Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

О.Тэнүүн: Залуусаар хүчээр ахмадуудаа үзэн ядуулдаг хандлага нийгэмд бий болчихлоо. Өмнөх үеэ харааж ерөөх биш, харин ч суралцаж хамтдаа урагш явах ёстой

“Оюуны Ундраа Пропертиз” ХХК-ийн үүсгэн байгуулагч, “Шарк” О.Тэнүүнтэй ярилцлаа.


-Та том групп компани удирдаж байсан учраас удирдлага зохион байгуулалт, аж ахуйн ажлыг сайн мэдэх байх. Өнөөдөр эрх баригчид олон жил гацчихсан ийм ийм хууль батлагдлаа, бодлогын том баримт бичгүүдийг урагшлуулж чадлаа гэх юм. Гэтэл Монголын нийгэм бахь байдгаараа л байна. Бид яг юун дээр алдаад, юу нь болохгүй байна вэ?

-Аливаа юмс энгийн зүйлээс эхэлдэг. Жижиг сажиг олон асуудлаас улбаалж том асуудал үүсч байна.

Хүн бол нийгмийн амьтан. Тиймээс энэ нийгэмд нэн тэргүүнд хүний эрх хангагдах ёстой. Хүн эрүүл, аюулгүй цэвэр орчинд амьдрах эрхтэй. Энэ бол Үндсэн хуулиар олгогдсон суурь эрх. Гэтэл хүний энэ суурь эрхийг өнөөгийн эрх баригчид хангаж чадахгүй байна. Амьсгалах цэвэр агааргүй, идэж ууж байгаа хүнс нь баталгаагүй, гарал үүсэл нь тодорхойгүй байна. Хөрсний бохирдлоос үүдэж ус нь бохирдолтой. Усаа шинжлүүлэхээр хатуулаг өндөртэй, хүний биед сөргөөр нөлөөлөхүйц ямар нэгэн бодистой байна. Өмнө нь Улаанбаатарчууд уух усаа крантнаас шууд аваад уудаг байсан. Гэтэл зохион байгуулалтгүй, дэд бүтцийн асуудлаа шийдээгүй байдал нь өнөөгийн нийгэмд тулгамдсан маш олон асуудлуудыг үүсгэж байна.

Хамгийн эхэнд усны асуудлыг шийдмээр байна. Жишээ нь, Хан-Уул, Зайсан орчмын айлууд усны асуудлаа шийдээгүй л яваа. Дандаа гүний ус ашигладаг. Гүний ус нь түрүүн хэлсэнчлэн хатуулаг өндөртэй. Хөрсний бохирдлоос үүдэж буцалгаж уух ч эргэлзээтэй. Хан-Уул дүүргийн энэ асуудал төр засгийн бодлогогүй шийдвэрүүдээс болж үүссэн. Нийтийн, нийгмийн асуудлыг биш, үүнийг хийснээр надад ямар ашигтай юм бэ гэж ханддаг. Энэ нь нөгөөх авлигатай холбоотой. Таван жилийн өмнө Токио тауэрийн өмнө цэвэр усны шугам ирчихсэн, энэ районд байгаа бүх айлыг холбох бололцоотой байсан. Гэтэл дээд, доод шатны шийдвэр гаргаж байгаа нөхдүүд холбоогүй. Шал өөр зүйлд төвлөрч, улстөржөөд хийгээгүй. Наад мөнгөөрөө бордюраа янзал, наад мөнгөө гадагш явахад зарцуул гэсээр төсвийн мөнгөгүй болчихсон. Тэгэхээр нь хувийн хэвшлийн бид хийе гэтэл зөвшөөрлийг нь гаргаж өгдөггүй.

