Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

С.Цэндсайхан: " Terelj Boarding" сургууль цогц мэдлэг бүхий ёс зүйтэй манлайлагчдыг бэлтгэнэ

2019/06/07
НИЙСЛЭЛ.mn

Байгалийн цэвэр агаарт суралцах орчныг бүрэн хангасан эко кампуст сургалтын үйл ажиллагаа явуулах Олон улсын "Terelj Boarding School" 2019.06.08-ны өдөр нээлтээ хийх гэж байна.  Тус сургууль нь 2019-2020 оны хичээлийн жилд 6-10 дугаар ангийн ердөө 300 хүүхэд бүртгэж, сургалтын хаус орчинд суралцуулах зорилт тавьжээ.

Хамгийн гол нь эднийх  бусад хувийн сургуулиудын жишгээр хүүхдийг шалгаж элсүүлэхгүй. Зөвхөн сурлагын түвшинг нь тогтоогоод, өөрсдөө сурлагажуулж, ирээдүйд тулгарч болох олон асуудлын өмнө цэгцтэй, тууштай байж чадах хувь хүнийг бэлтгэх зорилт тавьжээ.  Сургуулийн уриа нь “Өнөөдрийн суралцагч-Маргаашийн манлайлагч”.

Уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоор Олон улсын "Terelj Boarding School"-ийн олон улсын сургуулийн Гүйцэтгэх захирал С.Цэндсайхантай ярилцлаа.

-BOARDING SCHOOLТӨГССӨН ХҮҮХДҮҮДИЙГ ГАДНЫ ИХ СУРГУУЛИУД ЭЛСҮҮЛЭХ МАШ ДУРТАЙ БАЙДАГ. УЧИР НЬ...-

-Юуны өмнө уншигчдад өөрийгөө танилцуулахгүй уу. Залуу хүний хувиар уг сургуульд мэдлэг чадвараа дайчлан ажиллах болсон шалтгааныг ярилцлагынхаа эхэнд асуумаар санагдлаа? 

-Намайг Содномдаржаагийн Цэндсайхан гэдэг. Би хүүхэд байхаасаа л хүүхдийн оролцооны байгууллагад ажиллаж, хүүхдийн зөвлөл удирдаж, “Монголын Хүүхдийн Байгууллага”-д олон жил данслагдаж ирсэн. Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” цогцолборт нэлээд хугацаанд ажилласан түүхтэй. Хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөр эрхлэгч, эрх нь хязгаарлагдсан хүүхдүүдээс өгсүүлээд дотоод гадаадад өндөр амжилт гаргаж яваа, нас насны хүүхдүүдтэй ажиллаж үзсэн байна. Олон нийтийн ажлуудад идэвхтэй оролцдог учраас хүүхдэд чиглэсэн олон улсын төслүүдэд гар бие нэлээд оролцсон байх жишээтэй. Ингээд бодохоор миний амьдрал, ажлын түүх хүүхдээс ер холдоогүй юм билээ. Саяхан 2 жил   орчим хүүхэд рүү чиглэсэн ажлаа зогсоогоод, өөр байдлаар ажиллаж үзсэн. Сэтгэлд нэг тийм тааламжтай бус байсан. Тиймээс хүүхэдтэй буцаж ажиллах нь зөв юм байна гэж бодсон.

