Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

ДОЛДУГААР САРЫН 1-НЭЭС ЗОРЧИГЧИД “ЦАХИМ КАРТ”-ААР ҮЙЛЧЛҮҮЛЖ ЭХЭЛНЭ

НИТХ-ийн тэргүүлэгчдийн тогтоолын дагуу Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх “Мастер гэрээ” байгуулсан бөгөөд “Хамтарсан компани байгуулах тухай” НИТХ-ийн тэргүүлэгчдийн тогтоолоор 2014 оны аравдугаар сард Нийслэлийн өмчийн оролцоотой Монгол Солонгосын хамтарсан “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийг байгуулсан билээ.
 
Төслийн хүрээнд Нийтийн тээврийн удирдлагын систем /Bus management system/, Тээврийн хэрэгслийн мэдээллийн систем /Bus information system/, Цахим төлбөр тооцооны систем /Automated fare collection/-ийг нэвтрүүлнэ.
 
Мөн “Нийтийн тээврийн удирдлагын төв”,“Цахим карт”-ийн үйлдвэрийг Нийслэлийн засаг захиргааны IV байранд байгуулна.
 
Төслийн үндсэн хөрөнгө оруулагч, хэрэгжүүлэгчээр “Кореа смарт карт /T-money/” компани ажиллаж байгаа бөгөөд 2015 оны нэгдүгээр сараас эхлэн судалгааны Монгол Солонгосын хамтарсан 10 гаруй баг ажиллаж, Нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг бүх автобусанд судалгаа хийгээд байна.
Яг одоогоор Монгол Улсад тоног төхөөрөмжийн ажиллагаа, мэдээлэл дамжуулалт, сүлжээ, системийн ажиллагааг туршиж байна.
 
Туршилтыг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ийн I баазын М13 чиглэлийн 10 автобус, II баазын Т3 чиглэлийн 10 троллейбус, III баазын М51 чиглэлийн 10 автобусанд суурилуулан туршиж байна. Мөн нийтийн тээврийн хэрэгслүүдэд суурилуулах тоног төхөөрөмж, зорчигчид ашиглах эхний ээлжийн картуудыг үйлдвэрлэж байна.
 
Туршилтыг ажлын дараагаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй 1,200 орчим автобусанд тоног төхөөрөмжүүдийг суурилуулж эхлэх бөгөөд 2015 оны долоодугаар сарын 1-ээс иргэдэд үйлчилж эхлэхээр төлөвлөж байна.
 
Ирэх тавдугаар сараас эхлэн Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврээр зорчих карт буюу “Цахим карт”-ыг худалдах, цэнэглэх цэгүүдийг автобусны буудлуудын ойролцоо 450 цэг, Томоохон зах, худалдааны төвүүдэд 50 цэг байгуулах бөгөөд зорчигчид “Цахим карт”-аа нэг удаа худалдан авч цаашид өөрийн хүссэн хэмжээгээр мөнгө байршуулан цэнэглэж ашиглах юм.
 
Төслийн хүрээнд “Хэрэглэгчийн төв” байгуулагдах бөгөөд “Цахим карт”-тай холбоотой асуудлуудаар иргэдэд үйлчлэх юм.
 
Ахмад настан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, Цагдаагийн албан хаагчид “Хөнгөлөлттэй зорчигчийн карт”-аар, Оюутнууд “Оюутны карт”-аар, Сурагчид “Хүүхдийн карт”-аар, Энгийн зорчигчид “Энгийн карт”-аар үйлчлүүлнэ.
Автобусанд суухдаа бүх зорчигчид урд талын хаалгаар сууж жолоочийн хажууд байрлах карт уншигч төхөөрөмжид “Цахим карт”-аа ойртуулан уншуулах ба дуут дохиогоор хариу өгнө. Буухдаа арын хаалгуудаар гарах бөгөөд хаалганы дэргэд байрлах төхөөрөмжид “Цахим карт”-аа дахин уншуулаад бууна. Төслийн эхний ээлжинд бэлэн мөнгөөр давхар үйлчилнэ.
 
Бэлэн мөнгөөр үйлчлүүлэхдээ жолоочид мөнгөө шалгуулан бэлэн мөнгөний хайрцагт хийх бөгөөд хариулт өгөх боломжгүй тул зорчигчид яг таарсан мөнгөтэй зорчих шаардлагатай.
 
Билет таслагч буюу кондукторууд хяналтын ажилтан болж үргэлжлүүлэн ажиллана. Төслийн хамтран хэрэгжүүлэгч түнш байгууллагуудаар Жи-Мобайл ХХК, Худалдаа хөгжлийн банк ажиллаж байна.ДОЛДУГААР САРЫН 1-НЭЭС ЗОРЧИГЧИД “ЦАХИМ КАРТ”-ААР ҮЙЛЧЛҮҮЛЖ ЭХЭЛНЭ
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)