнө хэмээн нэрийдсэн байж мэдэх.


2016-2020 оны Улсын Их хурлын нэгэн анги Монголчуудын олон жил яригдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж тухайн цаг үедээ шинэ дэвшил, шинэ цаг үе, шинэ эргэлтийн бодлого хэрэгжиж эхэлж байгаа аятай л томоохон үйл явдал болсон нь саяхан санагдаж байна. УИХ-ын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар баталж 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр морин цагт бүх нийтээр дагаж мөрдөж эхэлсэн Шинэ Үндсэн хуулиар бид төрийн эрх мэдлийн хуваарилалтыг зөв гольдролд нь оруулах гол концефцыг баримталсан.
Шүүх эрх мэдэл нь улс төрөөсөө хараат бус, бие даасан байх нөхцлийг бүрдүүлж, төрийн тэргүүнээ нэг л удаа 6 жилээр сонгодог болсноос гадна хамгийн том нэг өөрчлөлт нь Засгийн газрын тэргүүн буюу Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлсэн явдал юм. Ерөнхий сайд хэнээс ч хараат бусаар кабинетээ бүрдүүлж, дуртай сайдаа хэний ч кнопыг гуйлгүйгээр томилдог дархан эрхтэй Ерөнхий сайдтай болсон. Өөрөөр хэлбэл гүйцэтгэх эрх мэдлийг хараат бус, бие даасан, улс төрийн нөлөөлөл багатай болгох гэж хичээсэн өөрчлөлт нь “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгч болж орхив. Яагаад? Ерөнхий сайдынхаа бүрэн эрхийг нэмсэн ч түүний гар хөлийг нь боож орхисонтой холбоотой. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 39.1-т тодорхой заагдсан “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэсэн заалттай шууд холбоотой. Өөрөөр хэлбэл Засгийн газрын кабинетын ердөө 20 орчим хувийг “давхар дээлтэй” байхаар зөвшөөрсөн нь нэг талдаа эрх мэдлийн зөв зүйтэй хуваарилалтыг бий болгох үндсэн зорилт хэдий ч уг заалтын сүүдэр дор “хүчгүй”, “эрх мэдэлгүй”, “засаглан захирах” чадваргүй бүтэц үлдсэн 80%-ийг эзэлж байна.
Та бүгд анзаараарай. Одоогоос ердөө 3,4-хөн жилийн өмнө бидний амьдрал өөрөө л хичээвэл боломж бага гэлтгүй байдаг, юу ч хийе гэхэд хүнд суртал, хүндрэл чирэгдэлтэй ч гэсэн “сажилсаар” нэг юм болдог л цаг үе байлаа. Гэвч өнөөдөр нийгмийн салбар бүрээ эргээд нэг харъя. Нүүрс тээвэр нь нам зогсоод жолооч нар нь төв талбайд “шалаанз”-тайгаа орж ирлээ, урд хойд хил нь хаагдаад гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдлаа, бензин түлш нь олдохоо байгаад хонон өнжин дугаарлаж үзлээ, гэртээ байгаа бүлтгэр хүүхдүүдээ дааруулахгүйн тулд бензиний оочероос шахмал түлшний оочерт шилжин оочерлож үзлээ. Үгүй нээрээ, арай ч ийм байгаагүй юм даа гэж хөгшчүүд битгий хэл залуучууд хүртэл шагширч байна. Нийгмийн доройтол 10 жилээр тоологдож явдаг бол яг өнөөдөр Монголд сар, өдрөөр хэмжигдэн доройтол үргэлжилсээр байна.