Би өөрийнхөө чаддаг мэддэг бодсон зүйлсээ хүмүүстэй хуваалцахыг хүсдэг. Уран бүтээлийн “Язгуур” нэгдлийг байгуулж сүүлийн жилүүдэд залууст суурилсан нэлээд ажлууд хийсэн. Цөөхөн ч гэсэн зөв бодолтой, хандлага нь эерэг, эх орондоо хайртай, боловсролтой залуусыг нэгтгэхийг зорьсон, тэр маань ч амжилттай болсон. АНУ,БНСУ зэрэг гадны хүүхдийн зуслангуудад ажиллаж байхад “Монголд үүнийг нутагшуулчихвал их зүгээр юм байна” гэсэн санаа сэдлүүд их төрсөн.  Хүүхдүүд бие даасан, гадаад хэлийг төрөлх хэт мэт сурахын зэрэгцээ байгаль-эх орондоо асар их хайртай, зөв хандлагатай хүмүүс байдаг. Яг ийм төрлийн ирээдүйн хүмүүсийг бэлтгэх орчин нь Олон улсын "Terelj Boarding School" юм байна гэж харсан. Хүүхдийг байршуулан сургаснаар аливаа асуудлыг даван туулах чадамжид сурган, тэвчээртэй, бусдаа хүндэтгэж, багаараа ажиллах  чадавхийг нь нэмэгдүүлэх сайн талтай. Энэ мэт хувь хүнд чиглэсэн бодьтой хөрөнгө оруулалтыг энэ сургууль хийж чадна гэсэн итгэлээр бид ажиллаж байна. 

 

-Олон улсад тогтсон Boarding school-ийн ерөнхий загвар, зорилго нь юу байдаг вэ?

-Олон нийтэд Олон улсын "Terelj Boarding School"нэр шинэ тутам сонсогдож байж магадгүй. Ер нь Boarding schoolЕвропын орнуудад нэлээд  байдаг. Азид л гэхэд Малайз, Сингапур зэрэг орнуудад Boarding schoolүйл ажиллагаа явуулдаг. Суралцагчид  дотуур байрандаа байрладаг. Тэнд нь амьдрах, хөгжих орчин нөхцөлийг нь сайхан бүрдүүлээд өгсөн байдаг. Сурагчид нь долоо хоногийн амралтын өдрүүдээр гэртээ харьдаг хэлбэрээр сургалтын үйл ажиллагаа явуулдаг. Дэлхий дахинд  “Ёс зүйтэй  манлайлал” гэдэг ойлголтыг эрхэмлэх болсон. Шударга ёстой зүйтэй манлайлагч нарыг бэлтгэх зорилготой гэсэн үг. Нэг ёсондоо вакум орчинд тодорхой төлөвшил үүсгэхийг зорьж байгаа юм. Яг энэ зорилгоор ихэнх Boarding schoolбайгалийн цэвэр агаарт байгуулагддаг. Эко кампустаа байрлуулж, академик хөтөлбөрөөс гадна сурагчдыг хөгжүүлэх дугуйлангуудыг олноор нь хичээллүүлдэг. Цаашлаад нийгмийн чиглэлд сайн дурын ажлуудыг хийлгэх, байгальтай танилцах, ёс заншлын хичээл зэргүүдээр дамжуулан академик мэдлэгийг практик дээр хэрэглэх чадварыг суулгаж өгдөг юм.

-Boarding school-д суралцсанаар хувь хүнд ямар өгөөжтэй юм бэ?

-Хүүхэд вакумжуулагдсан орчинд өдөртөө сурч, бусад цагаар дугуйлангууддаа хамрагдаж, багаар ажиллаад эхлэхээрээ аяндаа хичээлдээ сонирхолтой болдог. Өөрийгөө олж, багаар ажиллах чадварт маш сайн суралцдаг. Дотуур байранд амьдарч, хичээлээ оройн цагаар бусадтайгаа хамтарч хийхээр хамтдаа хөгжөөд явдаг сайн талтай. Хичээл хийх үед нь дэмжих, давтуулах багш нар хүртэл тусдаа ажиллах жишээтэй. Тэд хүүхдүүдэд тусалж, цагт нь унтуулж, өглөө сэрээх зэргээр “Дотуур байрны аав, ээж” шиг ажиллана. Ийм орчинд сураад ирэхээр хүүхдүүд цагаа маш сайн барьдаг, бусдын өмнө хариуцлага хүлээдэг, ёс зүйтэй болж төлөвшиж эхэлдэг. Ийм хүмүүсийг бэлтгэдэг олон Boarding schoolдэлхий дахинд үйл ажиллагаа явуулж байна. Ер нь Boarding schoolтөгссөн хүүхдүүдийг гадны их сургуулиуд элсүүлэх маш дуртай байдаг.