Үүнээс гадна манай улс бүх төрлийн халдварт өвчний тоогоор дэлхийд номер нэгт жагсаж байна. Маш эмзэглэмээр, тун ноцтой тоон мэдээлэл шүү дээ. Монгол хүн эрүүл явах баталгаа байна уу гэдэг асуулт үүнээс үүснэ. Агаар, хөрсний бохирдлоо дийлэхээ байчихсан Улаанбаатар хотын иргэдээс гадна цэвэр агаар, онгон байгальд суугаа хөдөөгийн иргэд ч мөн хавдраар өвчлөөд байна. Яг юунаас болоод ийн өвчлөөд байна вэ. Мах бол монголчуудын өдөр тутмын хэрэглээ. Гэтэл гарал үүсэл нь тодорхойгүй, стандартгүй, баталгаагүй, хамгийн муу, хамгийн чанаргүй, хямд вакциныг малчдад нийлүүлж, малд шахаад байгаагаас болж байна уу гэх мэтээр монгол хүний амьд явах наад захын эрх нь өнөөдөр хаана байна гэж бодоход хүргэнэ. Яагаад эрүүл, аюулгүй хүнс хэрэглэж чадахгүй байна вэ. Иргэн эрүүл байхаас л бүх зүйл эхэлнэ шүү дээ.

-Төрийн бодлогын хаана нь ямар алдаа гараад байна вэ?

-Төрийн бодлогыг өнөөдөр зангидаж яваа хүмүүс макро түвшний биелэгдэхгүй фантаз зүйл яриад байна. Нийгэмд бодитоор тулгамдаж байгаа энгийн асуудлуудаа шийдэж чадахгүй байна. Жишээ нь, иргэдийн амьжиргаа, тэтгэвэр тэтгэмж ямар байна. Бизнесийн орчин ямар байна. Татвар, татаас хэд байна. Өнөөдөр иргэд орлогынхоо 40 орчим хувийг татварт төлж байгаа хэдий ч энэ хэмжээний төрийн үйлчилгээг авч чадаж байгаа билүү?

Баахан татвар төлчихөөд эцэст нь юу болж дуусч байна вэ. Мөн өнөөдөр шударга бус байгаа олон зүйлийн нэг нь тэтгэвэр. ҮСХ-ноос гаргасан мэдээллээр монгол эмэгтэй хүн дунджаар 76, эрэгтэй 66 насалж байна. Гэтэл тэтгэвэрт гарах нас нь эрэгтэй 60, эмэгтэй 55. Нас эцэслэлээ гэхэд зээл нь үр хүүхдэд нь өвлөгдөж үлддэг хэрнээ насаараа төлж хуримтлуулсан тэтгэвэр нь улсын мөнгө болж үлдэж байна. Энэ нь шууд утгаараа төр иргэнээ дээрэмдэж байгаа хэлбэр биш үү? Яагаад үүнийг шийдэж болохгүй байна вэ. Яагаад зөв бодлого, менежмент, санхүүгийн сахилга баттай байж болохгүй байгаа юм бэ.

Insead дээр дэлхийн хүн амын дундаж наслалт 100 болно гэж саяхан бичсэн байна лээ. 100 нь байг гэхэд монголчууд бид ядаж 80 насалъя л даа. Ингэхийн тулд хүн рүүгээ чиглэсэн нийгмийг бүтээх ёстой. Монголчууд яагаад ийм адгасан, нэг л их ууртай, бие биедээ буулт хийдэггүй болчихов гэхээр ерөөсөө орчинтой холбоотой. Гараад л бөглөрчихөж байна. Энэ нь тухайн өдөржин стресстэй явах эхлэлийг тавьчихаж байгаа юм. Стресс хүний биед ямар өвчлөлийг үүсгэдэг билээ. Мөн бид өөрсдөөсөө биш, өрөөлөөс бурууг хайдаг болчихож. Ерөөсөө л бусдаас бурууг хайдаг, өөнтөглөгч нийгмийг бүтээсэн байна. Арга ч үгүй байх. Өнөөдөр төрийн эрхэд байгаа хүмүүс бусдын боломжийг хулгайлаад байгаагаас л ийм асуудал болоод байгаа юм. Шударга бус нийгэм ингэж дэлгэрчихээд байна.

