Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Солонгосыг зорьсон баатар эцгийн тухай тэмдэглэл

Эгэл төрх

Биднийг багад дүүжин даажин гэж тоглоом байлаа. Одоо ч зарим орон сууцны хорооллын гадна бий. Хүүхдүүд тоглоомын хоёр талд сууж нэг нэгнийгээ дээш өргөж тоглоно. Тэгвэл монголчуудын амьдрал дүүжин даажин шиг болоод байна. Нэг үзүүрт үл хөвөрч дуусах үнийн өсөлт, байрны лизинг, хоол хүнс, цахилгаан, хувцас хунар зэрэг зардлууд, нөгөө үзүүрт алдаг оног өгдөг сарын 500 хан мянган төгрөгийн цалин. Энэ тэнцвэргүй “наадаан”-д залхасан хүмүүс гадагш гарахын мөрөөсөл болж байна. Тийм ч учраас монголчууд виз мэдүүлэхээр Монгол дахь Солонгосын Элчин сайдын яаманд очиж урт дарааллын араас зогсох болсон. Анх ийм бухимдлыг тээж, болж бүтэх бүх л аргаа ашиглан визээ гаргуулж Солонгосыг зориод ирсэн хүний нэг бол Б юм. Тэрбээр өнгөрсөн оны 10 дугаар сард гурван сарын визээр гарч, хоёр сар хагасын хугацаанд ажиллаад иржээ. Дөрвөн хүүхдийн эцэг, нас 40 хэлбийсэн түүнийг онгоцноос буугаад тухтай ч амраагүй байхад гэрээр нь зочилсон юм. Өмнө нь Солонгосыг зориод ирсэн монголчуудын тухай нийтлэл бэлтгэхэд зориулж мэдээлэл авах тухай сануулсан тул намайг хүлээж байлаа.

 

Сэтгэл уужирсан аавын төрх

 

Гэрт ороход үүдэнд 2-3 том цүнх овоолжээ. Гэрийн эзэн жимс, салат тэргүүтэн өрсөн ширээний ард, хойморт тухлана. Эзэгтэй гал тогоо хавиар хоол цай болох зуур хүүхдүүд аавын авчирсан бэлгийг уудлаад зав алга. Төгсөх ангийн сурагч том хүүдээ шинэ утас авчирсан нь харваас илт. Хүн орж ирсэнийг үл анзааран утсаа “маажих” аж. Харин багачууд нэг нэг тоглоом бариад жижиг өрөө рүүгээ ороод таг болжээ.

 

Гурван сарын турш үсэндээ гар хүргээгүй тул нэлээн ургасан байв. Ажилдаа түүртсэн нь нүүрний байдлаас мэдэгдэнэ. Зовхи нь унжиж, царай нь ядрангуй харагдах аж. Гэхдээ энэ бүхнээс илүү нэг л тайван, уужуу байдал царайнд “ноёлож” байлаа. Та өмнө нь Солонгосоос өөр орон руу явж байсан уу хэмээн асуухад “Үгүй ээ. Хилийн дээс алхаж үзээгүй. Анх удаа Солонгосыг зорьсон. Ёстой өөрийн хар ухаан, азандаа л найдлаа” хэмээн яриагаа эхлэв. Виз нь гарсан монголчуудын дараагийн чухал алхам нь очоод хаана ажиллахаа тогтох явдал байдаг аж. Гэр бүл, найз нөхдөөс нь гарсан бол очоод тосч авах хүн, ажлын байр бэлэн. Харин Солонгост танил тал муутай бол анх удаа явж байгаа хүнд ихээхэн төвөгтэй болохыг хэлсэн. Б визээ гардаж авсны дараа тосч авах хүний эрэлд морджээ. Ингээд холын хамаатны нэгэн залууг эрэл сурал болж олсон байна. “Ашгүй сайн залуу таарч хэл устай залгууллаа. Түүнээс биш над шиг хилийн дээс алхаж үзээгүй хүн онгоцны буудал дээр буугаад л төөрөх юм билээ” хэмээн ярьсан.

 

Тэрбээр Солонгосын далайн эрэг дагуу байрлах Танжин хэмээх хотод ажилласан байна. Тосч авсан залуугийн хамт 20 орчим метр квадрат байрыг түрээслэжээ. Сарын түрээсэнд нэг хүнээс дунджаар 300 орчим мянган вон гарна. Үүнийг монгол мөнгө рүү шилжүүлбэл 600 орчим мянган төгрөг болох аж. Байр жижиг боловч тохилог. “Хөргөгч, ор, шүүгээ зэрэг хэрэглээний бүх зүйлсийг хангасан байсан. Цэвэрхэн, тохьтой суувал боломжийн санагдсан” хэмээн ярьсан.

