Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг өөрийнх нь намын 3- гишүүн гарын үсэг цуглуулж байгаад огцрууллаа. МАН түүхэндээ өөрийн байгуулсан Засгийн газраараа туг тахиж үзээгүй гэх бардамнал түүх болон үлдэв. Одоо МАН засгийн эрхэнд гарахаараа төрийн тогтвортой байдлыг хангаж чаддаг гэж хүний өөдөөс эгцэлж харж байгаад ярьж чадахааргүй боллоо.
Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан хэд хэдэн үндэслэл дотор Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн тухай дурдсан. Засгийн эрх мэдлийг атгаж байгаа аливаа улс төрийн намын гол нүүр царай, олон нийтээс өгч байгаа үнэлгээний шууд тусгал нь Засгийн газар байдаг нь үнэн. Тийм ч учраас МАН-ын 32 гишүүн нам дотроо “бослого” дэгдээж байгаад Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг 2017 оны 9-р сарын 07-нд огцрууллаа. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх засаглалыг тэргүүлж байсан Ж.Эрдэнэбат ба түүний багийнханд Ерөнхийлөгчийн сонгуульд намаа ялагдуулсан бурууг тохож, улс төрийн хариуцлага хүлээлгэлээ.
НИТХ-ын дарга Ц.Сандуй өргөдлөө өгч албан тушаалаасаа чөлөөлөгдөв. Тэрбээр НИТХ-ын даргаас гадна Нийслэлийн МАН-ын хорооны даргын албаа хамтад нь өгөхөөр шийдсэнээ олон нийтэд мэдэгдсэн юм. Ажлаа өгөх болсон хэд хэдэн үндэслэл байснаас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч нийслэлийн 7 дүүрэгт ялагдал хүлээсэн учир улс төрийн хариуцлага хүлээж байгаагаа тов тодорхой илэрхийлсэн байсан. Түүний өргөдлийг НИТХ-ын төлөөлөгчид хүлээн авч 2017 оны 09-р сарын 22-нд сонгуульт ажлаас нь чөлөөлөв. НИТХ дахь МАН-ын бүлгийн 16 төлөөлөгч Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсний хариуцлагыг намынхаа удирдлагуудаас нэхэж, тэрүүхэн тэндээ “эсэргүү бүлэг” байгуулаад амжсан. Энэ мэт шил шилээ дарсан улс төрийн үйл явдлуудын үр дүнд Ерөнхий сайд, НИТХ-ын дарга нар өөрийнхөө намын нөхдийн санаачилгаар албан тушаалаасаа чөлөөлөгдөж, улс төрийн хариуцлагаа хүлээлээ.
МАН дотор эрчээ аваад буй хариуцлагын энэ салхи хаа хүрээд зогсох бол. Зөвхөн Ж.Эрдэнэбат, Ц.Сандуй нараар туг тахиад зогсох уу, шат шатандаа хариуцлагаа шударгаар тооцоод цааш үргэлжлэх үү гэсэн асуулт гарч ирж байна.
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн М.Энхболд ялагдал хүлээсэн ч УИХ-ын дарга, МАН-ын даргын албаа үргэлжлүүлэн хашсан хэвээр байгаа. Хэвлэлийнхэнтэй уулзахдаа МАН-ын даргын албаа өгнө гэж итгэл муутайхан дуугарсныг эс тооцвол хариуцлага хүлээх эсэх нь эргэлзээтэй хэвээр. 2009 онд Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаны дараа С.Баяр хариуцлагын талаар нэлээн хатуухан үг хэлж байв. Тэрбээр “Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалт, ялагдал улс төрийн нам гэхээсээ илүү тухайн нэр дэвшигчийн өөрийнх нь үйл хөдлөлөөс ихээхэн шалтгаалдаг” хэмээн хатуурхаж байсан удаатай. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлаас харахад М.Энхболд МАН-ын даргын албаа өгөөд УИХ-ын даргын ажлаа үргэлжлүүлэн хаших бололтой байна.
М.Энхболдод ялагдлын гашууныг хамгийн ихээр мэдрүүлсэн газар бол нийслэл Улаанбаатар хот. Нийслэлийн 9 дүүргийн долоод МАН-ын нэр дэвшигч ялагдсан. Энэ нь нэг талаас М.Энхболдод өгсөн дүн боловч нөгөө талаас Улаанбаатарт гүйцэтгэх эрх мэдлийг атган суугаа Су.Батболд Засаг даргын ажилд нийслэлчүүдийн өгсөн үнэлгээ гэж ойлгож болно. Ажлаа аваад жил гаруйн хугацаа өнгөрсөн боловч нийслэл Улаанбаатарын хөгжлийг түргэтгэх далайцтай ажил хийгээгүй, өмнөх Засаг даргын үед эхлүүлсэн бүтээн байгуулалтуудыг гацаасан, бодлогын олон алдаа гаргасан гээд тоочвол урт жагсаалт гарна. 2016 оны сонгуулиар нийслэлийн нэг ч иргэнээс мандат аваагүй хэрнээ нутгийн “ах” М.Энхболдоор крандуулаад Засаг дарга болсон Су.Батболд бүтэн жилийн хугацаа өнгөрөхөд Улаанбаатарынхны дэмжлэгийг хүлээж чадаагүйг Ерөнхийлөгчийн сонгуулиар 7 дүүрэгт ялагдсан үр дүн бэлхнээ нотлоод өглөө. Улсын хэмжээнд ялагдсаны хариуцлагыг Ж.Эрдэнэбатын Засгийн газар үүрээд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байхад нийслэлийн 7 дүүрэгт унагасны хариуцлагыг Засаг дарга Су.Батболд үүрэх нь шударга байх зарчимд нийцнэ. Харамсалтай нь УИХ-ын танхимын зөөлөн суудалд олон жил шигдсэн энэ эрхэм улс төрийн хариуцлага хүлээхийн оронд Нийслэлийн МАН-ын хорооны дарга болж эрх мэдлийн барьцаа улам ахиулахаар мөрөөдөх болсон гэлцэж байна.
Хэрэв Нийслэлийн МАН-ын даргад санаархвал, хариуцлагаас башир аргаар мултрахыг оролдвол крандуулж нийслэлийн Засаг дарга болсон Су.Батболдыг амбаардаад явуулна гэх МАН-ын гишүүн цөөнгүй болжээ.
НИТХ-д МАН-аас нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгч Ц.Байгальмаа өөрийн твиттер хуудсанд “Нийслэлийн нэг ч иргэний дэмжлэг аваагүй хүн Засаг даргаар ажиллаж байгаад би ч гэсэн бухимдаж байна” гэж жиргэсэн байна лээ. Юутай ч сонгуулийн ялагдлаас үүдсэн МАН доторх хариуцлагын салхи хаашаа эргэхийг харах л үлдлээ.
Б.ТҮВШИНТӨГС