Үүнээс гадна залуусаар хүчээр ахмадуудаа үзэн ядуулдаг нийгэм бий болчихоод байна шүү дээ. Тэдэн насныхан, энэ үеийнхэн үхэж байж бид сайхан амьдарна гээд нийгмийн сүлжээнд бичиж, бүр ярьж байна. Юу гэсэн үг вэ. Магадгүй алдаа гаргасан байж болно. Гэхдээ нэг л зүйлийг залуус бид ойлгох ёстой. Залуу нас, цаг хугацаа, хөлс хүчээ урсган байж энэ нийгмийг өмнөх үеийнхэн бүтээсэн. Муутай ч, сайнтай ч бид эрх чөлөөт, ардчилсан нийгэмд амьдарч байна. Энэ нийгмийг өнөөгийн бид биш, өмнөх үеэ бүтээсэн учраас өмнөх үеээ харааж ерөөх биш, харин ч суралцаж хамтдаа урагш явах ёстой. Өнөөдөр энэ нийгэмд үнэлэгдэхгүй байгаа, ажиллах хүчний тооноос хасагдчихаад байгаа иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хувиараа бизнес хийх боломжийг нь төр засаг нээж өгөх хэрэгтэй.

-Яаж?

-Наанадаж бусдын боломжийг хулгайлдаггүй, хяналттай, шилэн байх ёстой. Ер нь бид юу болчихов гэдгээ эргэж нэг хараад одоо яах вэ гэдгээ нэг эргэцүүлээд эр зоригтойхон шиг урагшилмаар байна. Ийм дээрэмчин төртэй байх уу, эсвэл хүний эрхийг хангадаг төртэй байх уу гэдэг сонголт иргэд бидэнд бий. Энгийн жижиг асуудлууд нь алсдаа том асуудлуудыг дагуулж байна гэдгийг ойлгох хэрэгтэй.

Нүүрсний, ногоон автобусны, Боловсролын зээлийн сангийн, ЖДҮ-ийн гээд нийтийн мөнгийг тэр аяар нь хулгайлчихлаа. Уг нь тэр мөнгө хуримтлагдаж байх ёстой. Боловсрол, эрүүл мэнд, нийгэм, ахмадууд руу чиглэсэн бодлого, орчноо сайжруулахад чиглэж байх ёстой. Ядаж л өвөлдөө утаагүй, зундаа шороо тоосгүй амьдармаар байна. Нийслэлийн хүн ам 1.7 саяд хүрсэн. Монголын нийт иргэдийн дийлэнх хувь нь Улаанбаатар хотод амьдарч байгаа нь ҮСХ-ны судалгаанаас харагдаж байна. Гэтэл хот нь хүний эрхийн наад захын суурь эрхийг зөрчөөд байна. Тиймээс үндсэн суурь эрхийг нь хангахад л нэн тэргүүнд анхаармаар байна.

-Өнөөдөр иргэдэд дарамт болж байгаа зүйл төгрөгийн ханш, инфляци. Үүнд чиглэсэн ямар зөв бодлого хэрэгтэй вэ?

-Иргэдийн орлого нэмэгдэхийн хэрээр өргөн хэрэглээний барааны үнэ даган өсөж байна. Тиймээс ямар ч өөрчлөлт гарахгүй байна. Цалин 15, 20 хувиар нэмэгдлээ, цалингийн суурь 660 мянган төгрөг боллоо гээд байдаг. Бодит байдал өмнөхөөсөө муудсан уу гэхээс сайжирсан зүйл ерөөсөө алга. Төгрөгийн ханш суларсаар байна.