-Яагаад?

-Яагаад гэвэл тэр хүүхдүүд багаараа ажиллаад дадчихсан, суугаад сурчихсан байдаг. Өөрөөр хэлбэл, дараа дараагийн алхмаа хийчихсэн, хувь хүнийхээ хувьд цэгцрээд өөрийгөө олчихсон байдаг. Ийм төлөвшилтэй хүүхдүүд их сургуульд ямагт манлайлагч нь болдог. Их сургууль өөрөө суурь боловсрол олж авсны дараа аль нэг чиглэлд мэргэшиж түүнийгээ амьдралд хэрэглэхэд тусалдаг. Тиймээс л их сургуульд элсэхээс өмнө суурь боловсролыг л хамгийн сайн тавьж өгөх хэрэгтэй.  Яг энэ зорилгоор Boarding schoolихэнхдээ дунд ангиас нь ахлах ангийг төгсөх хүртэл нь сургадаг. 12 настай хүүхэд элсэж ороод, 18 насандаа төгсдөг гэсэн үг.

-МАНАЙ XII АНГИ ТӨГСӨГЧИД КОД БИЧИХ ХЭМЖЭЭНД БОЛОВСРУУЛАГДАНА-

-Заавал 12 наснаас элсүүлэхийг зорьдог нь ямар учиртай юм?

-Олон улсад 12 настай хүүхдийг яагаад чухалчлан үздэг вэ гэхээр, Европт энэ насны хүүхдүүд дунд түвшин тогтоох шалгалт авч, дүнг нь дундажлаад гаргаад ирдэг. Тухайн улсын хүүхдүүдийн дундажаар Европын бүх орнуудын боловсролын түвшинг нь тогтоож өгдөг. Тиймээс ч бага боловсрол эзэмшсэн хүүхдүүдийг 12 наснаас нь бие даан амьдрахад нь суралцуулахыг олон улсад эрхэмлэж байгаа юм. Манайд бол энэ эсрэгээрээ. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөнгүүт  гадаад  руу явуулчихдаг. Эцэг эхээсээ холдож сураагүй, хувцсаа  ч угааж дадаагүй, төлөвшөөгүй хүүхдүүд гадны орнуудад очоод, буруу зам руу орох нь элбэг. Дэлхийн боловсролын зорилго одоо бие даан амьдрах, багаараа ажиллах чадварт анхаарлаа хандуулж байна. Ингэхдээ зөвхөн  академик мэдлэг бус орчин тойронтойгоо зохистой харилцаж сургахад анхаардаг. Байгаль орчинтойгоо харилцах, ёс заншлаа дээдлэх, ахуйн ажлуудад дадах, сайн үйлс хийж хэвших зэрэг дадлыг төлөвшүүлэх чиглэлд гадны Boarding school-үүд хамгийн их анхаардаг. Олон улсын "Terelj Boarding School"гадны орнуудын энэ жишиг шугамыг баримталж ажиллана.

-Кембриджийн  хөтөлбөрийг сургалтдаа ашигласнаар суралцагсдад ямар давуу байдал үүсэх вэ?

 

 

