Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Тахиа жилтнүүдэд элдэв зовлон шаналал, гай барцад нүүрлэж болзошгүй

Урд жилүүдээс бүтэлгүй жил угтаж байна. Элдэв зовлон шаналал, гай барцад нүүрлэж болзошгүй тул зөвхөн өөрийгөө бус өрөөл ах дүү, амраг садан, гэр бүлдээ анхаар. Аз, од тань гийх магадлал бага учир та өөрөө л бүгдийг шийдэж, амьдрал ахуйгаа өөд нь татах хэрэгтэй. Сэтгэл санааны тайван бус байдал танд нөлөөлнө. Ажил тань бүтэлгүйтэж, төлөвлөгөөт мөнгө санасан хэмжээгээр орж ирэхгүй байх, эс бөгөөс санхүүгийн алдагдалд орох, эсрэг хүйстний харилцаа зэрэг асуудлууд таньд түвэг удаж мэднэ. Дээрхээс шалтгаалж таны сэтгэл санаа тогтворгүй болох, аливааг мартах, ажлын идэвх сулрах, удирдлагадаа зэмлүүлэх, анхаарал төвлөрөхгүй байх гэх мэт сөрөг үр дагавар гарч болно. Энэ мэт сөрөг зүйлсээс гадна таны амьдралд багагүй өөрчлөлтүүд гарах тул аль аль талаараа бэлтгэлтэй байх хэрэгтэй.
 
Ивээл зүг: Баруун, Зүүн хойд
Хориглох зүг: Баруун хойд
Ээлтэй өнгө: Хар, цагаан
Зайлсхийх өнгө: Улаан
Азын тоо: 2, 6
Хайрын дурлалд ээлтэй зүг: Өмнөд
Эд баялагт ээлтэй зүг: Зүүн хойд
Эрдэм номонд ээлтэй зүг: Өмнөд
Ажил үйлсэд ээлтэй зүг: Өмнөд
 
АЖИЛ АЛБА
 
 
Тахиа жилийн эхээр таны ажил урагшгүй мэт санагдана. Бахь байдгаараа байгаа нөхцөл байдлыг дээрдүүлэх гээд хүмүүс өөрчлөлт хийхийг илүүд үздэг. Энэ л жишгээр та өөрийнхөө ажлын байрыг солих санаа төрнө. Гэхдээ энэ түр зуурын гацаа, зогсонги байдал гэдгийг жилийн сүүлийн хагаст та мэдрэх болно. Эргэлзээ төрсөн даруйд ажлаа урагшлуулахын тулд өөр арга бодож ол. Ажилдаа тууштай, сэтгэл зүрхээ зориулсан цагт дэмий илүү бодлоосоо өөрийгөө чөлөөлж чадна. Таныг явуулах тал дээр удирдлагууд зөвшөөрөхгүй. Энэ нь эргээд таньд ашигтай. Тэгэхээр та ажлаа солихын өмнө дахин бодох хэрэгтэй. Хэрэв бизнес эрхлэгч бол ажил тань хангалттай урагшлана гэдэг эргэлзээтэй. Таны бизнесийн үйл ажиллагаанд маш олон саад бэрхшээл учирч болох бөгөөд үүний улмаас таны гаргасан шийдвэр асар их хохирол дагуулж болзошгүй. Тиймээс алив нэгэн шийдвэр гаргахаасаа өмнө сайтар бодох хэрэгтэй.
 
МӨНГӨ САНХҮҮ
 
 
Тахиа жилтнүүдийн төдийгүй ер нь хүн бүрийн хөрөнгө орлого эрхэлж байгаа ажлынхаа амжилтаас ихээхэн шалтгаалдаг. Тахиануудад ажил албан тушаал, бизнесээс шалтгаалж хангалттай ашиг орлого орохгүй бололтой. Орлого нэмэгдэхгүй ч буурахгүй. Өөрөөр хэлбэл, таны бич жилд олж байсан орлого өөрчлөгдөхгүй гэсэн үг. Та түрийвчнийхээ нимгэн зузаанаас хамаарч хөрөнгө оруулалт хийх учир түүнээс хураах ургац нь ч багавтар байна. Их, бага нь хамаагүй, тогтвортой, урт хугацааны херөнгө оруулалтыг сонгох нь оновчтой.
 
                       
ХАЙР СЭТГЭЛ
 
 
Тахианууд хайртай хүнийнхээ үзэл бодлыгхүндэтгэ, тэдний үгийг сонс. Ганц бие бол эсрэг хүйсийн хэн нэгнээс дурлалын “мэссэж” ирнэ. Ямар ч хэлбэрээр байж болно. Үүнийг соргогоор ашиглаж, хариу мэдэгдэж чадвал таны ганц бие амьдрал төгсөнө. Олон жил холбоотой байсан эсрэг хүйсийн найз нөхөд дундаас чинь тийм хандлага ажиглагдах магадлал өндөр. Хамтран амьдардаг, нэгэнт үерхэж байгаа хосууд гэрлэх тухай ярилцаад хэрэггүй л болов уу. Хуримлах асуудал энэ жилдээ сөхөхөд тохирохгүй. Үнэхээр гэрлэхийг хүсч байгаа бол жилдээ багтаан шийд. Сайн сайхан  мэдээг дагаж заавал нэг сөрөг зүйл ирдэг учир хурим найрын өдрийг товлохоо эртхэн шийд гэж сануулж байгаа юм шүү.
 
