Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Морь жилтнүүдэд аз, эз хоёр хосолсон жил

Гал Тахиа Морь жилтнүүдэд дундыг баримталсан, тогтвортой жилийг бэлджээ. Аз, эз хоёр хосолсон жил ч гэж болно. Эрүүл мэндээ анхаарах цаг нь болсныг сануулж байна. Амьдралдаа том өөрчлөлт хийе гэж бодож байгаа бол энэ цаг үе боломж олгоно. Аз ивээж, таны хүссэнээр шийдэгдэж ч магад, үгүй ч байж мэднэ. Учир нь бүх зүйл таны гарт. Алдаа гаргадаггүй хүн гэж байдаггүй гэдгийг таны гаргасан жижиг алдаанууд батална. Алдаанаасаа суралцаж, амьдралдаа давтахгүйг хичээ. Таныг тойрон хүрээлэгч “эсрэг баатрууд"- ын “ач”-аар таны зарим ажил урагшлахгүй. Өнгөрсөн хойно нь тэдэнд шанг нь хүртээнэ гэхээсээ өөрийгөө тэднээс “аварч”, аль болох тэдний дайралтад өртөхгүйг хичээгтүн.
 
Ээлтэй зүг: Зүүн хойд, Баруун хойд, Баруун өмнөд
Хориглох зүг: Хойд
Ээлтэй өнгө: Цэнхэр, улаан
Зайлсхийх өнгө: Хар
Азын тоо: 2, 7
Хайр дурлалд ээлтэй зүг: Баруун
Эд баялагт ээлтэй зүг: Баруун
Эрдэм номд ээлтэй зүг: Зүүн
Ажил мэргэжилд ээлтэй зүг: Хойд
 
 
МӨНГӨ САНХҮҮ
 
 
Таныг их хэмжээний мөнгө хүлээж байна. Ажил албан тушаал, бизнестэй тань холбоотой орлого орж ирэх болно. Мөнгө санхүүгээ нэмэгдүүлэхийн тулд танд олон боломж гарч ирнэ. Тэр бүрийг алдалгүй ашиглахыг хичээ. Олсон хэдийгээ сайтар бодолтой хэрэглэхгүй бол төлөвлөгдөөгүй зардлаас болж үрж мэднэ. Бизнесийн үйл ажиллагаагаа сайжруулж, өргөжүүлэхийн тулд өндөр эрсдэлтэй зээл авах тохиолдол гарвал зоригтой хий. Ашиг тус чамгүй их байх болно.
 
 
АЖИЛ АЛБА
 
 
Маш олон өөрчлөлт гарна. Шинэ хамтын ажиллагааны үүд хаалга нээгдэнэ. Ажил хэрэгтээ шинэчлэл хийх, зах зээлээ өргөтгөх, харилцагч байгууллага болоод хувь хүний тоог нэмэх, сүлжээгээ өргөжүүлэх зэрэг шинэ содон ахиц дэвшил гарна. Амжилт олоод биеэ тоохыг тэвч. Биеэ тоосноороо өөртөө олон дайсантай болох эхлэл болж мэднэ. Багаар ажиллаж, хамт олондоо гавьяаг нь үүрүүл. Та ажил үүрэг, ажлын байраа шинэчлэхээр төлөвлөж байгаа бол энэ жил цаг нь биш. Магад цалингаа өснө гэж ийм шийдвэр гаргах гэж байгаа бол хүлээнэ. Таны төсөөлж байснаас байдал буруугаар эргэж мэднэ.
 
 
ХАЙР СЭТГЭЛ
 
 
Морь жилтний хайр дурлалын амьдралд Тахиа дэмжлэг үзүүлнэ. Тохирох, эс тохирох нэгнийг нь сонгох гэж яарах хэрэггүй. Цаг нь болохоор таарамжгүй нэгэн таны амьдралаас өөрөө холдоно. Ажлын шугамаар уулзсан эсрэг хүйстэндээ татагдаж мэднэ. Шинэ харилцаагаа улам гүнзгийрүүлэхдээ болгоомжтой бай. Таны үл тоосон байдал амрагийг тань уйдаах, танаас залхахад хүргэж мэднэ. Гэрлэлтийн асуудлыг нухацтай авч үз, хоорондоо сайн ярилц. Зарим тохиолдолд найз нөхөдтэйгээ хоёр биеийнхээ тухай яриа өрнүүл. Тэр тусмаа эсрэг хүйсийн найз байдаг бол түүнээс зөвлөгөө ав.
 