-Гол нь Кембриджийн олон улсын үнэлгээний төв, шалгалтын төвийн албан ёсны эрхийг Terelj Boarding schoolавсан. Өөрөөр хэлбэл, зургадугаар ангиасаа Кембриджийн хөтөлбөрөөр суралцагсад маань хичээллэж эхэлнэ. Төгсөөд гарахдаа IGCSЕ, А левел өгнө. Тухайн хүүхэд физик, хими, математик, англи хэл гэсэн дөрвөн хичээлийг өгч болно. Энэ дөрвөн хичээлийг өгчихсөн хүүхэд байгалийн ухааны ямар ч их, дээд сургуулиудад шалгалтгүйгээр элсэн суралцаж болдог. Манай улсад элсэлтийн ерөнхий шалгалт өгөөгүй бол их дээд сургуульд элсүүлдэггүй. Яг үүнтэй адилхан үүргийг Кембриджийн шалгалт гүйцэтгэдэг. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгалт юм. Энэ шалгалтуудыг авдаг дэлхийн олон төвүүд бий. Эдгээрийн хамгийн томд тооцогддог Европт төвтэй Кембриджийн их сургуулийн дэргэд шалгалтын төвийг “Кембриджийн шалгалтын төв” гэж нэрлэдэг. Энэ шалгалтыг авах эрхийг дэлхийн англи хэлтэй сургуулиудад олгодгийн нэг эрхийг Terelj Boarding schoolавсан.

-DIGI  хөтөлбөрийнхөө талаар мэдээлэл өгвөл?

-Энэ нь Их Британийн боловсролын төвийн боловсруулсан бүрэн дунд сургуулийн суралцагчдад зориулсан математикт суурилсан, тооцооллын дижитал хөтөлбөр юм. Мэдээллийн технологийн чиглэлийн анхан шатны мэдлэгийг хүүхдүүдэд олгодог хөтөлбөр гэсэн үг. Дижитал эрэн үеийнхэн одоо хангалттай мэдээлэл дунд байгаа. Энэ мэдээллийг яаж мэдлэг болгох уу. Үүнийг хэрхэн амьдралын төвшингөө ахиулахад хэрэглэх үү гэдэгт анхаардаг. Гар утас маш том зузаан байснаа буцаж нимгэрэн багасч, картын бараанд оочерлох зэргээр бид шилжилтүүдийг даван туулж байна. Гэтэл одоо орчин нөхцөл өөр болсон. Ийм дижитал үеийнхэнд математик загварчлал, мэдээллийн технологийн суурь мэдлэгтэй болох нь маш чухал байна. Ер нь математик сэтгэлгээ нь хөгжсөн хүн хаана ч учраа олдог. Гол нь үүнийгээ мэдээллийн технологитойгоо хослуулах хэрэгтэй. Terelj Boarding school DIGI хөтөлбөрийг хэрэгжүүлснээр манай төгсөгчид код бичих хэмжээнд боловсруулагдана.Дээрээс нь бид Монголын оюун ухааны академитай хамтран ой тогтоолт сайжруулах чиглэлд хэд хэдэн  сургалтуудыг зохион байгуулах юм.  Үндсэндээ сургууль маань гурван хөтөлбөртэйгөөр сургалтаа явуулна.

-Уламжлалт сургалтын агуулгыг хэрхэн хадгалах  вэ?

-Нийслэлийн боловсролын газар, БСШУС-ын яамнаас баталсан сургалтын хөтөлбөрүүд дээр түшиглэж, бид нэмэлт хөтөлбөрүүдээ оруулж байгаа гэсэн үг. Тэгэхээр энгийн сургуулиас нэлээд ачаалалтай байна. Сурагчид байрлаж хичээллэх учраас бид илүү хөнгөн аргаар хөтөлбөрөө хүргэхээр ажиллаж байна.  

-ЦАГ БАРЬДАГ, БАГААР АЖИЛЛАДАГ, БУСДЫГ ХҮНДЭТГЭДЭГ, АСУУДЛЫГ ДАВАН ТУУЛАХ ЧАДВАРТАЙ ИРГЭНИЙ БЭЛТГЭХ НЬ БИДНИЙ ЗОРИЛГО-

 

-Хэлний чиглэлийн хувийн сургуулиуд зөвхөн Англи хэлээр хичээлээ заадгаас үүдээд, сурагчид нь Монгол хэлээ мартдаг гэж шүүмжлүүлдэг. Энэ байдлыг хэрхэн зохицуулах юм?

