Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Ж.ЧИНБҮРЭН ЗАМЫН-ҮҮД ДЭХ ГААЛИЙН ГАЗАРТ АЖИЛЛАВ

УИХ-ын гишүүн, Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн болон тус хянан шалгах түр хорооны хянан шалгагч нар 2024 оны 03 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газарт ажиллалаа. Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах ажлын хүрээнд Монгол Улсын хилээр эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хэрхэн нэвтрүүлж байгаа, эм зүйч мэргэжлийн гаалийн байцаагчийн хүрэлцээ, ажлын нөхцөл болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан юм.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЧИНБҮРЭН:

-Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг 2021 онд баталснаас хойш нийгэмд маргаан, шүүмжлэл дагуулсан асуудлуудаар олон нийтийн мэдэх эрхийг хангаж УИХ-аас байгуулагдсан хянан шалгах түр хороод удаа дараагийн нээлттэй сонсголыг амжилттай зохион байгуулсан. Эмийн асуудлаарх хянан шалгах түр хороо 2022 онд байгуулагдаж, “Эмийн үнийн өсөлтөд нөлөөлж буй гадаад дотоод хүчин зүйл”-ийн талаар нээлттэй сонсгол зохион байгуулах бэлтгэлийг ханган ажиллаж байна.  Монголын эрүүл мэндийн салбарын чанарт нөлөө үзүүлж буй гол зүйлийн нэг нь бол эм. Тиймээс хил гаалиар орж ирж буй эм, эмнэлгийн хэрэгслийг хянаж чадаж байгаа эсэх нь чухал учраас хил, гаалийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, хянан шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. 

ЗАМЫН-ҮҮД ДЭХ ГААЛИЙН ГАЗРЫН ДАРГА О.ЦЭЕНРЭГЗЭН:

-Эм, био бэлдмэл хариуцсан гаалийн улсын байцаагч улсын хилээр нэвтрэх эм, эмнэлэгийн хэрэгсэлд холбогдох хяналт шалгалтыг хийж, ажилладаг. Замын-Үүд боомтоор 2017-2022 онд импортолсон эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчлийн судалгаагаар 2017 онд 1, 2018 онд 3, 2019 онд 3, 2020 онд 1, 2021 онд 8, 2022 онд 4 зөрчил илэрсэн.

Цаашид эм, био бэлдмэл хариуцсан гаалийн улсын байцаагчийг чадавхижуулахад анхаарч мэргэшүүлэх сургалт болон мэргэжлийн чиглэлийн үйл ажиллагаанд хамруулах шаардлагатай бөгөөд хилийн боомтод ажиллах албан тушаалын тодорхойлолтод мэргэжлийн индекс таарч байгаа мэргэжилтнүүдээр хангах асуудалд анхаарч ажиллах нэн тэргүүнд шаардлагатай байгаа6

 Замын-Үүд дэх Гаалийн газарт 60 гаруй байцаагч дутагдалтай байгаа аж. Үргэлжлүүлэн, Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн  Улаанбаатар төмөр замын Замын-Үүд шилжүүлэн ачих анги болон Замын-Үүд дэх Гаалийн газрын салбар лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа.

Эрүүл мэндийн сайдын А215 тоот тушаалаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15.5 буюу “Гамшгийн болон онцгой байдлын нөхцөл үүссэн үед эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм болон яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийг зайлшгүй шаардлагаар гадаадаас авах тохиолдолд энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан эмийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр импортын бүртгэл олгоно” гэсэн заалтыг үндэслэн зарим нэг аж ахуйн нэгж холбогдох эмийн бодис тухайлбал натри хлорид буюу дуслын шингэн импортлож байгаа дүр зураг харагдаж байв. Түүнчлэн Замын-Үүдэд эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой эцсийн бүрдүүлэлт хийж буй 7 аж ахуйн нэгж байгаа бөгөөд ихэвчлэн эмнэлгийн хэрэглэгдэхүүн импортоор оруулж ирдэг гэв. Мөн зорчигчийн хувийн хэрэглээний эмийг Гаалийн тухай хуулийг үндэслэн зохих эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн хилээр нэвтрүүлдэг аж.

Харин Замын-Үүд дэх Гаалийн газрын салбар лабораторийн тухайд хүнс болон химийн бодисоор итгэмжлэгдсэн, импортолж буй эм эмнэлэгийн хэрэгсэл, эмийн бүтээгдэхүүнд шинжилгээ хийж боломжгүй юм байна. Эмийн бүтээгдэхүүн болон эмийн түүхэд лабораторийн шинжилгээ хийх, итгэмжлэл аваагүй гэж тайлбарлаж байв. Цаашид импортын эм, эмийн бүтээгдэхүүнд лабораторийн шинжилгээ хийх тоног төхөөрөмж боловсон хүчин бэлтгэх шаардлага гарч байгаа гэв.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)