 

Өдөр хоног мөнгөөр хэмжигдэж байгаа тул маргаашнаас ажилдаа оржээ. Өглөө аль болох эрт сэрэх ёстой. Тэгвэл сайн ажил олдох магадлал нэмэгддэг байна. Учир нь тус хотод хөдөлмөрийн бирж байдаг. Уг биржид өглөө эртлэн очиж бүртгүүлснээр тухайн өдөр хийх ажлаа олдог байна. Гэрээс нь 40 орчим минут яваад бирж дээр хүрнэ. Ингээд тухайн өдөр хийх ажлаа сонгоно. Б-ын хувьд цалин ахиуг нь бодож барилгын ажил хийжээ. Барилгын компаниуд тухайн өдөр шаардлагатай ажиллах хүчний мэдээллийг бирж бүү илгээдэг. Иймд аль болох эрт очиж биедээ таарсан ажил сонгох нь чухал болохыг хэлсэн. Биржид бүртгүүлж тухайн өдөр хийх ажлаа сонгосноор ажлын байр руу явна. Зарим компани олон хүн ажиллуулах бол автомашинаар ирж авна. Зарим нь 08.00 цаг гэхэд ажлын байран дээр ирэхийг хүсдэг байна. Б-ын анхны ажил барилгын талбай шүүрдэх байсан аж. Эхний удаад тосч авсан дүүгээр газарчлуулж ажлын талбар дээрээ очсон байна. Хэл байхгүй тул дохио зангаагаар харилцана. Ингээд ажлын хувцсаа өмсөөд ажилдаа ордог байна. Заасан ажлыг нь хурдан, сайн хийх хэрэгтэй. Хэрэв алгуурлах, муу хийвэл загнуулна. Гэхдээ монголчуудын хувьд хаа очиж ямар ч ажлыг сайн хийдэг, амархан сурдаг байна.

 

Өдрийн цалин 110 мянган вон 

 

Ажлаас өдөр 11 цагийн үед хоол өгнө. “Халуун ногоотой болохоор идэхэд тун бэрх. Арай гайгүй гэснийг түүгээд иднэ. Гэхдээ бага багаар хоолонд дасна” хэмээн ярьсан. Ер нь барилгын компаниуд өдөрт хоёр хоол өгдөг байна. Бусад үйлдвэрүүд өдөрт нэг хоол өгдөг аж. Хоёр дахь хоолыг үдээс хойш өгнө. Ингээд 04.30 гэхэд ажил тардаг байна. “Анх ажлаа дуусчихаад цалин өгөх болов уу яах бол гэж эмээсэн. Монголд хэцүү шүү дээ. Нэг өдөр ажиллуулаад хөөгөөд явуулчихдаг биз дээ. Хүний нутагт ингээд хөөгдвөл би зарга хийж цалингаа авч чадахгүй. Гэтэл ажлаа дуучихаад шүүрээ бариад зогсож байтал нэг нөхөр дуудаад 110 мянган вон өгсөн. Тэгэхэд Солонгост очоод анх удаа тэгж их баярласан даа” хэмээн яриад царай нь мишээсэн. Энэ нь монгол төгрөгөөр 220 орчим мянга юм.

Эхний сард бараг л өдөр бүр өөр газар ажиллана. Өглөө бирж дээрээ очно. Байгаа ажлыг нь сонгоод заасан газар руу явна. Ихэвчлэн барилгын талбай шүүрдэх, шавар зуурах зэрэг ажил хийжээ. Ядраад байвал амарч болох ч нэг өдөр олох 200 мянган төгрөгөө алдана. Иймээс аль болох хоног хугацааг дэмий өнгөрөөхгүй байх ухамсар бие, сэтгэлийг нь эзэмддэг байна. Зарим бороотой өдөр эрт тарах ч цалинг нь хасч таналгүй өгнө. Эхний өдрүүдэд хамт байдаг залуу ажилд нь хүргэж, тосч авч байсан ч сүүлдээ ганцаараа явах хэрэгтэй болжээ. Өдөр бүр өөр газар ажиллаж байгаа тул биржээс барилга руу явсан замаа сайн нүдлэх гэж хичээдэг байна. Биедээ жижиг газрын зураг авч явна. Тараад газрын зургаа үзүүлж хүнээр зам заалгах, эсвэл утсаар хамт байдаг залуутайгаа холбогдож камераар хаа яваа газраа харуулах зэрэг олон аргаар гэртээ харьж байсан аж. Сүүлдээ газраа тодорхой хэмжээгээр баримжаалдаг эхэлжээ.

