Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь олон талт байдлыг онцгойлон анхаарч, жендерийн тэгш байдлыг эрхэмлэн, оюутан залуустаа тэгш байдлын тухай ойлголт өгөх төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулдаг билээ. Үүний хүрээнд нийт оюутнуудынхаа дунд “Out of the box – Gender equality” буюу “Жендерийн тэгш байдал миний нүдээр” гэрэл зургийн уралдааныг зохион байгуулж, бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж байсан удаатай. Харин энэ удаа эмэгтэй оюутан цөөн инженерийн боловсролын салбарт суралцаж буй охид мэргэжлийнхээ тухай сэтгэгдлүүдийг хуваалцлаа.
МГТИС-ийн Мехатроник инженерийн 2 дугаар курсийн оюутан У.Мичидгэрэл:
GMIT-н санал болгодог 6 мэргэжлээс хамгийн сонирхолтой санагдсан нь Мехатроник инженер байсан учраас сонгосон. Механик электроник, цахилгаан, программын салбар дундынх учраас бусад мэргэжлийг бодвол илүү шинэлэг, өргөн хүрээг хамардаг санагдсан. Үйлдвэрийн автоматжуулалтын хэрэгцээг дагаад уг мэргэжил мөн адил эрэлттэй байдаг. Гэхдээ үйлдвэрийн автоматжуулалт, засвар гэхээсээ илүү роботик судалгаа талдаа ч ажиллах боломжтой.
Миний хувьд аль ч мэргэжлийн салбар тэнцвэртэй, хүн бүр хүйсээс үл хамааран тэгш боломжтой, инженерийн салбарт ч мөн адил эмэгтэйчүүд ижил оролцоотой байгаасай гэж хүсдэг.
GMIT бол нэр хүндтэй, бас гадаад харилцаа сайтай сургууль учраас сонгон суралцаж байгаа. Үүнээс гадна оюутнуудаа тав тухтай сурах орчин, тэтгэлэг, хөгжих боломжоор сайн хангадаг нь таалагдсан. Би эхлээд сургуулиа сонгочхоод, дараа нь хамгийн их таалагдсан мэргэжлээ сонгосон. Одоохондоо яг ийм замаар ингэж ирээдүйгээ бүтээнэ, мэргэжил ингэж ажиллана гэх мэт нарийн зүйлсийг хараахан төлөвлөөгүй байгаа ч сонгосон зам, мэргэжил минь миний ирээдүйд тус дэм болно гэдэгт итгэлтэй байна.
МГТИС-ийн Эдийн засагч инженерийн 2022 оны төгсөгч Б.Сэндэр:
Анх МГТИС-ийн танилцуулгыг үзэхэд Эдийн засагч инженерийн бакалаврын хөтөлбөрийг хараад их сонирхолтой санагдсан. Тухайн үед энэ мэргэжлээр төгссөн хүн байгаагүй, мөн Монголд танигдаагүй байсан учраас мэргэжлийнхээ талаар практик ойлголтгүй байлаа. Эдийн засагч инженерийн ангийн өмнөх хоёр төгсөлтөөс, төслийн менежмент хичээлийн хүрээний дагуу хийгдсэн “TedХGMIT” арга хэмжээ болон тус мэргэжлийн үндсэн хөтөлбөрүүдтэй харьцуулж байгаад мэргэжлээ сонгохоор шийдсэн. Мөн энгийн эдийн засагчийн мэргэжлээс ялгаатай нь эхний хоёр жилд инженерийн үндсэн хичээлүүдээ үзээд цаашид эдийн засагтай холбоотой хичээлээр гүнзгийрүүлдэг нь манай сургуулийн давуу тал юм.
Инженерийн салбарт эрэгтэйчүүдтэй өрсөлдөх бэрхшээлтэй байдаг ч эмэгтэйчүүд хэрэв өөрсдөө хүсэх л юм бол өрсөлдөхүйц сайн инженер болж чадна гэж боддог. Миний хувьд их сургуулиа төгсөж байгаа учраас мэргэжлээрээ ажиллаж, цаашид гүнзгийрүүлэн суралцах зорилготой байгаа.
МГТИС-ийн Механик инженерийн 4 дүгээр курсийн оюутан У.Ариунцэцэг:
Мэдээж эмэгтэй механик инженер байна гэдэг нь миний хувьд том сорилт, бас адал явдал юм. Гэхдээ механик инженерийг бусад инженерийн мэргэжлүүдийн суурь гэж ярьдаг. Тиймээс би сайн инженер болж чадвал надад олон боломж бий. Бас техник технологийн салбарт хүссэн ажлаа хийж чадна гэж бодож байна. Бүх цаг үед инженерийн мэргэжил нь нэлээд эрэлттэй байсаар ирсэн, тэр дундаа Монголд хэрэгтэй мэргэжил. Ялангуяа механик инженер бол хамгийн сайн хөрвөх чадвартай мэргэжил учир хүссэн салбартаа ажиллаж чадна.
