Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

С.Эрдэнэбат: Тэтгэврийн нас, НДШ, ХАОАТ татваруудыг дахин авч үзэж нягтлах хэрэгтэй

МҮЭХ-ний дэд дарга С.Эрдэнбаттай тэтгэвэрийн нас болон татвар шимтгэлийн тухай цаг үеийн асуудлаар ярилцсанаа хүргэж байна. 
 
- Тэтгэвэрийн насыг нэмсэн асуудал дээр   Үйлдвэрчний эвлэлийн байгууллага ямар байр суурьтай байгаа  вэ?
 
- Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас тэтгэвэрийн асуудлыг удаа дараа тавьж байгаа. Засгийн газар сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг ОУВС-тай гэрээ тохиролцохдоо Монгол Улс төсвийн орлого, зарлага, татвар, нийгмийн даатгалыг нэмэгдүүлэх шаардлага тавьсан. Гэхдээ яг энэ татварыг ингэж нэмье гэсэн шаардлагыг тавьсан гэж ойлгохгүй байгаа. Гэтэл манайхан сонгохдоо нийт массд хамааралтай, нийт ард түмэнд ачаалал үүрүүлэхээр асуудлыг шийдвэрлэсэн. Тухайлбал тэтгэвэрийн насыг олон улсын жишигт хүргэнэ гэдэг нэрийн доор тэтгэвэрийн насыг 65 болгоно гэдэг асуудлыг тавьсан. Хэдий урт хугацаанд шийдэж байгаа боловч хууль зохицуулалтын хувьд олон талын байр суурийг авч хэлэлцээгүй шийдсэн. Өөрөө хэлбэл Үйлдвэрчний эвлэл, ажил олгогчдын байр суурийг улсын хэлэлцээрээр хэлэлцсэний дараа энэ асуудлыг авч хэлэлцээгүй. Шууд шийдсэн. Энэ нь алдаа гэж бид бүхэн үзэж байна. Үйлдвэрчний эвлэлээс тавьж байгаа шаардлага бол тэтгэвэрийн насыг огт битгий нэмээ гэдэг зүйл тавиагүй. Сонголттой болго гэсэн шаардлагыг тавьж байна. Мэргэжил бүхэн, ажил бүхэн өөр. Уурхайд ажиллаж байгаа хүн нэг өөр оффист ажиллаж байгаа хүн нэг өөр байдаг. Хүний бие физиологийн асуудал хүртэл өөр байдаг. Тийм учраас тэтгэвэрийн насыг сонголттой болгох хэрэгтэй. 70 хүртэлээ ажиллах сонирхолтой байгаа хүн даатгалаа төлөөд ажиллах нь нээлттэй байг. Энийг шийдэх асуудал өнөөдөр ч нээлттэй байна. 
 
- Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлсэн. Энэ нь ажилчдад ачаалал өгч байгаа болов уу?
 
- Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлсэн. Гурван жилийн хугацаанд ажилтанаас авахыг 2.5 хувиар, ажил олгогчоос авахыг 2.5 хувиар нийтдээ 5 хувиар нэмсэн. Энэ нь ажилчдын цалин дээр ачаалал өгнө. Энэ асуудлыг авч үзэх шаардлагатай байна. Яг энэ үед нэмэх нь зөв үү буруу юу. Нийгмийн даатгалын сан алдагдалтай байгаа гэдэг нэрийн дор шууд татвар нэмж болохгүй. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх нь ажилтаны цалин хөлс нэмэгдээгүй тохиолдолд  шат дараалан татваруудыг нэмэх нь бодит орлогт сөргөөр нөлөөлнө. Тийм учраас нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдүүлж байгаа асуудлаа эргэж харах шаардлагатай байна. Энэ нь ажлын байрыг шинээр бий болгох, ажилтаны тоо цомхотгох, цалин хөлсийг нэмэхгүй байх сонирхолыг өдөөж байна. Хүмүүсийн цалин хөлс орлогыг нэмэгдүүлсэний дараа нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх шаардлага байгаа. Дээрээс нь тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нэмж байгаа. Тэтгэвэрийн даатгалын шимтгэл нэг талаараа хамгийн шударга бус шимтгэл юм.  30, 40 жил ажилаад нийгмийн даатгалын шимтгэл төлөөд нэрийнхээ дансанд байгаа мөнгөө авч чадахгүй нас барж байгаа хүмүүс зөндөө байна. Тэтгэвэрийн даатгалын сангаас энэ хүмүүст нэг сарын тэтгэмж өгдөг. Тэр хүний насаараа хуримтлуулсан мөнгө нь хаашаа орж байна вэ гэхээр өөр нэг хүний сан руу орж байна. Энэ хамгийн шударга бус хэлбэр юм. Харин тэр хүнд ямар нэгэн юм тохиолдлоо гэхэд ар гэрт нь үлдээдэг гэх мэтээр шийдсэн бол хүмүүс нийгмийн даатгалын шимтгэлээ илүү төлөх сонирхолтой болно. Хуучин ажил олгогч НД д 19 хувийг төлдөг байсныг буулгасан. Ирэх жил эдийн засаг сайн байх уу үгүй юу гэдэг төдийлөн тодорхой бус байна. Ийм үед шууд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх нь ачаалал үүсгэнэ. Сүүлийн гурван жилийн хугацаанд төрийн албан хаагчийн цалин хөлс нэмэгдээгүй энэ үед шимтгэл нэмэх нь хэр зөв бэ. Ийм учраас энэ асуудлыг эргэн харах хэрэгтэй. 
 
