Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

“Үл үзэгдэгч” хэмээх үнэмлэхүй олонхтой парламентын үлгэр оршвой

Эртээ урьд цагт... гээд үлгэр эхэлдэг. Энэ удаад эрт урьдын явдлыг биш дөнгөж өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд өрнөсөн орчин цагийн үлгэр ярьж өгье. Хаан эзгүй байлаа. Тэрбээр зарим албат, бараа бологч нараа дагуулан хөрш орондоо зочлохоор эх орноосоо мордов. Нутгаа сахиж үлдсэн төрийн түшээд хаан эзгүй юм чинь хэмээн назгайрч, хуралдайгаа тасалжээ. Гэтэл Ц.Нямдорж хэмээх хөгшин яхир түшмэл хуралдайн хойморт залраад ажлаа умартаж, ард иргэдээ хөсөр хаясан тэднийг түмний өмнө нэр усаар нь дуудаж шившиглэв гэнэ. Зураг хөргийг нь зурагтаар гаргаж, зуудаг нохой шиг аашилсанд зарим түшмэл зэвүүцэж уур хилэн нь хэмжээлшгүй ихээр бадарчээ. Нойроо дийлэхгүй байгаа ноёдоо дууд, найр наадам хэссэн эзнээ олж ир гэх зэргээр албатуудыг нь ч зүгээр суулгасангүй.
 
Хачирхалтай нь түшмэл Ц.Нямдоржийн энэ үйлдэл харц ардад ихээр таалагдаж, задарсан ноёдод даруулга боллоо хэмээн талархан алга хавсарцгаав. Харин түшмэд ихэд ууртай. Дорнын соёлоос хол тасархай хууль хэлэлцэхийн төлөө ихэс дээдсийн хиргүй тунгалаг нэр төрд халдлаа гэж зарим нь хилэгнэв. Харь газар яваа хааны чихэнд “ Энэ муу Нямдорж яавч өөдтэй түшмэл биш. Хаан Таныг эзгүй хойгуур ихэс дээдсийн онцгой бүрэн эрх, халдашгүй нэр хүндийг шившиглэлээ. Түүний далд муу санаа болбоос ихэс Таны сэнтийд санаархах шунал буй за” гэх хов хэдийнэ хүрчээ. Хаан нэгийг тунгаах биз. Эх орондоо эргэж ирээд ноёдын ямбыг алдуулсан урвагч Ц.Нямдоржийг хатуу гэсгээх нь үү, ардын нуруун дээр зайдалсан дээдсүүдэд даруулга өгөх үү гэдгийг хэлэхэд эрт байна. Үлгэр дандаа л амар сайхандаа жаргаснаар дуусдаг. Гэхдээ тэрхүү “амар сайхан” ноёдынх уу, харцынх уу гэдгийг хаан шийднэ...
 
Парламентын нэг өдрийг үлгэрчлэн ёгтолбоос ийм л дүр зураг харагдана. Чуулганы танхимд хэлсэн Ц.Нямдоржийн үг бүр өчигдрийн трэнд байлаа. Сонгуулиар монголчуудын дийлэх олонхийн саналыг авч 65 суудалтай болсон МАН-ын эрх баригчид гадаадад туршлага судлах, шинэ жилийн цэнгүүн хэсэх, гадаадын зочид төлөөлөгчидтэй зоог барих зэргээр эрх ямбаа урьтал болгож, хууль батлах үндсэн ажлаа хойш тавьж байгааг олон нийт УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хатуу үгийн ачаар олж мэдлээ. “Ирцээ бүрдүүлж чаддаггүй олонх гэж хаа байсан юм. 65-ын бүлэг энэ асуудлаа дотроо яриарай” гэсэн түүний үг хэтэрхий үнэн байлаа. Улс орноо хямралаас гаргана, граммын эдийн засгийг кг-ынх болгоно, талхаа таллаж авдаг хүмүүсийг тансаг сайхан амьдралд хүргэнэ гэсэн МАН-ын цагаан цаасан дээр хараар бичсэн амлалтын бэх хатаж амжаагүй байна. Цөөнхийн бүлгийнхэн  бүгд хуралдаа суугаад байгаа юм биш. Олон нийт хариуцлагыг хүссэн ч, эс хүссэн ч 65 суудалтай үнэмлэхүй олонхий бүлгээс нэхэж буй учир УИХ дахь АН-ын бүлгийнхэн ажлаа хийдэггүй нөхөд сугарч үлдээд байгаа хэрэг.
 
