АТГ-аас сар болгон зохион байгуулдаг хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Уг хэвлэлийн бага хуралд АТГ-ын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Н.Дамдинсүрэн нар мэдээлэл хийлээ. Энэ сарын байдлаар АТГ-т 69 дуудлага хүлээн авч үүнээс 48 гомдол дээр ажилласан. Иргэдээс ирсэн гомдлыг агуулгаар нь авч үзвэл ИТХ, Засаг даргын үйл ажиллагаатай холбоотой 9 өргөдөл гомдол, МХЕГ, газрын алба, гааль, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой 13 гомдол мэдээлэл ирсэн байна. Төрийн албан хаагчдад, төрийн өмчит үйлдвэрийн газруудад шагнал урамшууллыг хавтгайруулан олгодог тохиолдлууд их байна.
Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хувьцаат компани хувьд 2015 оны хувьд 2.2 тэрбум, 2016 онд 2.7 тэрбум, 2017 оны нэгдүгээр улиралд буюу ажлын хэсгийг ажиллаж байх үед 381 сая төгрөгийн урамшууллыг олгосон. Энэ урамшуулал нь сар бүр тухайн албан хаагчдад олгодог урамшууллын тогтолцоог бий болгосон. Энэ урамшууллын тогтолцоо нь зарим төрийн байгууллагын бүтэн жилийн төсөвтэй тэнцэхүйц хэмжээтэй байгаа ажээ. Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хувьцаат компани нь хувийн компаниудад интернэт сүлжээ буюу шилэн кабель түрээслэх үйлчилгээгээр өрсөлдөж үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл төрийн өмчийн оролцоотой гэдэг байдлаар төрд өөрөө орж монополь байдал тогтоож буцаагаад төрд өндөр үнээр түрээсэлдэг байна. Өөрийн орлогоо ч ингэж бүрдүүлдэг. АТГ энэ мэт зөрчлүүдийг илрүүлж, зарим шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна гэж АТГ-ын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Т.Баярхүү мэдээллээ.
Ашиг сонирхолын зөрчил үүсгэж болзошгүй хоёр этгээдийг хянажээ
АТГ энэ сарын байдлаар нийтийн албанд томилогдохоор 1029 этгээдийн хувийн ашиг сонирхолын мэдүүлэгийг авч 821 этгээдийн урьдчилсан мэдээллийг хянаж шийдвэрлэсэн байна. Цагдаагийн ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газраас дийлэнх нь ирсэн аж. Эдгээрээс илт ашиг сонирхлын зөрчилтэй 2 этгээдийг хянасан байна. Тухайлбал Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын архитекторын ажлын албанд томилогдохоор нэр дэвшсэн Б нь ажлын байрны ерөнхий тодорхойлолт хангахгүй, мөн барилга байгууламж зураг төсөл боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани үүсгэн байгуулагч, 100 хувь эзэмшигч захирлаар бүртгэлтэй нэгэн гэнэ. Эрхлэх асуудлын хүрээнд албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд ашиг сонирхолын зөрчил үүсэж болох нөхцөл байдал тогтоогдсон тул нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн 23.7 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлж ажиллахыг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөлтийн газарт хариу мэдэгджээ. Мөн Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын Завхан аймаг дахь улсын бүртгэлийн хэлтэст улсын бүртгэгчээр томилогдохоор нэр дэвшсэн Д нь тус сумын ИТХ-ын төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэж байгаа нь төрийн албаны хуулийн 15-р зүйлийн 15.1.8-д заасан төрийн жинхэнэ албан хаагч аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдох, аж ахуйн нэгж, нам олон нийтийн байгууллагад орон тооны бус тушаал хавсран гүйцэтгэнэ гэсэн заалтыг зөрчсөн байна. Иймээс нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлж ажиллах талаар Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт хариу мэдэгджээ.
Г.Цэнд-Аюуш