Ирээдүйд өндөр үнэлэмжтэй, чадварлаг, мэдлэгтэй мэргэжилтэн байхын тулд эзэмших мэргэжил, суралцах сургуулиа эртнээс зөв сонгох нь хамгийн чухал. Тиймээс би МГТИС-д суралцсанаар дэлхийн түвшний мэдлэгийг эх орондоо эзэмших боломжтой болсон. Манай сургуулийн давуу тал гэвэл бүх хичээл Германы боловсролын системээр, олон улсын стандартад нийцсэн орчин нөхцөлд, олон улсын чадварлаг профессор, багш нараар заалгаж, англи хэл дээр явагддаг. Дэлхий дахинд өрсөлдөх чадвартай байхын тулд улс оронд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн авьяас, бүтээлч чадвар хоёулаа хэрэгтэй. Гэвч одоогоор аль ч оронд эмэгтэйчүүдийн төлөөлөл шинжлэх ухаан, инженерийн салбарт маш цөөхөн байгаа. Тиймээс би шинжлэх ухаан, инженерийн салбарт эмэгтэйчүүд эрчүүдтэй ижил түвшинд, ижил боломжуудтай байгаасай гэж хүсдэг.
Хамгийн ойрын зорилго бол сургуулиа амжилттай төгсөөд эх орондоо хэрэгтэй чадварлаг мэргэжилтэн болох хүсэл минь. Харин алсдаа мэдлэг боловсролоо дээшлүүлж гаднын хэд хэдэн сургуульд IT, программчлалын чиглэлээр сурах сонирхолтой байна.
МГТИС-ийн Эрчим хүч, цахилгааны инженерийн 3 дугаар курсийн оюутан Б.Анужин:
Эрчим хүч, цахилгааны инженер нь хоёр төрлийн мэргэжлийг нэгтгэж, цахилгааны салбарт холбогдолтой бусад мэдлэгийг давхар эзэмшдэг нь маш их таалагдсан. Бас шинэ нээлт, технологитой зэрэгцэн алхаж, цаг үргэлж шинийг эрэлхийлдэг мэргэжил бөгөөд практик чадвар, онолын мэдлэг аль алин нь чухал учраас сонгосон. Ирээдүйд цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгжээ улам ихсэж, бүх юм 100 хувь цахилгаанаас хамаарч, хүмүүс цахилгаан ашиглахгүйгээр амьдарч чадахгүй болно. Харин МГТИС-ийг сонгосон шалтгаан гэвэл бүх хичээл нь англи хэлээр ордог, дотуур байр нь сургуулийнхаа яг дэргэд, хичээлээ германы инженерийн сургалтын системээр явуулдаг учраас сонгосон юм. Мөн Германы эрдмийн солилцооны албаны (DAAD) болон сургуулийн нэрэмжит тэтгэлэг байдаг.
Одоо үеийн инженер зөвхөн нэг чиглэлийн мэдлэг биш, бусад салбарын талаар ойлголттой, олон төрлийн хүмүүстэй харилцах чадвартай байх зайлшгүй шаардлагатай болсон. Эмэгтэйчүүд хүн хоорондын харилцаа болон жижиг деталь бүрийг анзаарч харахдаа сайн учир инженерийн салбарт эмэгтэйчүүдийн тоо нэмэгдээсэй гэж хүсдэг. Эмэгтэйчүүдийн зан байдал нь эрэгтэйчүүдийн анзаараагүй дутагдлыг нөхөж, инженерийн салбарын ирээдүйд чухал давуу талтай юм.
Зорилго маань сайн инженер болох юм. Үүний тулд би ойрын жилүүдэд хичээлээ сайн хийж, ажлын туршлагатай болоод үргэлжлүүлэн сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр суръя гэж бодож байгаа.
МГТИС-ийн Хүрээлэн буй орчны инженерийн 4-р курсийн оюутан Л.Бодьгэрэл:
Монгол улс төдийгүй дэлхий нийтэд байгаль орчны бохирдол болон түүнтэй холбоотой нөлөө нэмэгдэхүйц ихсэж байгаа. Энэ бүхнийг шийдэж чадах чадварлаг инженер болохын тулд энэ мэргэжлийг сонгохоор шийдсэн.
Анх олон улсад магадлан итгэмжлэгдсэн дипломтой, англи хэлээр германы хөтөлбөрөөр бүх хичээл нь ордог гэдгийг сонсоод орохоор шийдэж байсан. Манай сургуульд тэтгэлэгт хөтөлбөрүүд, тохилог цэвэрхэн дотуур байр анги танхим зэрэг маш олон давуу тал бий. Миний хувьд жил бүр зарлагддаг тэтгэлэгт хөтөлбөрүүд надад хамгийн том боломжийг олгосон. Тэтгэлэг авснаар сургалтын төлбөртөө санаа зовох зүйлгүй дотуур байранд амьдрах үедээ хэрэглээний зардлаа ээж, ааваасаа авалгүй өөрөө зохицуулан амьдрах боломжтой болдог. Гэхдээ тэтгэлгээ хадгалахын тулд өөрийгөө урамшуулан илүү их хичээж суралцдаг. Мөн олон улсын профессорууд мэргэжлийн болон суурь хичээлүүдийг заадаг учраас англи хэлний тал дээр ч, тэр сургалтын тал дээр ч сайн байхаас гадна бидэнд олон улсын соёл, инженерийн мэдлэг ур чадварыг эх орондоо эзэмших боломжийг олгодог. Суралцах хугацаандаа кампуст амьдран найз нөхөдтэйгөө цагийг сайхан өнгөрөөх, олон төрлийн арга хэмжээ, тэмцээн уралдаанд орж болно.
