Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Хороог хувааж, шинээр байгуулан, Засаг дарга нарыг нэмэх бус өрхийн эмнэлэг, сургууль цэцэрлэгээ барья

Нийслэлийн засаг захиргаа ирэх онд 171 хороог 201 болгохоор төсөвтөө тусгажээ. Уг үйл ажиллагаанд нийт 13 тэрбум төгрөг төсөвлөсөн.

Хорооны тоог нэмснээр төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулно гэж үзэж буй. Харин иргэд өрхийн эмнэлгийн ачааллыг бууруулж, үйлчилгээг сайжруулаасай гэж хүсэж байна.

Зорилт /бодлогын үндэслэл/ Төсөл, арга хэмжээ Үр дүнгийн шалгуур үзүүлэлт  2022 онд шаардлагатай хөрөнгө Хэрэгжүүлэх байгууллага
      Суурь түвшин Зорилтот түвшин Хөрөнгийн хэмжээ /сая төгрөг/ Эх үүсвэр Үндсэн Хамтрагч
4.2.17 НЗДҮАХ-4.2.3 Засаг захиргааны анхан шатны нэгж 30 хүртэлх хороог хуваана 171 хороо 30 хүртэлх хороо хуваагдсан байна 13,000.00 Нийслэлийн төсөв НЗДТГ-ын ТЗУХ  

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн өнгөрсөн долоо хоногт өгсөн мэдээлэлдээ“Нэг хороо 10 мянган хүн амтай байхад иргэд хорооны үйлчилгээг авах боломжтой байдаг. Гэтэл түүнээс дээш гарч, 24-25 мянга болоход ахмадууд,  ээжүүдэд хүрэх үйлчилгээ нь холдоно” гэсэн юм.

Түүнчлэн хорооны цагдаа, нийгмийн, халамжийн ажилтнуудын хүрэлцээ тааруу байгаа талаар хэлэв. Тэрээр “Хэдийгээр захиргааны зардал нэмэгдээд байгаа мэт харагдах ч үйлчилгээгүй болсноос үүдэж олон хүнд асуудал үүсдэг” гэж ярьсан юм.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар:
“Улаанбаатараас төрийн үйлчилгээ авч чаддаггүй хэчнээн зуун мянган иргэн байна. Бид бусдыгаа бодох ёстой” гэв.

Уг нь төрийг данхайлгаж, хорооны засан тоог даргыг нэмэх бус, ачаалал нь нэмэгдсэн ажилтныхаа тоог нэмэх, цагдаа, өрхийн эмнэлгээ салбарлуулснаар бүхэл бүтэн цогцолбор хорооны урсгал зардлыг хэмнэх боломжтой.

НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр

Нийслэлийн Хөдөлмөрийн үндэсний намын гишүүн, НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр:
“Хороог хувааснаар төр данхайна. Хороог нэмснээр түүнийг дагасан үндсэн 15, гэрээт 15 ажилтан, нийтдээ 30 хүний орон тоо төр талдаа бий болж байна. Дан эрх баригч намын хүмүүс орж ирнэ.

Бид гудамжаар яваад 250 гаруй иргэнээс “Хороогоороо сүүлийн нэг жилийн хугацаанд орсон уу?” гэж асуухад хороогоороо биш өрхийн эмнэлгээрээ орсон гэж хариулж байсан. Огт ороогүй иргэн олон, ганц орсон нь цэрэг татлага, гэрлэлт, хүүхдийн гэрчилгээ, иргэний үнэмлэх солиулах гэх мэт ихэнх нь E-Mongolia болон нэг цэгийн үйлчилгээний төв, дүүрэг дээр хийлгэж болох ажлууд байсан.  Энэ бол төрийг данхайлгаж, төсвийг нэмэгдүүлж байгаа маш буруу бодлого. Хороог хувааснаар цалин авч суудаг хорооны дарга нар л нэмэгдэнэ” гэсэн юм.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ардчилсан намын бүлгийн дарга Д.Пүрэвдаваагаас энэ талаар асуухад “Бид нийслэлийн төсөв батлах хуралдаанд энэ асуудлыг дэмжээгүй, татгалзсан санал өгсөн” гэв.

