Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Үлдсэн гурван эрхэм дэд сайдын албан тушаалд "тэнцэхгүй" гэх хариу гарлаа

Авлигатай тэмцэх газраас М.Батбаяр, Г.Тэнгэр, Т.Аубакар нарын гурван дэд сайдын материалыг ирүүлээгүй гэх үндэслэлээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат томилохоос татгалзсан. Тэгвэл ийнхүү үлдсэн гурван дэд сайдын ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг АТГ хянан үзэж, хариуг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлжээ.
 
Тодруулбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ирүүлсэн Барилга, хот байгуулалтын сайдад нэр дэвшсэн М.Батбаяр, Гадаад харилцааны сайдад нэр дэвшсэн Г.Тэнгэр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдад томилогдохоор нэр дэвшсэн Телуханы Аубакар нарын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хуульд заасны дагуу хянан үзсэн байна.
 
Ингэхэд дээрх нэр бүхий гурван эрхэм дэд сайдын албан тушаалыг шударгаар хашихад харшлахуйц ашиг сонирхлын зөрчилтэй гэх дүгнэлт гарчээ.
 
Энэ талаар АТГ-аас "Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан "ашиг сонирхлын зөрчил гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг бий болгохоор байна" гэх мэдээллийг өглөө.
 
Тиймээс М.Батбаяр, Г.Тэнгэр, Т.Аубакар нарыг томилоход ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй байгаа тул томилохоос татгалзаж, хуулийн хэрэгжилтийг хангах тухай зөвлөмжийг Авлигатай тэмцэх газраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн байна.
 
 Ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй гэж заасан байдаг. 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)