Одоогийн УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш өмнөх эрх баригчдын идсэн уусан, алдсан будилсныг илчлэн шившиглэхэд хамаг цагаа барлаа. Гишүүд шүүгчдийн дүрд өрийн мэдэлгүй хувирч, мөрдөн байцаагчийн үгээр ярьж, прокурор шиг яллах дүгнэлт уншдаг болоод удлаа. Хөгжлийн банк нэртэй хэрүүлийн алимаа хэдэн сараар эргүүлж тойруулан мэрлээ. Бондын хөрөнгөөс манай нам багахан илсэн, танай намынхан их идсэн гэх арчаагүй хэрүүлээ халуун намраас хойш өвлийн сар хүртэл хийлээ. Засгийн газраасаа оруулж ирсэн бодлого, хуулийн төслүүдийг цуппари хийж буцаалаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг нэг харахаар УИХ-д 65 гишүүний хүчтэй дэмжлэгтэй азтай танхим ч юм шиг, гишүүдээс салаавч аваад урамгүйхэн гарч явахыг нь харахаар санаа байвч сачий дутсан шүдгүй арслан ч юм шиг. Хямралаас гаргана гэж том амласан өнөөгийн эрх баригчид эрх мэдлийн эргүүлгэнд ороод өөрсдөө том хямарчихжээ.
 
Хуралдаандаа суудаггүй гишүүдийг эгүүлэн татъя гэх зэргээр янз бүрийн санал, шүүмжлэл гарч байна. Ганц өнөөдөр ч үндсэн ажлаа хийдэггүй гишүүдийг бид сонгоогүй. Өмнөх үе үеийн парламентууд, тэр дундаа 1996 оноос хойш ирцээ бүрдүүлж чадахгүй алийгаа алддаг л байсан. Монголын урдаа барьдаг том хуульчид УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахыг дэмждэггүй. Хэрэв энэ үүд хаалгыг цэлийтэл нээгээд өгчихвөл өөрт таалагдахгүй нэгнээ эгүүлэн татаж унагаах замаар Монголын төрийг хүчгүйдүүлэх, төрийн эрх мэдлийг хуйвалдаанаар авах том эрсдэл нуугдаж байдаг. УИХ-ыг хоёр танхимтай болгох, хүчтэй Ерөнхий сайд бүхий тогтолцоог сонгох гэх мэт хувилбаруудыг ярьж болно. Гэхдээ энэ бүхнийг Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд хийх боломж нээгдэх учраас цаг хугацаа шаардагдана. Парламентыг хариуцлагатай, чадвартай болгох хоёр энгийн арга бий. Нэгдүгээрт, дөрвөн жилд ганц удаа олддог сонголтоо өнгө мөнгөнд хуурталгүй мэргэн хийвэл сугадаж мордуулсан түшээгийнхээ араас харамсаж халаглаж суухгүй. Хоёрдугаарт, гишүүдийн ирцийн мэдээг долоо хоног бүрийн даваа гарагт олон нийтэд нээлттэй зарладаг болъё. Сонгосон гишүүн нь үндсэн ажлаа хийж байгаа эсэхийг олон нийт чөлөөтэй хянаг. Юм энгийн байх тусмаа хялбар байдаг даа. Гишүүд бүрэн эрхээрээ далайлгаад ирцийн мэдээгээ олон нийтээс нуусаар байвал “үл үзэгдэгч” хэмээх зурхайн зурлагатай үнэмлэхүй олонх бүхий энэ парламентын үлгэр мөддөө дуусахгүй.
 
Б.Түвшинтөгс
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (3)
Зочин [112.72.2.62] 2016/12/18
MAN 20 ond mash tom yalagdal huleeh n todorhoi bolloo
Зочин [150.129.141.93] 2016/12/16
65 bol hugiin novshnuud baigaashdee
Зочин [150.129.141.93] 2016/12/16
Hugjiltei ain