ЦАХИМ ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ БОЛОХ ЮМ БОЛ ХОРОО НЭМЭХ ЯМАР ХЭРЭГТЭЙ ВЭ?

Ирэх онд Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулж, цахим үндэстэн болж, төрийн үйлчилгээг цахимжуулж зардлаа багасгана гэв. Гэтэл цахим үйлчилгээ иргэдэд хүрэхгүй байгаа учраас хороог нэмэх шаардлагатай гэж 13 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт баталлаа.

Цахим үндэстэн болох талаар дээгүүрээ ярьж, шинэ яам хүртэл байгуулах гэж зорьж байгаа атлаа анхан болон дунд шатандаа гаргаж буй эдгээр шийдвэрүүд логикийн зөрчилтэй нь илт. Төрийн ихэнх үйлчилгээг E-Mongolia аппликейшн, цахим уудсаар захиалан гэртээ хүргүүлэх, нийслэлийн үйлчилгээний төвүүдээс ч авах боломжтой болсон шүү дээ.

Ингээд Нийслэлийн хамгийн их хүн амтай БЗД-ийн дүүргийн 26 дугаар хорооны иргэдийн Фэйсбүүк бүлгэмд санал асуулга явуулахад хороо хуваахыг бус өрхийн эмнэлэг нэмж байгуулж өгөхийг оролцогсдын ихэнх нь үзэж байв.

Бид иргэдээс “Хороо гэхээр таны толгойд ямар үйлчилгээ буудаг вэ?” гэж асуухад “Хорооны тодорхойлолт авах, харьяаллаа солиулахад...” гэсэн хариулт ихэвчлэн өгч байв. Хороогоор хэр их үйлчлүүлдэг вэ гэж асуухад ихэнх нь “Ордоггүй, ойрын хэдэн жил ороогүй” гэж хариулж байлаа.

Нийслэлийн хамгийн олон хүн амтай БЗД-ийн -р хороонд явуулсан санал асуулга

ЦАГДАА, ӨРХИЙН ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХОРООНООС ХАМААРДАГГҮЙ

Цагдаа, өрхийн эмнэлгийн үйлчилгээ төрийн босоо бүтэцтэй,  хорооноос шууд хамааралгүй. Иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг өрхийн эмнэлэг Нийслэлийн эрүүл мэндийн газраас, сургууль, цэцэрлэг Нийслэлийн боловсролын газраас, цагдаа нь цагдаагийн байгууллагаас хамааралтай.

Монголд дарга нар ихэдсэн үү гэхээс багадаагүй. Тиймээс дахин хороо байгуулан, засаг дарга нарын тоог нэмж, төрийн урсгал зардлыг зориуд нэмэх бус цагдаа, өрхийн эмнэлгүүдээ л нэмэх иргэдэд илүү үр өгөөжтэй.

Мөн гэр бүлийн хүчирхийллийг бууруулах чиглэлд ажилладаг хорооны нийгмийн ажилтны ачаалал өндөр байвал орон тоог нь нэмж, шинээр байгуулах хорооны урсгал зардлыг иргэдийн амьдралд бодитоор тус болох, асуудлыг шийдэхэд л зарцуулах хэрэгтэй байна.

ШИНЭ ХОРОО БАЙГУУЛСАН Ч ХОЁР ХОРОО ДУНДАА НЭГ ӨРХИЙН ЭМНЭЛГЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЖ БАЙНА

Хороо нэмж байгуулснаар эмнэлэгтэй болно гэсэн Сонгинохайрхан дүүргийн жишээг харахад 43 хороотой болгосон ч зарим шинэ хороодын дунд нэг өрхийн эмнэлэг ажиллаж байна. Энэ нь төрийн албан хаагчдын тоог нэмснээс иргэдийн амьдралд бодит өөрчлөлт ороогүй. Тухайлбал, одоог хүртэл 1 ба 34, 2 ба 35, 23 ба 39, 31 ба 43 дугаар хороо дундаа нэг өрхийн эмнэлгээс үйлчилгээ авч байна.

