Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Мөсөн уулын оройг л хараад шуугилдаад байна уу даа, бид

Хуульч О.Алтангэрэл өөрийн цахим хуудснаа "С.Зоригийн" гэгдэх хэргийн тухай өөрийн байр сууриа илэрхийллээ..

Монгол Улсын иргэн С.Зоригийг гэрт нь санаатайгаар алснаас хойш 18 жилийн дараа уг хэргийг үйлдсэн гэх 3 этгээдэд шүүхээс хүнд ял ноогдуулав.

Шүүх хурлын эргэн тойронд янз бүрийн үйл явдал өрнөж, хүн бүр өөрсдийнхөө таамгийг дэвшүүлцгээж байна. Миний хувьд олон нийттэй яг адилхан мэдээлэлтэй буй авч хуульч, өмгөөлөгч хүнийхээ хувьд анализ хийх гэж оролдсоноо доор товч сийрүүлэе.

1. Энэхүү хэргийг мөрдөн шалгах тагнуул, цагдаагийн хамтарсан ажлын хэсгийн үйл ажиллагаа тасралтгүй 18 жил үргэлжилсэн. Үеийн үед тухайн байгууллагуудын ур чадвар бүхий албан хаагчид багтаж байсан энэ ажлын хэсгийн хайгуул зөвхөн монголд төдийгүй тив алгасан хийгдэж байв. Энэ ажлын хэсгийнхий шийдвэрээр европт тусгай ажиллагаа явуулж, өндөр хүчин чадалтай орны лабораториудад шинжилгээ хийлгэж байв. АНУ-д хүн барилаа гэсэн мэдээлэл ч гарч байв.
Энэ хугацаанд явуулсан үйл ажиллагаа бараг бүхэлдээ нууцаар явагдсан байх үндэслэлтэй. Прокурор хянаж, шүүхэд шилжүүлсэн материал буюу хавтаст хэргүүд энэхүү ажлын хэсгийн "бүтээл". Аливаа улс орны хуулийн байгууллагын гүйцэтгэх ажил, энгийнээр бол тагнуулын үйл ажиллагаа маш нууц байдаг. Мөн төрөл бүрийн нууц ажиллагаанд оролцогч, хэрэгжүүлэгч тусгай ажилтны нэр нууц байх учиртай. Тэгэхлээр шүүх хурлын явцад нотлох баримтыг шинжлэн судлах явцад олон төрлийн нууц задрахаас сэргийлэн шүүх хуралдааныг хаалттай явуулахаас өөр аргагүй байсан болов уу.

2. Хэргийн гол гэрч гэгдэх Булганыг яагаад шүүх хуралдаанд оролцуулсангүй гэхээс илүү яагаад хохирогчоор татаагүй вэ гэдэг гайхал төрүүлж буй юм. Гэнэт хоригдож, хүнд нөхцөлд жил байснаа мөн гэнэт суллагдаж төрийн ордон дотор алхаж явсан эмэгтэй үнэн хэрэгтээ хэн бэ?
Булганаар үнэнийг нь хэлүүлэх гэж хорилоо гэж мэдээлж байсан ч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ нь үнэнийг хэлүүлэх зорилготой авагддаггүй. Тэгэхлээр Булганыг хорисон үндэслэл нь уг гэмт хэрэгт хамтран оролцсон явдал байсан болов уу. Хэрэгт гэрчийн этгээд олон байж таарна. Тэд шууд болон дам байдлаар мэдсэн зүйлийнхээ талаар мэдүүлж байгаа. Тэдний нэг болж Булганы өгсөн мэдүүлгүүд ч хавтаст хэрэгт олноороо байгаа нь гарцаагүй. Эр нөхрөө алдчихсан мөртлөө хохирогчоор тогтоогдоогүй нь Булганы статус өөрчлөгдсөн байгааг илэрхийлж байна.