- Хүнд хэцүү нөхцөлд ажилладаг хүмүүсийн татварыг нэмсэн нь нийгэмд бухимдал төрүүлж байна. МҮЭХ-ний гишүүн байгууллагуудаас ямар шаардлагуудыг тавьж байгаа  вэ?
 
- Манай гишүүн байгууллагуудаас шаардлага саналаа тавьж байна. Татвар нэмж болноо гэхдээ хэний татварыг хэзээ яаж нэмэх вэ гэдгийг авч үзэх хэрэгтэй. Өнөөдөр өндөр татварыг нэмж болох олон боломжууд байгаа ч түүнийг харахгүй цалин хөлс рүү шууд санал авахгүйгээр шийдсэнд харамсаж байна. Гэтэл өндөр үл хөдлөх хөрөнгөтэй чинээлэг хэсэг, алт, нүүрс гээд хэсгүүдээс татварыг нэмж болно шүү дээ. Өндөр хадгаламжтай хүмүүсээс өндөр татвар авах хэрэгтэй. Гэтэл нийтээр нь хамааруулж авч байна. Энэ нь буруу юм. Орон сууц авах гээд хадгаламжиндаа цуглуулж ядаж байгаа хүнээс авах хэрэг байна уу. Магадгүй энэ нь далд эдийн засаг руу оруулах сөрөг талтай. Татварын шатлалтай байх асуудал зарчмын хувьд зөв. Маш өндөр орлого олж байгаа хүнээс арай илүү татвар авдаг олон улсын жишиг байдаг. ОУВС олон улсын жишиг руу ойртуул гэж байгаа нь зөв. Гэхдээ өнөөдөр хүнд нөхцөлд ажиллаж байгаа төмөр замын машинистууд, онгоцны нисгэгч, уул уурхайн хортой нөхцөлд ажилладаг хүмүүсийн дундаж насжилтыг судалгаагаар аваад үзэхэд ихэнхи нь дундаж наслалт бага байна. Зарим нь 60 ч хүрч чадахгүй байна. Европт гэр бүлд нь зориулсан татвар авдаг. Гэр бүлийн гишүүдээс нь хувааж авдаг. Нэг гишүүнд нь ногдох татвар сая таван зуу хүрэхгүй бол 10 хувиар татвар авах хэрэгтэй. Бүх ХХДХ нд хүрэхгүй бол татвар авах хэрэггүй. Тэртэй тэргүй тэр гэр бүл хүнд амьдарч байгаа НӨАТ ын 10 хувийг төлж байгаа. Ийм зохицуулалтыг нь хийж өгөхгүй болохоор хүмүүс бухимдаж байна. Татвар ногдуулахдаа төлөх гэж байгаа хүмүүсээсээ яагаад асуухгүй байгаа юм бэ. Энэ хамгийн том зарчим юм. Нийслэлийн татварын дийлэнхийг нь хүн амийн орлогын албан татвар бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл ажил хийж байгаа хүмүүс татвар бүрдүүлж байна. Эргээд татварых нь асуудлыг  авч үзье. Тэтгэвэрийн насыг нэмэх асуудлыг нийгмийн хамгааллын сайд нь мэдээгүй байсан. Санал байр сууриа хэлээгүй байсан. Нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын санг удирдаж байгаа хүмүүс дунд ашиг сонирхолын зөрчилтэй улс төрчдийн кармааны  хүмүүс байна. Улс төрчид лобби хийх болсон. Энэ даатгалын мөнгийг аль банкинд тавих вэ гэдэг лобби явдаг болсон. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага энэ асуудлыг Засгийн газарт удаа дараа тавьсан. Жил гарны хугацаанд хоёр Засгийн газрын нүүр үзээд хоёуланд нь асуудал тавьсан. ОУВС-тай тодорхой хэмжээний хэлэлцээр хийнэ гэсэн. Орж байгаа орлого, гарч байгаа зардалаа нийтээрээ ярьдаггүйн гай болж байна. Улсын төсөвт хүртэл тодорхой шаардлагуудыг авч хэлэлцэхгүй шийдсэн. Нөгөө талдаа Засгийн газраас хийж байгаа ажилууд нь зөв. Хүүхдийн мөнгө, өрх толгойлсон эцэг эхэд тэтгэмж өгч байгаа нь зөв. Хүүхдээ харж байгаа эцэг, эхчүүдэд тодорхой хэмжээний цалин орлого өгөхийг дэмжиж байгаа. Ямарч улс оронд байдаг. Хүн амаа өсгөе гэж байгаа бол хүүхдийг тээж байгаа хүмүүст хүүхдийнхээ наад захын хэрэглээг хангах тэтгэмж олгож байгаа нь зөв юм. Энэ бол орлогыг тэгшитгэж байгаа, хүн амаа өсгөж байгаа бодлого юм. Хүүхдийн мөнгөн дээр зорилтот бүлэгт тодорхой хэмжээний тэтгэмж өгөх нь зөв. Хүүхдийн мөнгөө авдаггүй тавин мянган хүүхэд байдаг гэдэг судалгаа байдаг. Банкнаас очиж авдаггүй. Хүмүүст хэрэгцээгүй байгаа болохоор авахгүй байна. Сайн дурын үндсэн дээр авахгүй гэж байгаа хүмүүст хүчээр өгөх шаардлага байхгүй. Сайн дураараа авахгүй байх боломжтой өрх зөндөө л бий. Татварын орлого даваад биелсэн байсан. Бараг их наяд төгрөгөөр давж биелсэн. Үе үеийн засгийн газруудад байдаг нэг өвчин бол манай засгийн газрын үед л болж байвал болно гэдэг байдлаар хэдэн тэрбум, их наяд төгрөг авчихаад болсон болоогүй төсөлд зарцуулж дундаас нь цавчаа хийчээд дараа нь нийт ард түмэнд нялзааж байна. Хатуу ч гэсэн нэг үнэнийг хэлэхэд архи, тамхины татвар. Энэ архи, тамхийг хэн хэрэглээд байна вэ ард түмэн хэрэглэж байна. Цаад утгаараа хүмүүст татвар ногдож байна. 
 
