Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Ерөнхий сайд төрийн албан хаагчдыг автобусаар зорчихыг уриаллаа

Нийслэлийн нийтийн тээвэрт сүүлийн 10 жил томоохон парк шинэчлэл хийгээгүй. Иймээс Засгийн газар нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлэх шинэчлэлийн талаар хэлэлцэж, 2024 он гэхэд бүрэн шинэчлэл хийхээр болсон. Үүний эхлэл болгож 91 автобус оруулж ирсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тэргүүтэй холбогдох албаныхан нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд нийлүүлсэн автобуснуудыг газар дээр нь очиж үзэн танилцлаа.

Парк шинэчлэлийн хүрээнд оруулж ирсэн автобуснуудын 61 нь энгийн, 10 нь цахилгаан хөдөлгүүртэй хоёр давхар автобус, 20 нь хүүхдийн сургуулийн автобус юм.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хөрөнгө оруулалт жилд 40 тэрбум орчим төгрөгөөр хязгаарлагдаж байсан. Засгийн газраас Улаанбаатар хотод дэмжлэг үзүүлэх үүднээс энэхүү хөрөнгө оруулалтыг үндсэндээ 10 дахин нэмсэн. Жил бүр 420 тэрбум төгрөгийг Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад зарцуулна. 2024 он хүртэл нийтийн тээврийг хоёр үе шаттайгаар бүрэн шинэчлэх зорилт тавьж байгаа юм. Энэ бодлогын хүрээнд эхний хүүхдийн болон нийтийн тээврийн автобус орж ирээд байна. Есдүгээр сарын 1-ний өмнө дахин шинэ автобуснууд орж ирнэ. Дээр нь сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байгаа бөгөөд сурагчдын автобусыг нэмэгдүүлэхийн сацуу нийтийн тээврийн богино эргэлтийг бий болгоно. Хөдөө орон нутагт шилжин суурьших хөдөлгөөнийг дэмжиж, Улаанбаатар хотын хэт төвлөрөлд анхаарч ажиллахгүй бол улам хүнд түвшинд хүрэхээр байгаа. Эх, үрсийн баярын энэ өдөр хүүхдийн автобуснууд ирсэнд бэлгэшээж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй нийтийн унаатай боллоо. Нийтийн тээвэр бол хамгийн аюулгүй, хамгийн тохилог, хамгийн хурдан унаа байх ёстой” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Нийслэл Улаанбаатар хот бол хүн амын 50-иас илүү хувь нь аж төрдөг, нийгэм, эдийн засгийн гол цогцолбор төв юм. Тийм учраас Улаанбаатар хотод өнгөрсөн 30 жилийн алдаагаа засах, хууль эрх зүйн зохицуулалтаа зөв болгох, эдийн засгийн боломжоо тэлэх, хүний нөөц дээр суурилсан реформ хийх зэрэг ажлуудыг хийж байна. Энэ бүхний үр дүнд Улаанбаатар хотын төсвийн хөрөнгө оруулалт 840 тэрбум орчим төгрөгөөр нэмэгдсэн байх жишээтэй. Энэ нь Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс бодлогын зоригтой шийдэл гаргаж өгсөнтэй холбоотой. Улаанбаатар хотод 2022-2024 онд нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл хийнэ. Нийтдээ 1500 орчим шинэ автобус оруулж ирэх юм. Эхний автобуснууд орж ирээд, нийтийн тээврийн үйлчилгээнд гарахад бэлэн болж байна. Энэ зундаа багтаагаад наймдугаар сарын 25-ны дотор 300 орчим автобус оруулж ирэх юм. Маршрутын зөв төлөвлөлт, дахин инженерчлэл хийнэ. Улаанбаатар хотод замын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, тээврийн хэрэгсэлд хөдөлгөөний мэдрэгчүүдийг байршуулах зэргээр хийх ажил олон бий. Ингэснээр нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн автобус болон хүүхдийн автобус зорчих юм. Нийтийн тээврийн хувьд маршрутын давхцалгүй богинын тээвэр бий болгоно. Энэ бүхнийг хийж хэрэгжүүлэх хөрөнгө санхүүг босгоно. Бидэнд гарц шийдэл байгаа. Цогц шийдлээр алсдаа Улаанбаатар хотын замын түгжрэлийг 50 хүртэл хувиар бууруулна гэсэн юм.

 

Хүүхдийн автобусны хувьд БНХАУ-д үйлдвэрлэсэн, 53 хүний суудалтай, цонхнууд цантахгүй давхар шилтэй. Халаалтын систем, агааржуулагчтай, чанга яригч системээр тоноглогджээ. Харин их багтаамжийн автобусны хувьд 87 хүний багтаамжтай, цонхнууд мөн үл цантах давхар шилтэй. Нийт есөн халаах төхөөрөмжтэй, агааржуулагчтай, камерын системээр тоноглогдсон. Зорчигчдыг галын аюулаас урьдчилан сэргийлэх автомат гал унтраагчаар тоноглогдсон бөгөөд тусгай хэрэгцээт иргэдийг тээвэрлэхэд зориулсан шат, тэргэнцрийн бэхэлгээтэй. Зогсож үйлчлүүлэх зорчигчдод зориулан халтирдаггүй кварцан шалыг хийжээ.

Цахилгаан хөдөлгүүртэй, хоёр давхар автобус нь 70 суудалтай бөгөөд тусгай тэргэнцрийн хэсэгтэй, зорчигчийн сандал хоорондын зайд бариултай, автомат гал унтраагчтай, хяналтын дэлгэцтэй. Мөн хяналтын системээр тоноглогдсон.  

Жолооч нар нийтийн тээвэрт томоохон парк шинэчлэлийн ажлыг эхлүүлж буйд талархаж байгаагаа илэрхийлж байлаа.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)