ШӨХТГ-аас 2017 онд хийсэн онцлох ажил, хэрэглэгчийн өргөдөл, гомдол, хяналт шалгалтын үр дүн болон цаг үеийн шинжтэй зарим хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ.
Өнгөрөгч онд ШӨХТГ-аас нийт дөрвөн удаагийн хуралдаан хийж 20 гаруй асуудлыг хэлэлцэж, 19 тогтоол гаргажээ. Тухайлбал,
Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоосон 5, давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоосон 30, үнэ тарифт өөрчлөлт оруулсан 2 ажлыг хийсэн байна.
Мөн өрсөлдөөний хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцүүлэхийн сацуу Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ.
Шатахуун түгээх станцуудын хомсдол болоод үнэ нэмэх болсонтой холбогдуулан ШӨХТГ-аас ажлын хэсэг гарган ажиллажээ.
"Өнөөдөр шатахуун түгээж, жижиглэнгээр борлуулж байгаа байгууллагуудад үнэ тарифаа нэмэх эрх байхгүй. Нэмэхгүй байх шаардлагыг манай байгууллагын зүгээс тавьж байна.
Бидний хувьд үнэ нэмэхгүй, иргэдэд дарамт үүсгэхгүй байх чиглэлд анхаарал тавин ажиллана" гэв.
Сүүлийн үед зарим аж ахуй нэгж шатахууныг тодорхой лимитээр иргэдэд түгээх болсон. Энэ асуудалд тэд "Магнай трейд, Сод Монгол зэрэг аж ахуй нэгж шатахууныг хязгаартайгаар олгож байгааг болиулсан.
Тэдэнд хязгаарлалт тогтоох шалтгаан байхгүй. Онцгой байдал зарласан, бензин шатахууны нөөц багассан тохиолдолд бензин шатахууныг хязгаарлах ёстой. Аж ахуй нэгжүүд шууд дур мэдэн хязгаарлалт тавих эрх байхгүй" гэж албаны хүмүүс мэдэгдлээ.
Г.Цэнд-Аюуш