 
ЭРҮҮЛ МЭНД
 
 
Эрүүл мэнд санаснаар тань сайхан байхгүй нь бололтой. Гэр бүлийн гишүүд дотор элдэв өвчин эмгэг тусах, бэртэж гэмтэх зэрэг эрүүл мэндийн асуудал үүсэх бололтой. Та тэдний эрүүл мэндэд мөнгө зарах асуудал гарна. Танд хууч өвчин байгаа бол түүнийгээ ойр ойрхон шалгаж, эмчид үзүүлээрэй. Морь жилтэй эмэгтэйчүүд умайн хүзүүний элдэв өвчин, үрэвсэлт өвчин тусах магадлалтай. Цаг агаарын өөрчлөлт, даарах зэргээс улбаатай байж мэднэ. Энэ бүгдийг цаг тухайд нь эмчлүүлж чадвал харьцангуй эрсдэлгүй байх болно.
 
 
ГАЛ ТАХИА ЖИЛД МОРЬ ЖИЛТНИЙ НОЁН НУРУУ, СУУДАЛ, ЗАСАЛ ХАРИУЛГА
 
 
1918 оны шороон морь жилтэн
 
Эр: Огторгуйд суусан. Чойжоо бурхан тахиулж, Чогдэн жалва манал, Цэнд уншуул. Хуучин эд бүү ав. Мэнгэ голлосны засал хийлгэ.
Эм: Шороонд суусан. Жамсран бурхан тахиулж, Цагаан шүхэрт уншуул. Хуучин эд бүү ав, газар ад. хорлолоос сэрэмжил.
 
1930 оны төмөр морь жилтэн
 
Эр: Хийд суусан. Лхам тахиулж, даллага авахуул. Ногоон дарь эх, Юм уншуул. Бөө хүнээс болгоомжил. Зүрх, хийн өвчнөөс сэргийл.
Эм: Ууланд суусан. Гомбо бурхан тахиулж, даллага авахуул. Алтангэрэл, Цагаан шүхэрт уншуул. Махны бузраас сэрэмжил.
 
1942 оны усан морь жилтэн
 
Эр: Огторгуйд суусан. Чойжоо бурхан тахиулж, Алтангэрэлийн даллага авахуул. Цэнд, Сундуй уншуул. Үхэгсдийн үйлээс хол бай.
Эм: Шороонд суусан. Жамсран бурхан тахиулж, Алтангэрэлийн даллага авахуул. Нити, Сундуй уншуул. Газар лусын хорлолоос сэргийл.
 
1954 оны модон морь жилтэн
 
Эр: Хийд суусан. Лхам бурхан тахиулж, даллага авахуул. Дарь-Эх, Юм, уншуул. Хуучин эд бүү ав. Мэнгэ голлосны засал хийлгэ.
Эм: Ууланд суусан. Гомбо бурхан тахиулж, даллага авахуул. Алтангэрэл, Цэнд уншуул. Махны бузар, хүнээс хуучин эд бүү ав.
 
1966 оны гал морь жилтэн
 
Эр: Огторгуйд суусан. Чойжоо бурхан тахиулж, Алтангэрэл, Түй мандал, Цагаан шүхэрт уншуул.
Эм: Шороонд суусан. Жамсран бурхан тахиулж, буян хишгийн даллага авахуул. Алтангэрэл, Цэнд уншуул.
 
1978 оны шороон морь жилтэн
 
Эр: Хийд суусан. Лхам бурхан тахиулж, буян хишгийн даллага авахуул. Цагаан шүхэрт, Хамчунагву уншуул.
Эм: Ууланд суусан. Гомбо бурхан тахиулж, Алтангэрэл, Гурван гүрэм, Цэнд уншуул. Ууланд авирахыг тэвч. Ослоос сэрэмжил.
 
1990 оны төмөр морь жилтэн
 
Эм: Шороонд суусан. Жамсран бурхан тахиулж, даллага авахуул. Газар шороо хөндөхийг цээрлэ. Мэнгэ голлосны засал хийлгэ.
Эр: Огторгуйд суусан. Чойжоо, бурхан тахиулж, Додь галсан, Цэнд уншуул. Мэнгэ голлосон тул мэнгэний засал хийлгэ.
 
2002 оны усан морь жилтэн
 
Эр: Хийд суусан. Лхам бурхан тахиулж, даллага авахуул. Сундуй, Цагаан шүхэрт уншуул. Зүрхний өвчнөөс сэргийл.
Эм: Ууланд суусан. Гомбо бурхан тахиулж, Ариунсан, Цагаан шүхэрт уншуул. Гэнэтийн ослоос болон махны бузраас сэргийл.
 
2014 оны модон морь жилтэн
 
Эр: Огторгуйд суусан. Загджүсүм, Бумчин, Гомбын нүрзэд, Банзрагч, Сундуй уншуул. Өндөрт мацахыг цээрлэ.
Эм: Шороонд суусан. Загдзүсүм, Бумчин, Гомбын нүрзэд, Түй мандал, Банзрагч, Сундуй уншуул.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)