-Монголын түүх,  эрүүл мэндийн хичээл, ёс заншил зэрэгт маш их анхаарал тавьж ажиллана. Ганцхан Англи хэл дээр бүх хичээл орно гэсэн асуудал байхгүй. Нийт хичээлийн 60 хувь нь Англи хэлээр, үлдсэн 40 хувиа Монгол хэл дээр заана. Ер нь Монгол хүн болгож өсгөх нь маш чухал асуудал. Тиймээс ч бид ёс заншлын зорилтот мэдлэгүүдийг олгоно. Тухайлахад, сурагчдаа морь унаж сургах, мал төллөх үеэр малчны хотонд аваачих, малчин айлуудын орчин нөхцөлтэй танилцуулах зэрэг  ажлыг тогтмол зохион байгуулна. Дээрээс нь эх дэлхийгээ хайрлах, байгальтайгаа зохистой харилцах зөв дадалд суулгах ажлуудыг зохион байгуулах юм. Цаашлаад хүүхдийг туялзуур сэлэм, шатар, даам, төгөлдөр хуур, слорт өрөлт гээд олон дугуйлангуудад хичээллүүлнэ.  

Хүүхдийн хандлагыг өөрчлөх, зөвөөр төлөвшүүлэх асуудал одоо эцэг эхчүүдийн санааг зовоодог сэдвүүдийн нэг болсон. Зарим эцэг эхчүүд энэ чиглэлд хүүхэдтэйгээр хэрхэн ажиллах ёстойгоо ч мэдэхгүй байна. Танай сургууль хүүхдүүдийн хандлагыг өөрчлөх тал дээр хэрхэн анхаарч ажиллах вэ?

 

-Тийм ээ, хүүхдүүдийн хандлагыг өөрчлөх нь хамгийн чухал. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв, асран хүмүүжүүлэх төв, цэцэрлэгүүдтэй дээр ажиллуулах, дадлага хийлгэх асуудлыг хүртэл судалж байна. Volunteer буюу сайн дурын ажил хийлгэх хийлгэж тодорхой оноожуулалт хийх нь чухал. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүстэй уулзуулах зэргээр янз бүрийн ажлууд зохион байгуулна. Хүн өнөөдөр Дэлхий дээр ганцаараа амьдраагүй. Хүн хүндээ тусалж, дэмжиж ажиллах ёстой гэдгийг ойлгуулах нь чухал. Бие биеэ хайрлах сэтгэлгээг бусдаас суралцуулахад анхаарч ажиллана.

-Сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх үү?

 

 

-БНСУ, Япон зэрэг хэд хэдэн орнуудтай сурагч солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Дулааны улиралд сургалтад суурилсан зуны зуслангуудыг хичээллүүлнэ. Энэ жил л гэхэд Оюун ухааны академитай хамтран 06-р сарын 17-ноос зуны зуслангийн сургалтыг зохион байгуулна.

-Хүүхдээ танай Олон улсын "Terelj Boarding School"-д сургах хүсэлтэй эцэг эхчүүд материаллаг бааз, аюулгүй орчин зэрэг асуудлыг анхаарч судална?

-Terelj Boarding school  материаллаг баазаа олон улсын жишигт бүрэн нийцүүлж бэлтгэсэн. Ухаалаг хэрэглээг нэвтрүүлж, бүрэн камержуулсан. Сургууль өөрөө спорт заалтай, фитнес төвтэй, Усан бассейн баригдаж байна. Хөл бөмбөг, сагсны талбайнуудтай. Бүжгийн заалууд тогтмол ажиллана. Физик, химийн иж бүрэн лаборторийг хүртэл бэлдсэн.  Суралцагсад даваагаас баасан гаригт сургуулийнхаа дотуур байранд байрлаж, тав дахь өдрийн орой гэртээ хариад, даваа гаригт буцаж ирдэг байх юм. Эцэг эхчүүд хүүхдээ өглөө сургуульд нь хүргэх, орой авахад маш их цаг зарцуулдаг. Хүүхэдтэйгээ цагийг өнгөрөөж чаддаггүй. Өглөө эрт гараад, унтахынх нь өмнө орж ирдэг маш олон эцэг эх байна. Ялангуяа залуу эхчүүдэд ийм бэрхшээл маш их тулгардаг. Энэ бэрхшээлээс л хүүхэд, эцэг эхчүүдийг ангид байлгах нь манай сургуулийн зорилго.