Эрүүл мэндийн салбартай бүр ярих зүйлгүй болсон. Цар тахлаа бид “сулдаа ганхан жороолуулаад” алдчихсан. Өнөөдрийн Монголын нийгэмд болж бүтэж байгаа, хөгжин дэвшихээ байг гэхэд тасалдалгүй, хэвийн үргэлжилж байгаа салбар үнэндээ үлдсэнгүй. Үүний гол буруутан бол “эрх мэдэлгүй”, “хүчгүй” Засгийн газрын гишүүд. Засгийн газар гэдэг үгээ эхлээд бид бодъё. Зас язгууртай засаглах гэсэн утгатай үг. Засаглахад, алдаа завхарлыг засахад зөв зүйтэй гаргалгаанаас гадна Монголчуудын ярьж заншсанаар “ЗАНГАРАГ” маш их хэрэгтэй. Зангараггүй, шийдвэр гаргаж чаддаггүй, гаргасан шийдвэртээ тууштай биш, эргэж буцсан ажил бүр бидний нийгмийн салбар бүрийг “холион бантан” болгож байгаагийн гор нь өнөөдөр гарч байна. Ямар сайндаа Ерөнхий сайд нь айлын хүүхдэд зодуулсан эрх дүүгээ өмөөрч байгаа аятай салбар бүртээ өөрийн биеэр очиж засаж залруулах гэж яваа нь улам бүр дордуулсаар байгааг та анзаараарай. Саяхан л Замын-Үүд боомтод очоод бөөн сүр дуулиан болж нэг брезентээр бүрсэн ариутгалын хаалгыг улс даяараа харааж зүхэв. Уул шугамандаа тэр хаалгыг Ерөнхий сайд очиж янзалдаг биш, хилийн мэргэжлийн хяналтын даргаасаа эхлээд салбарын сайд хүртэлх босоо тогтолцооны Төрийн албан хаагчид өөрсдөө шийдээд засч, залруулаад явах учиртай юм. Гэвч ямар ч “ЗАНГАРАГГҮЙ” сайдтайгийн балгаар Ерөнхий сайд нь очиж хойдохыг нь уншиж байх жишээтэй.
Тэгвэл бид одоо яах вэ? Ухрах уу? Хол замд буруу замаар салсан бол зам холдоогүй дээрээ ухрах нь зөв биш гэж үү? Энэ бол ухралт биш. Харин ч зөв урагшлалт. Буруу замаар салсан бол урагшилж байгаа алхам бүр ухралт болдог. Харин буруугаа мэдэж ухарсан алхам бүр урагшлалт болдог. Үүний адилаар Засгийн сайд нараа “зангарагтай” болгоё. Өнөөдрийн Засгийн газрын нүүрийг тахлаж байгаа сайд нараа эргээд нэг хараарай. “Давхар дээлтэй” Л.Энх-Амгалан, Б.Жавхлан, Х.Нямбаатар, С.Амарсайхан нар л хараалгаж зүхсэн ч арай ч салбараа ёроолд унагачилгүй дөнгүүр авч яваа нь туйлын үнэн. Тиймээс бид хүссэн ч хүсээгүй ч “давхар дээл”-ийнхээ тоог нэмж зузаалахгүй л бол энэ жил онд орно гэдэг хэцүүхэн л харагдаж байна.
Дан дээлтэй гараад даарч яваа Засгийн газартаа ядаж 100 хувь биш юмаа гэхэд ядаж 40-50%-д нь “давхар дээлээ” зөвшөөрөхгүй бол ирэх хавар гэхэд хөлдөөд үхсэн Засгийн газартай золгож мэдэхээр байна. Ухарч байгаа биш урагшилж байгаа алхам гэж бодоод Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө оруулж ирээ, эрхэм Ерөнхий сайдаа. Түүн дээрээ харин тоо битгий заа, хувь заа. Тэгж байж Засгийн газрын чинь засаглан засах үйл хэрэг тэнцвэртэй, хүч тарамдалгүй явж чадна. “Давс мэт гашуун шийдвэр хүссэн хүсээгүй гаргана” гэж хэлдэг тэр үгээ одоо л хий Ерөнхий сайдаа. Дан дээлтэй даарч явснаас ганц нэг дээл давхарлаад нэг үзнэ үү дээ....

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)