Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг : Гадны төсөл, хөтөлбөрийг цаас биш ажил болгоё

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын “Хамтын ажиллагааны бодлого, чиглэл” зөвлөлдөх уулзалт өчигдөр амжилттай болж өндөрлөлөө.  Засгийн газрын дунд хугацааны бодлого, үйл ажиллагааны зорилтыг хэрэгжүүлэхэд түншлэлийн хамтын ажиллагааг чиглүүлэх, уялдуулах  зорилго бүхий энэ жилийн Зөвлөлдөх уулзалтыг “Хамтын ажиллагааны бодлого, чиглэл” сэдвийн дор Сангийн яам, Үндэсний хөгжлийн газар, НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сантай хамтран зохион байгуулсан юм.
 
Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбарын нэг болох хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт нийт ажиллах хүчний 53,9 хувь ажиллаж, тус салбарын үйлдвэрлэл дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 31,2 хувийг бүрдүүлж байна. Хүнс, хөдөө аж ахуй , хөнгөн үйлдвэр гэх  энэ том салбарт 1991-2017 оны хугацаанд түншлэгч орон, олон улсын байгууллагуудын санхүүжилтийн эх үүсвэрээр нийт 136,4 сая ам долларын 10 төсөл, хөдөөгийн хөгжлийн чиглэлээр 46,8 сая ам.долларын 2 төсөл, үйлдвэрлэл, худалдааны салбарт 152,4 сая ам.долларын 13 төсөл хэрэгжсэн байна.
 
Салбарын хөгжлийн өнөөгийн түвшин, ахиц дэвшлийг бий болгох, улс орны нийгэм, эдийн засгийн тодорхой хүндрэлтэй цаг хугацааг даван туулахад олон улсын хамтын ажиллагаа, дэмжлэг, хөрөнгө оруулалтын туслалцаатайгаар хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүд тодорхой хувь нэмэр, эерэг нөлөөллөө үзүүлсээр ирсэн. Гэвч зарим тохиолдолд гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүд зузаан тайлан, цаас болон салхинд хийссээр байна.  Иймээс салбарын хөгжилд бодитой тус нэмэр болох, үр дүн нь тодорхой харагдахуйц, үйлдвэрлэлийг дэмжсэн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, тэргүүний технологи, туршлагыг түгээн дэлгэрүүлэх тал дээр  гадны хөрөнгө оруулалттай төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг чиглүүлж ажиллахаа ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг тодотгон илэрхийллээ.  
 
Өнөөдрийн арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч ОХУ, Франц, Герман, Канад, Чех улсын Элчин сайдын яам, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Швейцарийн хөгжлийн агентлаг, ЖАЙКА, КОЙКА, ТИКА байгууллагын суурин төлөөлөгчийн газар, Мерси кор, АДРА, Дэлхийн зөн олон улсын байгууллагууд идэвхи зүтгэлтэй, санаачилгатай оролцлоо.
 
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үйл ажиллагаа, төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд түншлэлийн хамтын ажиллагаа чухал төдийгүй хамтын ажиллагааны үр өгөөжийн суурь нь хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг үр дүнтэй болгох, хөрөнгө оруулалтыг зөв чиглүүлэх, уялдааг хангах асуудал гэдэг дээр  уулзалтын үр дүн төвлөрлөө.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [66.181.181.106] 2017/11/02
ZASGIIN GAZART BODLOGO HEREGJUULEGCH INJENERIIN YAM BII BOLGOMOOR BNA