Үл таних этгээдүүд дөрвөн сарын турш ухсан 8 м урт хонгилоороо дамжин Энэтхэгийн баруун нутгийн Мумбай хотын төрийн өмчийн “Барадо” банкийг дээрэмдсэн хэрэг гарчээ.
“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, банкнаас бэлэн мөнгө болон үнэт эдлэлүүд хулгайд алдагджээ. Гэхдээ хэр их хэмжээний мөнгө, хэдэн төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэл алдагдсан нь хараахан тодорхойгүй байна.
Цагдаа нар мэдэгдэхдээ “Гэмт этгээдүүд хонгил ухахдаа бусдад сэжиг авахуулахгүйн тулд “Барадо” банкны хажуу дахь хоосон зайг түрээслэн хүнсний мухлаг ажиллуулж байсан байна” гэв.
Сэжигтнүүд өнгөрсөн долоо хоногийн бямба гарагийн орой банк дээрэмдээд зугтсан байна. Хулгай орсныг банкны ажилтнууд даваа гарагийн өглөө мэдээд, цагдаа дуудсан аж. Эх сурвалжийн мэдээлснээр, “Барадо” банкны 225 сейфний 30-ыг нь дээрэмчид тоножээ.
Тус банкинд үнэт эдлэл болон мөнгөө хадгалуулж байсан Дагду Гавани гэдэг хүн сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Би бүх л амьдралынхаа турш олж цуглуулсан мөнгө, үнэт эдлэлээ энэ банкны сейфэнд хадгалж байсан. Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн үнэт эдлэлүүдийг хулгайд алдчихлаа” гэжээ.
Сэжигтнүүдийг Энэтхэг даяар эрэн сурвалжилж байна.
Ц.Аюу