3. Захиалагчийн асуудал дуулиан тарилаа. Захиалагч болон гүйцэтгэгч хамтдаа шийтгэгдэх ёстой байсан ч зөвхөн гүйцэтгэгч нар ял авсан нь
- захиалагч нас барсан
- оргон зайлсан
- одоо ч захиалагчийг шалгаж байгаа гэсэн таамгуудад хүргэнэ.
Хэрвээ захиалагч нас барсан бол их хурлын гишүүн О.Содбилэгийн мэдээлсэнчлэн түүний талийгч эцэг Ш.Отгонбилэгтэй холбогдсон байх магадлалтай. Хэрэгтнүүдийн амьдрал ахуй, ар гэрийнхний ярилцлагуудад ч энэ талаар дурьдагдсан.
Оргон зайлсан байх магадлал тун муу. Эдүгээгийн дэлхий ертөнцөд гэмт хэрэг, нэн ялангуяа ийм дуулиант хэрэг үйлдчихээд зугтана гэхэд бэрх болсон.
Одоо ч захиалагчийг шалгаж байх магадлалтай. Хэрэгтнүүд хэргээ хүлээхгүй байх боловч бусад нотлох баримтуудаар захиалагчийн талаарх сэжиг таамгууд үүсч, зарим талаараа нотлогдож байвч гүйцэтгэгчдийг шийтгэсний дараа илүү тодруулах шаардлагатай нөхцөл байдал үүссэн байж болох юм.

4. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй үгүйлэгдсэн хоногууд байлаа. Шүүгдэгчдийн талаар ар гэрийнхнийх нь ярилцлагаас өөр эх сурвалжтай мэдээ бараг байсангүй. Шүүгдэгчдийн хувийн байдлыг тодруулах, үгүй ядаж өмгөөлөгчтэй нь ярилцсан сурвалжлага би л лав харсангүй. 18 жилийн өмнөх ам зургийг шүүгдэгчдийн тухайн үеийн зурагтай харьцуулаад тавьчих санаачлагатан ч гарсангүй.

5. Өмгөөлөгчдийн талаар мэдээлэл бүрхэг байв. Ажлын туршлага, энэхүү хэрэгт томилогдсон уу, эсхүл ар гэрийнхэнтэй нь тохиролцож оролцсон уу г.м. Өмгөөлөгч олон нийтэд хандаж мэдээлэл хийх үүрэггүй, танилцсан нууцаа хадгалах үүрэгтэй ч ядаж л өмгөөллийн ямар тактик барисан, цагаатгуулах хүсэлт гаргаснуу эсхүл ял хөнгөрүүлэх талаар ажилласан уу гэдгээ хэлэхэд л олон зүйл тодорхой болох байв.

6. Нотлох баримтыг цуглуулах арга ажиллагаа, оролцсон этгээдүүд нууц байж болох ч нотлох баримт өөрөө нууц байх ёсгүй. Тухайлбал ямар нотолгоонууд дээр үндэслэж шүүх шийдвэрээ гаргасан талаар заримаас нь ч болов олон нийтэд мэдээлэл хэрэгтэй байна. За шүүх юм чинь зөв л шийдсэн байж таараа гэж бодох хүн тун цөөхөн байна. Мөн татгалзсан хуучин хандлагаа баримтлан цагдан хорих 461-р ангид шүүх хуралдааныг хийсэн нь хүний эрх талаасаа ч ухралт болов.

7. Шүүгдэгч Содномдаржааг С.Зоригоос гадна 2-3 хүний амь насыг хөнөөсөн гэж үзжээ. Хөнөөсөн зорилго нь гэмт хэргээ нуун далдлахын тулд гэж тодорхойлогдох аж. Ингэж үзвэл энэ бол зөвхөн М.Зориг агсныг санаатайгаар алахаас гадна өөр бусад иргэдийг алсан гэмт хэрэг болж байна. Гэмт хэргээ нуун далдлах зорилготой байсан бол аллагыг шууд хамаарлаар мэддэг өөр субьект байсан, Содномдаржаад алагдаагүй бол магадгүй хамт яллагдах байсан гэж шүүх дүгнэлээ гэсэн үг.

8. Хэргийг шалгах ажиллагаа дуусаагүй байх шиг. Болсон үйл явдлуудыг бүхэлд нь харвал тэгж ажиглагдаж байна. Гүйцэтгэгчид хэмээн дээрх иргэдийг шийтгэсэн нь ирээдүйд болох томоохон үйл явдлын эхлэл байж мэдэх

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)