Ер нь гаднаас хөрөнгө оруулалт татаж байж төгрөгийн ханш чангарах боломжтой. Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжинэ л гээд байдаг. Гэтэл бодит байдал дээр цаасан дээрх төсөл, улстөрчдийн яриа төдий зүйл болчихоод байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг яаж татах, яаж тогтоон барих вэ гэдэгт чиглэсэн хууль, тогтоомж байхгүй. Тиймдээ ч Монголд хөрөнгө оруулах гэж ирээд мөнгөө алдчихсан гадаадын хөрөнгө оруулагчид их шүү дээ. Олон нийт ч үүнийг мэдэж байгаа. Сүүлд Х.Нямбаатар ХЗДХ-ийн сайд байхдаа зах зухаас нь танилцуулсан. Үүнээс хойш яг бодитоор сайжруулж, ажил хэрэг болгосон үйл ганц ч алга. Монголын хуульд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл алдарсаар байна…

-УИХ-аар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа. Энэ хуулийг та хэрхэн харж байна?

-Батлах л ёстой хууль. Гэхдээ энэ хуулиас болж гадаадын ямар ч хөрөнгө оруулагч Монголд орж ирэхгүй. 34-өөс дээш хувийг эзэмшихгүй гэчихсэн байгаа юм. 60-аас дээш хувийг эзэмших гэж орж ирдэг юм шүү дээ. Тэгж байж менежментээ хийж, хяналтаа тавина. 34 хувь дээр ямар ч юм шийдэгдэхгүй. Давуу эрхийн багц гэж байдаг л даа. Гэхдээ IPO зарласан том компаниуд л тэгдэг. Манайх стратегийн нэршилтэй бүхэн дээр 34 хувь гэж тогтоолоо. Ингэснээр стратегийн гэх нэршилтэй бүх ордууд хумигдаж эхэлнэ. Эргэлтэд орохгүй, нуугдчихна. Ингэснээр валютын урсгал хумигдчихна шүү дээ.

Хэрвээ улс бизнес хийх гээд байгаа бол, эх орны эдийн засгийг нуруун дээрээ 100 хувь үүрэх гээд байгаа юм бол бизнес хийдэг улс бол л доо. Улс бизнес хийх гээд бүх том корпорациуд, бизнесүүдээ намнаад байхаар хэн бизнес хийх юм бэ. Эдийн засгийн эргэлтийг, ажлын байрыг, инновацийг хэн бий болгох юм бэ. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчтай харилцаад хөрөнгө оруулалт татаад байгааг хэн хийх вэ. Улс уу?

-Гадаадын хөрөнгө оруулалт тухайн нийгэм, улс оронд ямар эерэг үр нөлөөг үзүүлдэг вэ?

-Гадаадын хөрөнгө оруулалт нь манайд байхгүй патент, технологийг нэвтрүүлнэ. Сингапур улс электрон барааны бүхий л том үйлдвэрүүдийг яаж нутагтаа авч ирсэн бэ гэхээр манайд ороод ир, ноу хау хуваалцаад, манай улсын иргэдийг ажлын байртай болгоод өгөөч ээ гээд эрх зүйн таатай орчныг бүрдүүлсэн. Тухайн үед Сингапур ямар ч технологи, ямар ч “ноу хау”-гүй улс байсан. Байдаг л нэг арал байсан. Сингапур Азийн бар улс болтлоо хөгжихөд ноу хау, технологи, илүү их мэдээлэл, туршлага, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг экспортолсон. Гадаадын жижиг орнуудаас түүхий эд авч ирээд хийсэн.