Ирэх оны нийслэлийн төсөвт зөвхөн хорооны байр түрээслэх зардал, цахилгаан, ажилчдын цалин зэрэг урсгал зардал тусгагдсан боловч өрхийн эмнэлгийн зардал тусгагдаагүй. 

Түүнчлэн Баянзүрх дүүрэгт л гэхэд 80 гаруй мянган хүний байрны ордер, гэрчилгээ, иргэний үнэмлэхэд хаягийн өөрчлөлт оруулах ба энэ өөрчлөлтөд  тус дүүрэгт 3,9 тэрбумын зардал гарна.

Иргэд зөвхөн байрны гэрчилгээний хаягийг өөрчлөхийн тулд:

  1. Байр нь зээлтэй байгаа банканд очиж гэрчилгээгээ авна
  2. Улсын бүртгэлд очиж өөрчлүүлээд
  3. Нотариат орж баталгаажуулна
  4. Эргээд банканд очно.

2024 ОНЫ СОНГУУЛЬД БЭЛТГЭЖ, ХОРООГ ХУВААХ БОЛСОН УУ?

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хороо хуваах асуудлыг хэлэлцээгүй хэрнээ төсөвт 13 тэрбум төгрөг суулгасан. Баянзүрх дүүрэг нийт 43 төлөөлөгчтэй. Хороог хувааж, нэмэгдүүлснээр мөн 43 хороотой болно. Энэ тоог тэнцвэржүүлж байгаа нь улс төрийн зорилготой буюу ирэх 2024 оны сонгуульд нэг хорооноос нэг төлөөлөгч сонгогдох бэлтгэлийг одоо хийж байна гэж сөрөг хүчин хардаж байна. 

Жишээ нь, Гачууртад буюу БЗД-ийн 20-р хороонд МАН-аас иргэдийн төлөөлөгчдийн хурлаас байнга сонгогддог. Хүн ам харьцангуй цөөн, ачаалал өндөр биш буюу 7375 иргэн  /2020 оны Хүн амын статистик мэдээллээр/ оршин суудаг уг хорооны хүн амын тооноос үл хамааран хоёр хуваах нь улс төрийн зорилготой гэж дүүргийн сөрөг хүчний ИТХ-ын төлөөлөгч хэлсэн юм. 

"Энэ бол эрх баригч намын сонгогчдыг жижиглэж батлах, намынхаа хороо болгож нэмэгдүүлэх арга. Намын харьяалалтай, төрөөс угжуулдаг арми бий болно. Тэгсэн хэрнээ төсвийн орлого нэмэгдэхгүй байна" гэв.

ХОРООНЫ ХҮН АМЫГ 10-15 МЯНГАД БАРИНА ГЭСЭН АТЛАА ЦӨӨН ХҮН АМТАЙ ХОРООГ Ч ХУВААНА

Нийт 34 хороог хувааж, 30 хороо шинээр байгуулснаар нийслэл хот 201 хороотой, жил бүр 17.4 тэрбум төгрөгийн урсгал зардал нэмэгдэнэ. 

  • Баянгол дүүргийн 25 хорооноос 12 хороог хувааж, шинээр 10 хороо байгуулан, нийт 35 хороотой болгох
  • Баянзүрх дүүрэгт 15 хороо нэмж нийт 43 хороотой болгох
  • Чингэлтэй дүүргийн 19 хорооноос таван хороог хувааж, шинээр мөн таван хороо байгуулж, 24 хороотой болох саналтай байв.

Үүнээс

  • Баянзүрх дүүрэгт хамгийн өндөр буюу нийт 8,7 тэрбум
  • Баянгол 5,8 тэрбум төгрөг
  • Чингэлтэй 2,9 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Баянзүрх дүүргийн тухайд 1, 2, 3, 4, 5, 7, 8, 9, 10, 12, 14, 16, 17, 18, 20, 21, 22, 23, 25, 26, 27, 28 хороог хуваах, шинээр 15 хороо байгуулж, нийт 43 хороотой болохоор дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталжээ.