 

Ажлаа тарж хариад хоол хийж иднэ. Монголд гахайн мах нь үхэр, хонины махнаас үнэтэй байдаг бол Солонгост эсрэгээр байна. Иймээс хямдаар нь гахайн мах авч иддэг байна. Хооллож дуусаад өнөөдрийн авсан мөнгөө өмнөх цалин дээрээ нэмж хадгална. Ингээд амрахын өмнө гэрийнхэнтэйгээ утсаар холбогдож сайн байгаагаа хэлээд унтдаг тухайгаа хэлсэн. Ажил хүнд, дээрээс нь өглөө эрт босдог тул эртхэн унтаж амрах хэрэгтэй байдаг аж. Нөгөөтэйгүүр, телевизийн сувгуудыг нь солиод хэл ойлгохгүй, мөн гадагшаа гараад явах газаргүй тул эхний үед гэрт байхад унтахаас өөр ажил олддоггүй байна. Солонгост 11 сараас хүйтэрснээр гурван сар хүртэл барилгын ажил зогсдог. Иймээс ажил нэлээн багасдаг аж. Эрчүүдийн хувьд хүнд хүчир ажилд сайн тул өндөр цалин авах боломжтой. Харин эмэгтэйчүүдийн хувьд ихэвчлэн зочид буудал, үйлдвэр, зоогийн газар зэрэгт ажиллана. Найман цагаар ажиллабал өдрийн дунджаар 50 мянган вон, харин 12 цагаар бол 70 гаруй мянган вон авдаг аж. “Мэдээж хүн бүр харилцан адилгүй болохоор зарим нь толгой эргэтэл загнана. Хэлийг нь ойлгохгүй. Дээрээс орилоод л байна. Уг нь би чадлаараа л хийгээд байгаа юм. Гэхдээ болдоггүй юм байлгүй. Насаараа ажиллах биш гэж бодоод тэр болгоныг тоохгүй. Заримдаа бухимдал төрөөд байвал монголоор урдаас нь харааж загнана. Тэгэхээр бухимдал арай гайгүй тайлагдана. Гэхдээ ямар ч үед цалингаа яс өгнө. Тэр нь сайхан” хэмээн ярих аж.

Хоттойгоо танилцаад ирвэл “цэцэг” түүж эхэлдэг  

 

Б эхний сардаа энд тэнд ажиллаж байсан бол сүүлдээ нэг газар тогтож ажиллах болсон байна. Далайн эрэгт байрлах барилга дээр хоёр өдөр сайн ажилласан тул цаашид тогтмол ирж ажиллаж байхыг хүсчээ. Иймээс өглөө бүр бирж явах шаардлагагүй болсон байна. Анх шууд харьдаг байсан бол хотын ерөнхий байдлыг гадарлах болсноор зарим өдөр “цэцэг” түүдэг тухай ярьсан. Солонгосчууд хэрэглэхгүй хувцас, тавилга, бусад эд зүйлсээ гэрийнхээ гадна хайрцганд хийгээд тавьчихана. Хувцас хунарыг угаагаад эвхээд хийчихсэн байдаг аж. Эхлээд даахгүй нохой булуу хураана гэгчээр хэрэгтэй гэсэн болгоныг авчирч өрөөндөө хураана. Ингээд утсаар гэрийнхэндээ үзүүлж шилж сонгож байгаад каргонд явуулдаг байна. Гэхдээ каргоны хөлс өндөр, мөн очих гэж заримдаа сар болдог тул аль болох жин багатай, зайлшгүй хэрэгтэй, үнэтэй зүйлсийг явуулахыг боддог аж. Үлдсэнийг нь өрөөндөө хураагаад байна. Нийтлэлийн эхэнд айл руу ороход 2-3 том цүнхтэй зүйл байсан тухай дурдсан. Энэ бол нөгөө “цэцэг” юм.  

