Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

С.Эрдэнэ: Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд унагаасан хариуцлагагүй үйлдэл болсон

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ, УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны гишүүн З.Нарантуяа нар өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
 
Шинэ Засгийн газар ажлаа авснаас хойш Монголбанкны Ерөнхийлөгч болон Сангийн сайд, Ерөнхий сайд нар хэд хэдэн удаа ноцтой мэдэгдэл хийсэн. Тодруулбал, Монголбанкны Ерөнхийлөгч Монгол Улс валютын нөөцгүй болсон, Сангийн сайд Монгол Улс дефолт зарлахад ойрхон болсон гэх зэргээр мэдэгдлүүд хийсэн билээ. Эдгээр нь шинэ Засгийн газрын хувьд өмнөх Засгийн газрынхаа хийж бүтээсний харлуулах гэсэн агуулгатайгаас гадна Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд унагаасан хариуцлагагүй үйлдэл болсон гэдгийг АН-ын бүлгийн дарга онцоллоо.
 
УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ “Монголбанкны ерөнхийлөгчийн мэдэгдлийн дараах 24 цагт Чингис бондын өгөөж 5.47-оос 5.71 болж, 5.4 хувиар муудаж, үнэ нь 98.26-аас 98.87 болж буурсан бол Сангийн сайдын мэдэгдлийн дараах 24 цагийн дотор бондын өгөөч 5.93-аас 8.41 болж, 42 хувиар муудаж, бондын үнэ 97.62-оос 94.50 болтлоо буурсан. Эдгээр мэдэгдэл гарснаас хойш төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2050-аас 2230 болж, 180 гаруй төгрөгөөр огцом сулраад байгаа нь бодит үнэн” гэлээ. Мөн тэрээр “Одоогийн УИХ, Засгийн газрын мэдэгдлүүд, байр суурийг ажиглахад сонгуулийн сурталчилгаа хийж буй мэтээр аяглах, улс орны төрийн жолоог атгачихаад зах зээлийн хүлээлтийг эвдэх хариуцлагагүй мэдэгдэл хийж, эдийн засагт итгэх итгэлийг бүр мөсөн алдагдуулах үйлдэл гаргасаар байна” гэсэн юм.
 
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр мэдээлэл хийхдээ “Төрийн албан хаагчдад цалингийн бууралт хийнэ” гэсэн. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг ноцтой зөрчсөн үйлдэл болж байгааг С.Эрдэнэ гишүүн мөн онцоллоо. Түүнчлэн МАН-ын мөрийн хөтөлбөрийн 1.4.7-т заасан “Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлэх хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар өрхийн дундаж орлогыг өсгөх бодлого баримтална” гэсэн заалтыг зөрчиж байгаа гэдгийг сануулсан юм. 
 
Түүнчлэн энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс УИХ-ын даргад шаардлага хүргүүлэхээр болсон гэдгийг мэдэгдлээ. Уг шаардлагаар УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж, төсвийн тодотгол болон эдийн засгийн хүндрэлтэй байгаа нөхцөлд авч, хэрэгжүүлэх арга хэмжээнүүдээ тодорхой болгох асуудлыг хөндөх аж. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ “Шинэ Засгийн газар дэндүү удаан, яг л яст мэлхий шиг байна. Сөрөг хүчний зүгээс эрх баригчдын үйл ажиллагаанд ямар нэгэн саад, тотгор болоогүй. Тэгэх боломж ч байхгүй. Бүтэн 65 хүнтэй, хүчирхэг бүлэгтэй, дэмжлэгтэй Засгийн газар. Харин бид бол хэт цөөнх болсон. Тийм байхад Засгийн газар байгуулагдаад нэг сар гаруй хугацаа өнгөрчихөөд байхад эдийн засгийн хүндрэл, хямралыг даван туулах талаар нэг ч тодорхой бодлого ярьсангүй. Харин албан тушаал, томилгоонууд болон төрийн албан хаагчдыг хомроглон халах асуудалд анхаарал хандуулж байх шиг байна” гэлээ.
 
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа АН-ын Засгийн газрын үед эдийн засгийн хүндрэлийг даван туулах талаар ямар бодлого хэрэгжүүлж байсан талаар мэдээлсэн юм. Өнөөгийн Засгийн газар нь эдийн засгийн хүндрэлийг зөвхөн өнгөрсөн дөрвөн жилд бий болчихсон мэтээр тайлбарлаж байгааг тэрээр буруутгалаа. УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Ардчилсан нам засаглаж байх хугацаандаа дан ганц уул уурхайгаас хамаарсан бүтцээ солонгоруулж, орлого олдог олон салбартай болохын тулд нам тогтвортой инфляцийн орчинг бүрдүүлж, түүн дээрээ суурилж, уул уурхайн бус салбараа дэмжих бодлого хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд Чингис бондыг авч, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, хөнгөлөлттэй зээл олгох, зам барих зэрэг ажлуудад онцгой анхаарсан. Хамгийн сүүлд гэхэд “Сайн” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн нь Засгийн газрын зүгээс эдийн засгийн төрөлжилтийг дэмжих, солонгоруулах зорилготой, чухал ажил байсан. Харамсалтай нь энэ Засгийн газар “сайн” хөтөлбөрүүдийг зогсоосон” гэв.  
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)