Хороодын хүн амыг 15 мянгад барина гэсэн ч 15 мянгаас доош буюу 6000-7000 хүн амтай хороог ч хуваахаар төлөвлөжээ. Дараах хүснэгтэд Баянзүрх дүүргийн хуваахаар төлөвлөсөн хороодын /цэнхэр өнгөөр тэмдэглэв/ хүн амын тоог харуулав. Ягаан өнгөөр 15 мянгаас доош хүн амтай буюу хуваах нэн шаардлагагүй хороодын төлөвлөгөөг тэмдэглэлээ.

Хороо Байршил Нийт өрхийн тоо Хүн амын тоо Хуваахаар төлөвлөж буй 15 мянгаас доош хүн амтай хороод
1 Сансар, 12-р хороолол, 21-р байрны хойно, өөрийн байр 2786 9511  
2 Дарь эхийн 10-р гудамж, их дарь эх 5-р хэсэг, өөрийн байр 4001 12782  
3 Сансар, 12-р хороолол, Хөх тэнгэрийн гудамж, өөрийн байр 1728 6660  
4 15-р хороолол, 4-р байр
1-р орц 3 тоот
4878 18301  
5 69-р сургуулийн зүүн хойно, Өлгийн гудамж,  6517 22817  
6 13-р хороолол, 21-р сургуу-
лийн хойно, өөрийн байр
2701 10553  
7 15-р хороолол, Баянцээл худалдааны төвийн зүүн  1758 6413  
8 Улаанхуаран, цагдаагийн академийн 48-3-27 тоот 5609 19611  
9 Шархад, эцсийн буудал, шар-хадны 28-р гудамж, өөрийн байр 3971 13822  
10 Амгалан, ТЗ-ын өртөөний баруун хойд талд, өөрийн байр 1872 7536  
11 Хонхор, 18 айлын орон сууцны хойно, өөрийн байр 2992 8622  
12 Амгалан, Жанжин клубын байр 3984 14728  
13 Ватиканы сүмийн зүүн талд, өөрийн байр 3109 11294  
14 ХӨСҮТ-ийн зүүн талд,
өөрийн байр
5843 19146  
15 13-р хороолол, 1-р байрны урд,
өөрийн байр
1749 7215  
16 16-р хороолол, 17-р байрны ард талд, өөрийн байр 6284 22099  
17 Да хүрээ захын зүүн тал, эмнэл-
гийн 18-р гудамж, өөрийн байр
2805 9788  
18 13-р хороолол, 129-р цэцэрлэ-
гийн зүүн хойно, өөрийн байр
3079 12702  
19 Шархадны гудамж, 1-р хотхоны байрны дунд 3666 12654  
20 Гачуурт тосгон, 85-р сургуулийн баруун талд 2862 7375  
21 Бага дарь эхийн 2-р гудамж,
өөрийн байр
3240 11777  
22 Алтан-Өлгийн 14-р гудамж, өөрийн байр 4026 13611  
23 Улиастайн шинэ эцэс,
өөрийн байранд
4186 14671  
24 Газарчин дээд сургуулийн урд, Эрдэнэтолгойн 1-р гудамж 2635 9487  
25 13-р хороолол, "Шинэ монгол" сургуулийн хойд  5631 18589  
26 Дүнжингарав хорооллын замын урд талд, өөрийн байр 7303 23841  
27 Сэлбийн 7-р гудамж, "Баваахай" хүнсний дэлгүүрийн 2 давхарт 3744 13000  
28 Хужирбулан, 11-ийн эцсийн буудал өөрийн байр 2832 9074  
Баянзүрх дүүргийн дүн 105791 367679  

Харин та хороо хуваахыг дэмжиж байна уу? Хороо нэмэгдсэнээр таны амьдралд бодитой ямар өөрчлөлт гарах талаар  та бидэнтэй санал сэтгэгдлээ хуваалцана уу.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)