Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Тус хуралд Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны дарга Ж.Батзориг, СӨБ-ийн ҮЭ-ийн хорооны дарга Д.Саранцэцэг, ШУ-ы хүрээлэнгийн ҮЭ-ийн хорооны дарга Т.Баясгалан болон бусад хүмүүс оролцож мэдээлэл өглөө.
Энэ сарын 28-ны өдөр Багш нарын онц их хурал хийхтэй холбоотой зардлыг БШУ-ы ҮЭ-ийн холбооноос гаргуулах хүсэлтийг Багшийн цалинг нэмүүлэх түр хорооноос гаргасан. Тус ҮЭ-ийн холбооны Гүйцэтгэх хорооны хурлаас Багш нарын онц их хуралд оролцох хүсэлтэй байгаа мэдэгдэж, зардлыг гаргах боломжгүй байгаагаа илэрхийлсэн. Учир нь Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны үйл ажиллагааны болон санхүүгийн төлөвлөлт жилээр хийгдэж батлагддаг байна. Гэтэл түр хорооны зүгээс ҮЭ-ийн байгууллагыг үгүйсгэж, ҮЭ-д итгэх хэрэггүй түр хороо л багш нараа хамгаална, өмөөлж хамгаалдаг гэсэн зүйлийг ярих болсон байна.
ҮЭ-ийн байгууллага ямар онцлогтой байгууллага болох талаар тодорхой мэдээлэлгүйгээр санаатайгаар олон нийтийг төөрөгдүүлэх, хутган үймүүлэх зорилготой ҮЭ-ийн байгууллагыг үгүйсгэсэн худал мэдээллийг нийгэмд түгээж байгааг салбарын ҮЭ-ийн холбооны зүгээс буруушааж зохисгүй үйлдэл гэж үзэж буйгаа Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны дарга Ж.Батзориг энэ үеэр илэрхийллээ.
Тус холбоо Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос тавьж байгаа багшийн цалинг нэмүүлэх асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлж, түр хороог ажиллах нөхцөлөөр хангах үүднээс бололцоотой арга хэмжээнүүдийг авч дэмжлэг үзүүлж ажиллаж байгаагаа ҮЭ-ийн гишүүд, олон нийтэд мэдэгдлээ.
Зөвхөн багш нарын төдийгүй, нийт төрийн албан хаагчид, багшийн цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрээр зохицуулдаг. Энэ зохицуулалтыг манай улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд орсон үеэс буюу сүүлийн 25 жил мөрдөөд явж байгаа.
Өнгөрсөн хугацаанд багшийн цалин хөлс дунджаар 866 дахин нэмэгдэж, 1995 оны ажил хаялтаар багшид ур чадвар, мэргэжлийн зэргийн, хөдөө орон нутгийн, анги даалтын, кабинетийн зэрэг нэмэгдэл хөлс олгох асуудлыг шийдвэрлүүлж чадсан. Түүнчлэн, цалин хөлсийг нэмэгдүүлэх дээрх шийдвэрүүд нь зөвхөн багшийн бус боловсрол, шинжлэх ухааны салбарын нийт ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлсэн шийдвэр байсныг хэлэх хэрэгтэй. ҮЭ-ийн холбооны зүгээс нэг сургууль, цэцэрлэгт нэг зорилгын төлөө ажиллаж байгаа бусад ажилчдын асуудлыг орхин зөвхөн багшийн цалин хөлсийг нэмэгдүүлэхийн төлөө санал гарган ажиллах ёсгүй гэж үзэж байна.
Цалинг нэмэгдүүлэх асуудлаар МҮЭ-ийн холбоо болон салбарын ҮЭ-ийн холбооноос хамтын маргааныг хуулийн хүрээнд үүсгээд уг асуудлыг шийдвэрлүүлэхийн төлөө тууштай ажиллаж байгаа болно. Шаардлагатай тохиолдолд ҮЭ-ийн гишүүдийнхээ хөдөлмөрлөх эрхийг хамгаалахын төлөө хууль ёсны тэмцлийг ҮЭ-ийн байгууллагад хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд зохион байгуулна. Гэхдээ улс орны эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалтай холбоотой удааширч байна. Одоо мөрдөж байгаа 2017-2018 оны Улсын хэлэлцээрт энэ асуудлыг 2018 оны төсвийг УИХ-д оруулахаас өмнө нэмэлт хэлэлцээр хийж шийдвэрлэхээр шинээр байгуулагдсан Засгийн газартай 2017 оны нэгдүгээр сард тохирсон. Ингээд уг асуудлаар 2017 оны зургаадугаар сард нэмэлт хэлэлцээрээ эхлүүлсэн ч Засгийн газрын зүгээс цалин нэмэгдүүлэх тодорхой хувилбар, санал гаргахгүйгээр хэлэлцээрийг удаашруулсан тул МҮЭ-ийн холбооны зүгээс хамтын маргаан үүсгээд байна. Хөдөлмөрийн тухай хуульд заасан хамтын маргааныг шийдвэрлэх журмын дагуу зуучлагчийн шатаар маргаанд орохоор болсон. Цалин нэмэх асуудал зөвхөн багш бус, эмч, соёл урлагынхан цаашлаад нийт төрийн албан хаагчдын тулгамдсан асуудал болоод байгаа. Ингээд хамтын маргааныг талууд хэлэлцэн тохиролцож шийдвэрлэж чадахгүй бол 10 сарын 23-ны өдрөөс хугацаагүй ажил хаялтыг гол нь хуулийн дагуу буюу ажлын байр, цалин хөлсөө алдахгүйгээр зарлах эрх үүснэ. Хэдийгээр асуудлыг шийдвэрлэх нь чухал ч бидний хэнд нь ч хэн нэгнийхээ ажил амьдралыг золиослох, хууль бус зүйлд турхирах эрх байхгүй гэж үзэж байна.
МҮЭ-ийн холбоо болон салбарын ҮЭ-ийн холбооны зүгээс хамтын маргааныг хуулийн хүрээнд амжилттай шийдвэрлүүлэхийн төлөө тууштай ажиллаж шаардлагатай тохиолдолд ҮЭ-ийн гишүүд, ажилтнуудынхаа хөдөлмөрлөх эрхийг хамгаалахын төлөө хууль ёсны тэмцэлийг зохион байгуулах болно.