Гэтэл манайд түүхий эдийн нөөц нь бий. Төмрийн хүдэр, нүүрс бий. Өнөөдөр Монголд ямар ч бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэхгүй байгаагийн горыг бид валютын ханш, инфляциар дамжуулж амьжиргаагаараа мэдэрч байна. “Made in Mongolia” гэсэн дэлхийн хэмжээний бүтээгдэхүүн байхгүй нь бидний асуудал. Ядаж төмрийн хүдрээрээ арматураа хийе л дээ. Дарханы төмөрлөгийн үйлдвэрт арматурыг осолдохгүй хийж байна. Гэхдээ тэр нь 50 жилийн хоцрогдолтой, маш өндөр зардлаар бүтээгддэг. Нүүрсээр түлш, пластик хийж, угааж гаргаж болж байна. Нүүрсийг түүхийгээр нь экспортлоход монголчууд л алдаж байна. Энэ алдагдсан боломжийг хэн нөхөх вэ. Энэ хэрээр хувь хүн орлоготой байх, эрүүл байх, аюулгүй орчинд амьдрах, хуримтлалтай байх боломжгүй болчихоод байна. Өнөөдрийн хоолны асуудлаа яая гэж байгаа хүн маргааш, нөгөөдрийн хүүхдийн боловсрол, эрүүл мэнд рүү яаж анхаарах юм бэ. Цалингийн жаахан хэдэн төгрөгөөрөө баталгаагүй хүнс, муу ус ууж байна. Эм аваад уухаар хуурамч байгаад байна. Эмийн сонсголоор энэ нь илэрлээ шүү дээ.

-Монголын зовлон олон. Нийслэлчүүд асуудлаасаа салахын тулд дэд төвүүд бий болгох, хотыг 14 болгож салгах тухай яригдаж байна. Энэ зөв бодлого уу, та юу гэж харж байна?

-Дэд бүтцээс үүдэж төвлөрөл үүсээд байгаа юм. Дэд бүтцээ задалчихвал 0.7 га авах хүмүүс олон болно. Иргэд 0.7 га газрыг яагаад авахгүй байна гэхээр дэд бүтэцгүй уулын мухарт хэн очиж амьдрах юм бэ. Задлах, тэлэх систем байх ёстой.

Тогны эх үүсвэрээ нүүрсний цахилгаан станцаар шийдэх бололцоотой. Ойрын шийдэл сэргээгдэх эрчим хүч. Гэвч сэргээгдэх эрчим хүчээр энэ том хотыг хангаж дийлэхгүй. Гэхдээ Монгол Улс хүн ам багатай учраас боломж өндөр. Дийлэнх газар нь улсын мэдэлд байдаг учраас хамгийн том нарны цахилгаан станцыг хийх бололцоотой улс Монгол. Эрчим хүчээр дамжуулж маш олон асуудлыг шийдэж болно. Өнөөдөр мянга мянган орон сууц бариад шийдэгдэхгүй. 400, 500 мянган айлын орон сууц бариад худалдаж авах өрх хэд байгаа билээ.

-Манай улс чинь эрчим хүчээр Оросоос хараат шүү дээ?

-Би үүнийг л гайхдаг. Нүүрстэй орон цахилгааны хомсдолтой гэж юу яриад байгаа юм бэ. Миний санаанд буудаггүй юм. Ийм том шугамууд явуулахгүйгээр цахилгаанаар бүхнийг шийдэх бүрэн бололцоотой. Агаарын бохирдол, жил бүр сольдог дулааны шугамууд, IV ЦС зэрэг асуудлуудыг цахилгааны том станц бариад шийдэх боломжтой. Бөөрөлжүүтийн цахилгаан станцаар метрог явуулна гэж байна. Тэгвэл дагуул хотууддаа ямар эрчим хүч түгээх гэж байгаа юм бол. Нүүрс бол бидэнд байгаа хамгийн хямдхан зүйл. Одоогийн асуудлыг шийдье гэвэл нүүрсний цахилгаан станц хийхээс өөр аргагүй шүү дээ.

-Дэлхий тэр аяараа ногоон эрчим хүч рүү зорьж байна шүү дээ. Гэтэл нүүрсний ЦС гэхээр сонин сонсогдож байна л даа?

-Мэдээж сэргээгдэх эрчим хүчийг дэмжих ёстой. Хамгийн гол нь хэдэн хувь нь сэргээгдэх эрчим хүч байх вэ гэдэг чухал. Нийт хэрэглээний 20, 30 хувиа сэргээгдэх эрчим хүчээр хангах нь илүү зохистой байдаг. Үлдсэн 70 хувиа нүүрс буюу тогтмол эрчим хүчээр хангах нь зохистой гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрчихсөн. Өөрөөр хэлбэл, нүүрсний эрчим хүчний хувийг тодорхой хэмжээнд багасгая гэж байгаа юм. Тэр чигээрээ 100 хувь хараат байх боломжгүй.