 

“Миний ажиллаж байсан барилгын компани нэг сарыг дуустал ажиллахыг хүссэн. Мөн цалингаа нэмнэ гэж хэлсэн. Гэхдээ харлачихвал дахиад гарч чадахгүй шүү дээ. Тиймээс би татгалзсан. Тэд дахиад ирэхдээ онгоцны буудал дээр буугаад шууд л залгаарай. Машин явуулж тосч аваад байрлуулна гэж хэлсэн. Намайг явахад бялуу хүртэл өгсөн шүү” хэмээн ярьсан. Тэгвэл та их сайн ажиллажээ гэхэд “Ер нь хятадууд, мөн өөр олон газраас хүмүүс ирж ажилладаг юм билээ. Бидэнтэй адил хар ажил хийнэ. Гэхдээ монголчууд юмыг их амархан сурна. Хүний арга эвийг ч сайн олно. Надаас гадна нэг монгол байсан. Бусад нь энд тэндээс ирсэн хүмүүс. Тэдний зарим нь огт юм сурахгүй. Тухайлбал, бид хоёр шавар зуурагч машиныг 2-3 ажиллуулаад сурчихсан. Гэтэл зарим нь намайг ажиллах сар хагасын хугацаанд яаж ч зааж өгөөд сураагүй юм даа” хэмээсэн. Гэхдээ тэрбээр монгол хүний хөдөлмөрийн үнэ цэнэ эх орны минь хөгжилд шингээсэй хэмээн боддог тухайгаа ярив.  Тэрбээр “Хэдийгээр гадаадад ажиллаад овоо цалин авч байгаа ч заримдаа бухимдал төрдөг. Би эх орондоо, үр хүүхдийнхээ дэргэд ажиллаж амьдармаар байна. Солонгос шиг сарын 4-5 сая төгрөгийн цалин нэхэхгүй. Хамгийн гол нь ажилтай, сардаа сая төгрөг авдаг. Барааны үнэ нь өсдөггүй байхад боллоо. Тэгвэл би харийн орон зорих хүсэл алга” хэмээн ярьж байна.

 

Баатар эцэг

 

Нийтлэлийн төгсгөлд Б хэдэн төгрөгтэй ирсэнийг сонирхож байгаа байх. Тэрбээр хоёр сар 20 хоногийн хугацаанд ганц ч өдөр амралгүй ажилласны эцэст 10 орчим сая төгрөгтэй иржээ. Мөн ажиллах хугацаандаа гэр бүлийнхэндээ сард 2 сая орчим төгрөг явуулсан байна. Түүнчлэн, хүүхдүүддээ сая орчим воны бэлэг авчирсан аж. Энэ мөнгөө хэрхэн зарцуулах вэ гэхэд “Өр ширээ дарна. Чадвал хөл дүүжлэх унаа авах санаатай. Гэхдээ байрны зээл, дөрвөн хүүхдийн хэрэглээ гээд олон зардал байна. Аль болох зохицуулахыг бодно доо” хэмээсэн. Мөн зунаас дахиж явах санаа байгаагаа ч хэлэв. Нэгэнт л Монголд ажил хомс тул аль болох ойрхон явж тав гурван “цаас” хураах хэрэгтэй хэмээсэн.

 

Хэдхэн сарын өмнө байрны зээлээ төлж чадахгүй болж, бүлтийсэн дөрвөн хүүхдээ хараад санаашран суусан нэгэн аав өнөөдөр харийн оронд хөлсөө урсган байж таван “цаас”-тай золгоод налааж сууна. Энэ байдлыг хүн бүр өөр өөрөөр дүгнэх байх. Зарим нь хувь хүнийг буруутгаж хөөрхийлөлтэй хэмээн бодож болох юм. Мөн төр засгийг ч буруутгах биз. Аль нь ч байсан би энэхүү айлаас үр хүүхдийнхээ өмнө гавьяа байгуулсан баатар эцгийг харсан. Эрүүл саруул, эсэн мэнд яваад мөнгөтэй ирсэн ханьдаа баярлаж гараа гаргаж хоол хийхээр яарах гэргийн баясал, аавынхаа бэлгэнд урамшсан том хүүгийн нүүр дүүрэн инээмсэглэл, чихэр жимсэнд умбаж залхаад шинэхэн тоглоомоороо шуугилдан тоглох бяцхан багачуудын цовоо төрхийг ажин суух Б-ын царайнд ямар их эрч хүч, баясал тодорч байсныг та харсан ч болоосой. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)