Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Төсвийн тухай хуулиудыг өргөн мэдүүлэв

УИХ-ын дарга М.Энхболдод Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн өргөн мэдүүлэв.
 
Гадаад, дотоодын эдийн засгийн нөхцөл байдлын улмаас эдийн засгийн идэвхжилт суларч, 2016 оны макро эдийн засгийн төсөөлөл буурахаар байна. Монгол Улсын 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс 1,669.6 тэрбум төгрөгөөр буурахаар байгаа юм. Энэ нь 2016 оны төсөв батлагдсанаас хойших хугацаанд УИХ-ын нэгдсэн чуулганаар баталсан хууль эрх зүйн орчны өөрчлөлт, мөн Засгийн газраас гаргасан шийдвэр болон бусад гадаад болон дотоод хүчин зүйлийн улмаас төсвийн зарлага нийт дүнгээр 2,372,4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэнээс үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, нэгдсэн төсвийн нийт алдагдал ДНБ-ий -20.6 хувьд хүрэхээр байгаа нь 2016 оны төсөвт тодотгол хийх зайлшгүй нөхцөлийг үүсгэсэн байна.
 
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2016 оны долоодугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг баталсантай холбогдуулан зохих өөрчлөлтийг 2016 оны төсвийн тодотголд тусгах шаардлага үүсчээ.
 
Монгол Улсын 2016 оны төсвийн тодотголын дээр дурдсан өөрчлөлтүүдийг тусгахад нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 1,669.6 тэрбум төгрөгөөр буурч 5,344.3 тэрбум төгрөг болох аж. Мөн нэгдсэн төсвийн зарлага ба цэвэр зээлийн дүн 1,787.0 тэрбум төгрөгөөр нэмэгдэн 9,741.4 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн нийт алдагдал 4,397.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ний -18.2 хувьтай тэнцэхийг Сангийн сайд Улсын Их Хурлын даргад танилцууллаа.
 
Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн алдагдал ДНБ-ний -18.2 хувьтай тэнцэхээр байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд “нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 2016 онд тухайн жилийн ДНБ-ий 4 хувиас хэтрүүлэхгүй байна” гэсэн заалтад нийцэхгүй байгаа аж. Гэсэн ч үүсээд байгаа эдийн засаг, төсвийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулах зорилгоор Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагуудад өөрчлөлт оруулах шаардлага тулгарчээ. 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)