МГТИС-д суралцахад бид нарт жендерийн хувьд нэг их ялгаа гаралгүй, бүгд нэг нэгэндээ үзэл бодлоо илэрхийлж хамтарч ажиллаж чаддаг учраас яг инженерийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцооны талаар нухацтай бодож байсангүй. Анх танилцах дадлага хийж байх хугацаандаа эмэгтэй инженерүүд төдийлөн их байдаггүйг анзаарсан. Эмэгтэй инженерүүд байсан ч шийдвэр гаргах тал дээр оролцоо багатай санагдсан. Тийм ч болохоор эмэгтэй инженерүүдийн мэдлэг, ур чадвар илүү үнэлэгддэг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг байгаасай гэж хүсдэг.
Уул уурхайн боловсруулах инженер 3 дугаар курсийн оюутан М.Бүрэнбилэг:
Анхандаа би бусад хүүхдүүд шиг “инженер болъё” гэж мэргэжилдээ дурлаж, энэ сургуульд ороогүй. Эгч маань надад уул уурхайн боловсруулалтын инженерээр суралцахыг зөвлөснөөр элсэн орсон юм. Нуулгүй хэлэхэд, мэргэжилдээ дурамжхан байсан болохоор “Яана аа, сурч чадна байгаа?” гэж эргэлзэж байлаа. Гэтэл мэргэжлийн хичээлүүдээ үзэж эхэлмэгц сонирхлыг минь шууд татаж, энэ чиглэлээр цааш улам ихийг судлах сонирхолдоо хөтлөгдөн мэргэжлээ сонгосон. Мөн уул уурхайн боловсруулалтын инженер нь бусад инженерийн мэргэжлүүдийн суурь болдог, хөрвөж ажиллах боломжтой нь таалагдсан.
Надад МГТИС-ийг сонгосон гурван шалтгаан бий. Мэдээж, нэгдүгээрт гадаад хэл. Магадгүй хүүхдүүд заавал гадаад явж, гэр бүлийнхнээсээ холдохгүйгээр англи хэл дээр европ стандартын дагуу хичээлээ гадаад, монгол профессоруудаас авах гэж хэлэх байх.
Харин миний хувьд, гэр бүлээсээ хол, гадаадад бие даан амьдарч сурах хүсэлтэй байсан. Гэвч миний англи хэлний түвшин хангалтгүй болохоор, тэтгэлэг авч гадаад явна гэдэг хол сонсогдож байсан юм. Азаар МГТИС-д англи хэл дээр гадаадад олгодог боловсролыг эзэмших боломжтойг олж мэдсэн. Бие даан амьдрахын тулд заавал гадаад явах шаардлагагүйг дотуур байрны амьдралаас ойлгосон. Хоёрдугаарт, оюутны тоо. Нэг танхимд суух оюутны тоо бусад сургуультай харьцуулахад харьцангуй цөөн болохоор багш, профессортойгоо илүү ойр байж, хичээлээ илүү сайн ойлгох боломж бий. Гуравдугаарт, байршил. Хотын түгжрээ, замын бөглөрлөөс хол болохоор сургууль руугаа ирж, буцахдаа түгжрэлд дэмий цаг алдахгүй, стресс багатай амьдрал.
Аливаа төсөл, үйл ажиллагаанд олон талын өнцөг, бодол санаа оролцож байж амжилттай явагддаг байх. Тэгэхээр байгалиас өгөгдсөн эмэгтэй, эрэгтэй хүний ааш, зан чанар нь ялгаатай болохоор, инженерийн энэ том салбарт эдгээр чанаруудын онцлогийг хольж байж цаашид илүү инновацлаг, чанартай байна гэж би итгэдэг. Энэ салбар амжилттай байж, хүмүүсийн амьдрал илүү сайхан болж өөрчлөгдөх тул охидыг “эрэгтэй хүн л инженер болдог” гэдэг хуучинсаг үзлийг үгүй хийж инженерийн мэргэжлээр суралцаасай гэж хүсэж байна.
Төгсөөд сонгон судалсан мэргэжлийнхээ дагуу ажиллаж,чадварлаг инженер болно. Цаашлаад германд магистрт суралцан, инженерийн чиглэлээрээ компанитай болж, олон улсад гарган эзэмшсэн мэргэжлээрээ дамжуулан Монгол орондоо хувь нэмэр оруулахыг маш ихээр хүсдэг. Улсын хөгжлийн нэг том тулгуур нь сайн компаниуд шүү дээ.