Манай улс зэс, төмрөөр баялаг. Дэлхий тэр чигээрээ цахилгаанжиж байгаа энэ үед зэсээ боловсруулж гаргавал нүүрсний экспортоос хамааралтай байдаг манай улс маш их хэмжээний орлого олох боломжтой. Бидэнд эрчим хүчний бизнес хийх маш том бололцоо байна. Хамгийн том бизнес бол эрчим хүч юм. Хамгийн хөгжих бололцоотой бизнес ч эрчим хүч. Уул уурхай биш. Алт биш. Биткойн ч биш. Дэлхий тэр чигээрээ цахилгаанжина. Тиймээс бид өөрсдөдөө байгаа нөөц бололцоогоо ашиглаж нүүрсээ угаах биш, эрчим хүч болгоод нэмүү өртөг шингээж гаргах хэрэгтэй. Хятад дотооддоо нүүрсний цахилгаан станц нэмж барихыг хориглоно гэсэн хуультай. Тэгвэл бид ийм боломжийг барьж аваад гэрээ хийчихье л дээ.

Нүүрсний цахилгаан станцаас гадна нарны цахилгаан станц үүсгэх хэрэгтэй. Ингээд нарнаас гаргаж авсан эрчим хүчээрээ нүүрсний ЦС-уудын эрчим хүчийг хангачихъя л даа. Тэгвэл ногоон эрчим хүч ангилалд орчихно шүү дээ. Үүнд толгой гашилгаж, бодож цөхөөд байх юу байна вэ. Бодоод шаналаад байх ч шаардлагагүй. Одоо ханцуйгаа шамлаад хийх л цаг үе ирчихээд байна. Зоригтой шийдвэр, эр зоригтой үйлдэл монголчууд бидэнд дутаад байна. Хэдий хүртэл бид болох бүтэхгүй худлаа үнэн шалтаг хэлж суух вэ.

Эрчим хүчний станц барьчихвал наанадаж утааны асуудлаа шийдчихнэ. Хүүхдүүддээ орчин үеийн орон сууцанд амьдруулах нь хүн бүрийн мөрөөдөл болчихоод байна. Орон сууцжуулах хөтөлбөрийг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ нь утаа арилгах бодит шийдэл биш.

Шахмал түлш хийж яах ч гээд байгаа юм. Үүний оронд нүүрсээ зараад ч юмуу, бартерлаад ч юмуу нүүрсний хэд хэдэн цахилгаан станц барьчихъя. Тэгвэл Оросоос цахилгаан эрчим хүчний хувьд хамааралгүй болчихно. Үүнийг л хийчихвэл уушгины хорт хавдар, эрүүл мэнд, өвчлөлийг бууруулах зэрэг асуудлуудыг шийдэх боломж бий болно. Ингэж нэн түрүүнд цахилгааны асуудлаа шийдсэнийхээ дараа сайхан, сайхан том төслүүдээ хэрэгжүүлж болно. Өнөөдөр ихэнх том төслүүд эрчим хүчний асуудлаас болоод гацчихаж байгаа юм шүү дээ. Хөрөнгө оруулагчид ч эрчим хүчний асуудал шийдэгдээгүй учраас буцчихаад байгаа юм.

Тиймээс одоо жаахан сэтгэл гаргаад хийх ёстой. Энд улс төрийн болоод ямар нэгэн эр зориг, ухаан огт хэрэггүй. Бүх зүйл жижигхэн, энгийн зүйлээс эхэлнэ. Жижигхэн сэтгэл гаргаад хийхэд болчих зүйл. Хувийн эрх ашгаа хойш тавиад хийчих л дээ.

 ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)