ЭРҮҮЛ МЭНД
 
 
Эрүүл мэндийн багагүй асуудал тохиох жил. Үүн дотроо гэнэтийн осол гэмтэл түүнээс улбаалсан цус алдалт “толгойны өвчин” болж мэдүүштэй. Гэнэтийн осол дотроо зам тээврийн осолд өртөх магадлал их учир болгоомжтой бай. Мөн аз сорьсон, аюултай гэмээр спортоор хичээллэхгүй, тийм уралдаан тэмцээн болж байгаа газраар зорчихгүй байхыг анхаарууллаа. Гэр бүлийн тань хүмүүсийн тэр дундаа өрхийн тэргүүний биеийн байдалд анхаарах цаг болсон. Гэр бүлийн тэргүүний амьдралын хэвшлийг өөрчлөх нь ийм эрсдэлээс хамгаалсан хэрэг болно.
 
ГАЛ ТАХИА ЖИЛД ТАХИА ЖИЛТНИЙ НОЁН НУРУУ, СУУДАЛ, ЗАСАЛ ХАРИУЛГА
 
 
1921 оны төмөр тахиа жилтэн
 
Эр: Галд суусан. Лхам бурхан тахиулж, Ширнэн, Сундуй, Цагаан шүхэрт уншуул. Улаан өнгийн эд бүү ав, хурим найранд бүү яв.
Эм: Усанд суусан. Лхам бурхан тахиулж Алтангэрэлийн даллага авахуул. Хар өнгийн эд бүү ав.
 
1933 оны усан тахиа жилтэн
 
Эр: Усанд суусан. Лхам бурхан тахиулж, Гурвангүрэм, Цэнд, Ширнэн уншуул. Хар өнгийн эд ээлгүй. Жил орж байгаа тул Банзрагч, Цэнд уншуул.
Эм: Галд суусан. Лхам бурхан тахиулж, Алтангэрэлийн даллага авахуулж, Сундуй, Цэнд, уншуул. Толгой цээжний өвчнөөс сэргийл.
 
1945 оны модон тахиа жилтэн
 
Эр: Галд суусан. Лхам бурхан тахиулж, Ширнэн, Цэнд уншуул.  Газар лусын хорлолоос сэргийл. Улаан өнгийн эд бүү ав.
Эм: Усанд суусан. Лхам бурхан тахиул. 73-ны жил орж байгаа тул Найман гэгээн, Банзрагч уншуул. Ус лусаас хол бай. Хар өнгийн эд бүү ав.
 
1957 оны гал тахиа жилтэн
 
Эр: Усанд суусан. Лхам бурхан тахиулж, Жадамба, Лусын сан, Ширнэн уншуул. Хурим найр, хар өнгийн эдээс бузартана.
Эм: Галд суусан. Лхам бурхан тахиул. 61-ний жил орж байгаа тул Цагаан дарь эх уншуул.
 
1969 оны шороон тахиа жилтэн
 
Эр: Галд суусан. Лхам бурхан тахиулж, Алтангэрэлийн даллага авахуул. 49-ний жил орж байгаа тул Юм, Алтангэрэл уншуул.
Эм: Усанд суусан. Лхам бурхан тахиулж Лусын сан, Жадамба уншуул. 49-ний жил орж байгаа тул Алтангэрэл уншуул.
 
1981 оны төмөр тахиа жилтэн
 
Эр: Усанд суусан. Лхам бурхан тахиул. Хар өнгийн эд бүү ав. 37-ны жил орж байгаа тул Нити, Юм Нанжад дүвтэв олонтаа уншуул.
Эм: Галд суусан. Лхам бурхан тахиулж, Түй мандал уншуул. 37-ны жил орж байгаа тул Нити, Юм Нанжад дүвтэв олонтаа уншуул.
 
1993 оны усан тахиа жилтэн
 
Эр: Галд суусан. Лхам бурхан тахиул. Улаан өнгийн эдлэл ээлгүй. 25-ны жил орж байгаа тул Банзрагч, Догсүм уншуул.
Эм: Усанд суусан. Лхам бурхан тахиул. Хар өнгийн эдлэл ээлгүй. 25-ны жил орж байгаа тул Банзрагч, Цэнд уншуул.
 
2005 оны модон тахиа жилтэн
 
Эр: Усанд суусан. Загдзүсүм, Бумчин уншуул. Хар өнгийн эд бүү ав. 13-ны жил орж байгаа тул Найман гэгээн, Усан балин уншуул.
Эм: Галд суусан. Бумчин уншуул. Улаан өнгийн эд бүү ав. 13-ны жил орж байгаа тул Найман гэгээн уншуул.
 
 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)