Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

“Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл хүлээн авах журам”-ын төсөлтэй танилцна уу!

Улсын Их хурлаас Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр баталж дагах хууль болох Нийслэл хотын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан.
Нийслэл хотын албан татварын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 2022 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн “автомашин угаалгын газар” болон “авто үйлчилгээ үзүүлэгч” иргэн, аж ахуйн нэгжийн үйлчилгээнд нийслэл хотын албан татвар ногдуулахаар мөн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан “Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл хүлээн авах журам”-ыг нийслэлийн Засаг дарга, татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга хамтран батлахаар өөрчлөлт орсон.
Иймд “Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл хүлээн авах журам”-ын төсөлтэй танилцаж холбогдох саналаа илгээнэ үү.

НИЙСЛЭЛ ХОТЫН АЛБАН ТАТВАР СУУТГАГЧИЙГ БҮРТГЭХ,
БҮРТГЭЛЭЭС ХАСАХ, МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ ЖУРАМ


Нэг.  Нийтлэг үндэслэл
1.1. Энэ журмын зорилго нь Нийслэл хотын албан татварын тухай хуульд заасан нийслэл хотын албан татвар суутгагч /цаашид “албан татвар суутгагч” гэнэ/-ийг бүртгэх,  бүртгэлийн мэдээлэлд  нэмэлт, өөрчлөлт оруулах, бүртгэлээс хасах  болон мэдээлэл хүлээн авахтай  холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Нийслэл  хотын албан татвар суутгагчийг бүртгэх,  бүртгэлээс хасах, мэдээлэл хүлээн авахад Татварын ерөнхий газрын дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын хамтарсан тушаалаар батлагдсан “Татвар төлөгчийн бүртгэлийн журам”-ыг баримтална.

Хоёр. Албан татвар суутгагчийг бүртгэх  

2.1. Татварын алба нь Нийслэл хотын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд  заасан албан татвар ногдох бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн этгээдийг нийслэл хотын  албан  татвар суутгагчаар бүртгэнэ. 
2.1.1. Татварын алба энэ журмын 4.1 дэх хэсэгт заасан мэдээллийн дагуу татвар төлөгчид албан татвар суутгагчаар бүртгүүлэх тухай мэдэгдлийг татвар төлөгчийн татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй гар утас болон цахим шуудангийн хаягаар илгээнэ.  
2.1.2. Татвар төлөгч энэ журмын 2.1.1-д заасан мэдэгдлийн дагуу албан татвар суутгагчийн бүртгэлийн мэдээллээ баталгаажуулснаар татварын алба Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ.   
2.2. Албан татвар суутгагч нь Нийслэл хотын албан татварын тухай хуульд заасан албан татвар ногдох бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор  харьяалах болон  үйл  ажиллагаа эрхэлж буй  татварын албанд хүсэлтээ цаасан эсхүл цахим хэлбэрээр ирүүлж  албан татвар суутгагчаар бүртгүүлнэ.  
2.3. Татварын алба чиг үүргээ хэрэгжүүлэх явцад  албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэхгүйгээр нийслэл хотын албан татвар ногдох бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн этгээдийг илрүүлсэн тохиолдолд энэ журмын 2.2-т заасныг баримтлан бүртгэнэ. 
2.4. Зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь энэ журмын 4.1-д заасан зөвшөөрөл, гэрчилгээний хугацааг сунгахдаа нийслэл хотын албан татварын тайлан, тухайн татварын төрлөөр цахим төлбөрийн баримт олголтын талаарх татварын албаны тодорхойлолтыг үндэслэнэ.

Гурав. Албан татвар суутгагчийн бүртгэлээс хасах

3.1. Татварын алба албан татвар суутгагчийг дараах тохиолдолд тухайн төрлийн татварын бүртгэлээс хасна:
3.1.1. Татвар төлөгчийн бүртгэлийн журмын 4.1-д заасан үндэслэлээр;
3.1.2. хуульд заасан бараа боруулах, үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон;
3.1.3. эрх бүхий этгээд бараа борлуулах, үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон;
3.1.4. үйл ажиллагаа нь зогссон;
3.1.5. хуульд заасан бусад үндэслэлээр.
3.2. Албан татвар суутгагч нь албан татвар суутгагчийн бүртгэлээс хасуулах тухай хүсэлтээ харьяалагдах татварын албанд цахим эсхүл цаасан хэлбэрээр гаргана.
3.3. Албан татвар суутгагчийн хүсэлт, холбогдох нотлох баримтыг үндэслэн “Татвар төлөгчийн бүртгэлийн журам”-ын 2.12.10-т заасны дагуу албан татвар суутгагчийг төрлийн бүртгэлээс хасаж, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд холбогдох өөрчлөлтийг бүртгэнэ.


Дөрөв. Мэдээлэл хүлээн авах

4.1. Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.27-д заасны дагуу Нийслэлийн Мэдээллийн технологийн газар (цаашид “НМТГ” гэх) нь татвар ногдох бараа бүтээгдэхүүн борлуулах, үйлчилгээ үзүүлэх хувь хүн, хуулийн этгээдэд зөвшөөрөл, гэрчилгээ шинээр олгосон,  хугацааг сунгасан болон холбогдох бусад мэдээллийг Үндэсний дата төвийн “ХУР” системээр дамжуулан  Татварын ерөнхий газарт  хүргүүлнэ.
4.2. НМТГ нь энэ журмын 4.1-д заасан Үндэсний дата төвийн “ХУР” системд байршуулсан мэдээллийн үнэн зөв байдалд хяналт тавьж, мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт орсон тохиолдолд тухай бүр өөрчлөлтийг бүртгэнэ. 
4.3. Татварын алба “ХУР” системд байршсан мэдээлэлд орсон нэмэлт, өөрчлөлтийг татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд түүхчилсэн байдлаар хадгална. 
4.4. “ХУР” системд бүртгэлгүй Нийслэл хотын албан татвар ногдох бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн татварын албанд бүртгэлтэй албан татвар суутгагчийн мэдээллийг Нийслэлийн засаг даргын тамгын газарт албан бичгээр эсхүл цахим шуудангаар хүргүүлнэ. 
4.5. Нийслэлийн засаг даргын тамгын газар нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжийн дагуу энэ журмын  4.4-т заасан албан татвар суутгагчид ямар арга хэмжээ авч ажилласан талаарх мэдээллийг татварын албанд албан бичгээр эсхүл цахим шуудангаар ирүүлнэ. 

 

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)