-Эцэг эхчүүдтэй сургуулийн зүгээс хэрхэн хамтран ажиллах вэ?

 

-Эцэг эхчүүдтэй  14 хоногт нэг удаа кофе цаг хийе гэж байгаа юм.  Бүгд сууж байгаад алдаа оноогоо хэлэлцэх боломж бүрдэнэ. Эцэг эх, сурагчдын хамтарсан тэмцээн  уралдаануудыг  зохион байгуулна. Эцэг эхчүүдэд мэдээлэл өгч байя. Сургуулийн  зүгээс заасан зөв хандлага, сурах эерэг арга барилыг эцэг эхчүүд гэрт нь хэрхэн дэмжих вэ гэдгийг чиглүүлж өгдөг байх юм. Ангийн хурал гэж зарлаад хүүхдүүдийг хооронд нь харьцуулж ярьдаг жишгийг эвдэнэ. Тухайн хүүхдийн эцэг эхтэй нь цаг тохироод, зөвхөн тэр хүүхдийн асуудлыг ярьдаг хэлбэр лүү оруулах юм. Энэ бол хүүхдийг  хэн нэгэнтэй харьцуулахгүй, өөртэй нь харьцуулан дүгнэж ажиллах арга барил юм.

-Арга барил гэснээсTerelj Boarding school-д багшлах боловсон хүчнүүдийн талаар мэдээлэл өгнө үү?

-Олон Улсын “Найрамдал” зусланд удаан ажилласан туршлагатай сэтгэл зүйч багш нар ажиллана гэдгийг  онцолж хэлье. Англи, Австрали, Энэтхэг, АНУ зэрэг орнуудын багш нар ажиллана. Дотуур байрандаа монгол, гадаад багш нар хосолж ажиллах юм. Салбартаа олон жил ажилласан туршлагатай Монгол багш нарыг сонгож авснаар нэлээд сайн баг бүрдсэн. Бүгд магистраас  дээш зэрэгтэй.

-Хоёр дахь хэлний сонголт өгөх үү?

-Япон, Солонгос, Хятад хэлийг  хоёр дахь хэлээр сонгуулахаар тооцсон. Дээр хэлсэнчлэн нийт хичээлийн 60 хувь орчим нь Англи хэл дээр явагдана. Хэл тус бүр дээр нэмэлт дугуйлан, сургалтуудыг тогтмол зохион байгуулна.

-Олон улсын "Terelj Boarding School" Рояаль академийн дэргэд байгуулагдсанаараа суралцагсдад ямар давуу эрх үүсэх юм бэ?

-Манай сургууль 100 хувь ангил хэл дээр хичээл нь ордог, Английн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг Рояаль академийн дэргэд байгуулагдсанаараа ихээхэн онцлогтой. Энэ нь төгсөөд Рояаль академийн хамтран ажилладаг гадны 20 гаруй сургуулиудаас сонгож, Монголд 2 жил суралцаад үлдсэн 2 жилээ гадаадад суралцан хос дипломтой төгсөх боломжтой.

-ХОЁР ХҮҮХЭД СУРЛАГААРАА ЦОЙЛООД, УЛСДАА МАНЛАЙЛАХ НЬ БИДНИЙ ЗОРИЛГО БИШ-

 

-Хувийн сургуулиудад амьдралын бийлэг байдлаараа өрсөлдөх байдал сурагчдын дунд ихээр гардаг нь нууц биш. Энэ байдал дээр сургуулийн зүгээс хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Сурагчид долоо хоногийн дөрвөн өдөр сургууль дээрээ байршиж, гурван шөнө нь гэртээ байна гэсэн үг. Дээр хэлсэнчлэн баасан гаригт яваад Даваа гаригийн өглөө 07:00 цагт сургуулийн автобусаар ирцгээнэ. Энд ямар нэгэн ялгарал огт гарахгүй. Сурагчид порм, бэлтгэлийн хувцсаараа ижилсэнэ. Хэн нь ямар брэнд хэрэглэж байна гэсэн харьцуулалт үүсгэхгүй. Хүүхдийг хэзээ ч ялгаварлахгүй байх бодлого баримтална.

