Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Ө.Энхтүвшин: Замын-Үүд чөлөөт бүсийг даруй нээе

Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр (2017.12.18) Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь Замын-Үүд чөлөөт бүсэд ажиллалаа. Тэрбээр Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч болон холбогдох албаны хүмүүст үүрэг өглөө.
 
Шадар сайд Ө.Энхтүвшин “Замын-Үүд чөлөөт бүсэд 58.8 сая ам.долларын хөрөнгө орсон байна. “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн эхний шат хэрэгжсэн. Энэ бүсийг яаралтай эргэлтэд оруулахгүй дахиад нэг жил өнгөрөхөд Замын-Үүд чөлөөт бүсийг олон нийт сураглахаа ч больж мэднэ. Усан хангамж, ариутгах татуурга, авто зам, холбоо дохиолол, дулаан болон цахилгаан хангамжийн 4 багц ажлын гүйцэтгэлтэй танилцлаа. Одоо чөлөөт бүсээ нээ, ажлаа эхэлье” гэв. “Алтанбулаг чөлөөт бүсийн туршлагаас харахад, чөлөөт бүсэд Гаалийн тухай, Чөлөөт бүсийн тухай хуулиуд зөрчилддөг, төрийн байгууллагуудын уялдаа холбоо муу байгаа нь ажиглагдсан. Тиймээс Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, БХБЯ, ГХЯ зэрэг чөлөөт бүсийн ажил хэрэгт оролцоотой бусад байгууллагын хамтарсан Ажлын хэсэг байгуулж, хууль журмын зохицуулалтыг нэг мөр болгоно. Чөлөөт бүс Алтанбулаг-Замын-Үүдийг холбосон олон улсын тээврийн Н2 автозамыг ашиглах ёстой” гэж Шадар сайд хэллээ. 
 
Чөлөөт бүсэд баригдаад байгаа барилга байгууламжуудыг Замын-Үүд чөлөөт бүсийн ажлын алба өөртөө төвлөрүүлэх, удирдлага, үйл ажиллагааны менежмент, гүйцэтгэлийг хариуцан ажиллахад бэлэн гэдгээ энэ үеэр илэрхийлсэн бол Шадар сайд тэдэнд хандан энэхүү томоохон хөрөнгийг ямар тооцоо, судалгаагаар эдийн засгийн эргэлтэд оруулах, үр дүнтэй ашиглах ул суурьтай төлөвлөгөө байгаа, эсэхэд нь эргэлзэж байгаагаа хэлсэн юм. Замын-Үүдийн чөлөөт бүсийн үйл ажиллагаа эхлэхэд 2 обьектыг ашиглалтад бүрэн өгөхөд 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилт дутсан, мөн станцуудын үйл ажиллагааны зардалд төрийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай гэдгийг нотлох тооцоог тус бүсийн ажлын албаны захирагч И.Батнасан өгүүлсэн.
 
 
Шадар сайд Ө.Энхтүвшин хил дээр алба хаагчидтай ярилцлаа
 
Шадар сайд Ө.Энхтүвшин Замын-Үүд дэх Хилийн мэргэжлийн хяналтын албаны үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчидтай (2017.12.18) уулзаж ярилцав.
 
2017 онд Замын-Үүд боомтоор 3134 галт тэрэг, 277013 автомашин, 1 сая гаруй зорчигч нэвтэрчээ. Хилийн постоор нэвтрэгчдийн хөдөлгөөн ихэссэн ч тэдэнд үйлчлэх цогцолборын багтаамж хэтэрхий бага байгааг албан хаагчид ярьж байна. Уг цогцолборт хилийн мэргэжлийн хяналтынхнаас гадна гааль, иргэн харьяатын албаныхан гээд хяналтын бүхий л байгууллагууд үйл ажиллагаагаа явуулдаг тул оффисын өрөө тасалгаа гэж үгүй. Албан хаагчид цалингаа нэмүүлэх, хуучирч муудсан компьютераа сайжруулах, гадаа ажилладгаас нормоос түрүүлээд элэгдчихдэг гутал, хувцасны хангалтыг сайжруулах шаардлагатайг Шадар сайд болон МХЕГ-ын дарга нарт дуулгасан.
 
МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү 2018 онд шинээр 5 компьютер албан хаагчдад өгөх, 60 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээ амлаад “Миний хувьд Замын-Үүдийн байцаагч нарын ажиллах нөхцлийг сайн мэддэг учраас үргэлж анхаарлын төвд байдаг. Тиймээс МХЕГ-ын удирдлагын зүгээс бүх боломжоороо дэмжинэ” гэв. 2018 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэх тухайд Засгийн газар ОУВС-тай хэл амаа ололцож эхэлснийг Шадар сайд Ө.Энхтүвшин албан хаагчдад хэллээ
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)