Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Ч.Хүрэлбаатар: Гадаад валютын нөөц 2 тэрбум ам.доллараар буурсан

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар ирэх оны төсвийн төсөл зэрэг 14 асуудал хэлэлцсэн юм. Хэлэлцсэн асуудлын шийдвэрийн Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Тэрээр "Эхний хагас жилийн байдлаар эдийн засаг 1.9 хувийн өсөлттэй байна. Инфляц 14.4 хувь байна. Бид ирэх жилийн хагас гэхэд нэг оронтой тоонд хүргэх боломжтой гэж тооцоолж байгаа. Гол нь асуудал нь төгрөгийн ханшийн уналт юм.

Монгол Улсын эдийн засгийн салбарууд ямар байдалтай байгаа гэдгийг бид тооцоолж үзсэн. Урд хөршийн Ковид19 халдварын бодлоготой холбоотойгоор уул уурхайн салбарын орлого уналттай байгаа. Гэхдээ 2023 онд өснө гэж тооцоолж байна. Экспортын тухайд мөн цар тахлын өмнөх үеийнхээс бага байгаа. Харин 2023 онд экспортыг цар тахлын өмнөх хэмжээнд хүргэж гаргах бодлого барьж байгаа. Монгол Улсын гадаад валютын нөөц багасаж байна. Оны эхэнд 4.4 тэрбум ам.доллар байсан валютын нөөц өнөөдрийн байдлаар 2.4 тэрбум ам.доллар болж буурсан. Цаашид экспортын хэмжээг нэмэгдүүлэхгүй бол валютын нөөц буурах эрсдэлтэй байна. Тиймээс Засгийн газраас түр зуурын арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Хоногт 120 мянган тонн нүүрс гаргана гэж тооцоолоход, 1.8 тэрбум ам.доллар төвлөрөх боломжтой байгаа. Гэхдээ урьдчилаад зарсан нүүрсийг гаргах тохиолдол элбэг байна. Тиймээс цаашид экспортоор нүүрс гаргахдаа ам.доллар шууд орж ирэх зохицуулалт хийхээр төлөвлөж байна. Ингэж чадвал валютын нөөцийг нэмэгдүүлэх боломжтой.

Мөнгөний нийлүүлэлт 28 их наяд төгрөг байсан. Одоо 26 их наяд болж буураад байна. Өрхийн бодит орлого буурч байгаа. Тиймээс иргэд хадгаламжаа хэрэглээндээ гаргаад эхэлсэн дүр зураг харагдаж байна. Хадгаламжийн хэмжээ гурван их наяд төгрөгөөр буурсан байна. Энэ нь эдийн засгийн байдал амаргүй байгааг гэрчилж байна. Энэ удаагийн эдийн засгийн хямрал өмнөх бүх үеийн хямралаас удаан хугацаанд үргэлжилж байна. Тиймээс нэн яаралтай эдийн засгийг тогтворжуулах шаардлагатай байгаа учир Засгийн газрын зүгээс эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээ авч ажиллана. Өөрөөр хэлбэл, мөнгөний бодлого, төсвийн бодлого чангарна. 2023 оны төсөв дээр шинэ хөрөнгө оруулалт нэгийг ч тусгаагүй" гэв. 

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)