-Элсэгчдийн тоонд тодорхой хязгаар тавих уу?

-Энэ жил яг 300 хүүхэд элсүүлнэ.Нэг ээлжээр хичээллэнэ. Үндсэн хичээлээс гадна өөрийгөө хөгжүүлэх дугуйлангууд, спортын тэмцээн, олон нийтийн ажлууд, багаараа хичээл давтах зэрэг  зорилтот ажлууд явагдах учраас нэг ээлжээр хичээллэх юм. Гол нь л хүүхдүүдэд цогц боловсролыг олгох зорилготойгоор Олон улсын "Terelj Boarding School"байгуулагдсан.“Өнөөдрийн суралцагчийг маргаашийн манлайлагч болгох” том зорилтыг бид дэвшүүлж ажиллана.

-Элсэгчдээсээ шалгалт авч, сорчилж авдаг нь бас л хувийн сургуулиудын тогтоосон жишиг. Танай сургууль элсэгчдэдээ ямар шаардлага тавьж байна?

 

-Бид ямар ч шалгалт авахгүй. Эхний 300 хүүхдийг шууд бүртгэнэ. Гол нь манай суралцагчид мэдлэгээ  төгс, жигд эзэмших хэрэгтэй. Хоёр хүүхэд сурлагаараа цойлоод улсдаа манлайлуулах нь бидний зорилго биш. Дуу заасан бол бүгд л дуулж сурах ёстой. Төгсөхдөө бүх суралцагчид код биччихдэг болоод төгсөх ёстой. Энэ л бидний сургалтын зорилго байх болно. Хэн нэгнийг бусдаас дөвийлгөж сургахгүй. Монголд анх удаа эко кампус байдлаар цогц сургалтыг манай сургууль явуулах гэж байна. Өмнө нь ийм хэлбэрийн Монгол-Туркийн сургууль ажиллаж байсан. Тэд одоо нийгэмд маш том орон зай эзэлдэг. Учир нь, тэд эрт бие даасан, багш болоод ахмадаа хүндэлдэг, зөв дадалтай, цаг баримталдаг, багаараа ажилладаг болж төлөвшсөн учраас өнөөдөр манлайлж байна. Бид ч бас “Өнөөдрийн суралцагчид маргаашийн манлайлагчид болох” уриан дор ийм л хүмүүсийг ирээдүйд бэлтгэх гэж байна.

-Олон улсын "Terelj Boarding School"-д хэрхэн бүртгүүлэх вэ?

-Манай сургууль албан ёсоор 2019.06.08-ны өдөр нээлтээ хийнэ. Элсэхийг хүсч буй сурагчид Рояаль академийн байранд ирж бүртгүүлж болно. Нээлтийн өдөр сургуультай танилцах, сургалтын хөтөлбөрүүдийг биечлэн үзэх боломжийг эцэг эхчүүдэд олгоно. Хүүхдүүдээ дагуулж ирээд танилцуулах бүрэн боломжтой. Оюун ухааны академитай хамтарсан сургалтад бүртгүүлээрэй.

Олон Улсын Terelj Boarding school-ийн албан ёсны хуудсанд ЭНД ДАРЖнэвтэрнэ үү.

ХОЛБОГДОХ УТАС: 98983134, 99890148

 Г.ИТГЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ч.ОТГОНБАЯР

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [112.72.11.113] 2019/06/07
Goy surguuli neegdej baigaam baina