- Төрийн албан хаагчдад гурван зуун мянган төгрөг өгсөн. Энэ мөнгөө бүтнээр нь авч чадаагүй маш олон хүмүүс байсан. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ
 
- Төрийн албан хаагчдад олгосон гурван зуун мянган төгрөгийг хавтгайруулчихлаа гэж харж байна. Багш, эмч, цалин хөлс багатай хүмүүс цалин орлогоо нэмье гэсэн шаардлага тавьсан. Гэтэл бүх хүмүүст тараасан. Хоёрдугаарт ямар нэгэн татвар, шимтгэл авахгүйгээр шийдье гэдэг санал Үйлдвэрчний эвлэлээс тавьсан. Харамсалтай нь УИХ-ын тогтоол дээр урамшуулал гээд шийдчихсэн болхоор хуулийн дагуу авахаас өөр аргагүй гэсэн байр суурь илэрхийлсэн. Доошоо олгохдоо янз бүрийн татвар аваад зарим хүнд наян мянган төгрөг олгосон байсан. Хоёр л зүйл авах ёстой. Нэгт хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгал авах ёстой. Өөр ямарч төрлийн татвар шимтгэл авах ёсгүй. Засгийн газар, УИХ асуудлыг олон талаас нь харж шийдэх ёстой. Нэн түрүүнд тэтгэврийн нас, НДШ, ХАОАТ цаашлаад татваруудыг дахин авч үзэж нягтлах хэрэгтэй.
Ярилцсан: Г.Цэнд-Аюуш
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [103.229.123.6] 2018/01/04
uildverchnii evlel end daruihan yum hiine gej naidaj baina