Европын зөвлөлийн ерөнхийлөгч Антониу Луиш Сантуш да Кошта, Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен нар нэгдүгээр сарын 26-нд Энэтхэгт болох баярын арга хэмжээнд хүндэт зочноор оролцоно. Энэ үеэр ёслол төгөлдөр төрийн хүлээн авалт болохоос гадна Европын тал Азийн гурав дахь том эдийн засагтай чөлөөт худалдааны хэлэлцээг урагшлуулахыг зорих юм.
Трамп Гренландын асуудлаас болоод Европын орнуудыг тарифаар заналхийлсэн эгзэгтэй үед энэхүү айлчлал тохиож байна. Энэтхэгийн тал энэ үед боломжийг ашиглаж, зочдоо ухаалгаар сонгосон бололтой. Тодруулбал, АНУ-аас Энэтхэгт тогтоосон 50 хувийн тарифын маргаан он дамнан үргэлжилж буй тул Шинэ Дели дэлхийн бусад улс оронтой стратеги болон худалдааны харилцаагаа эрчимжүүлэхийг зорьж эхэлжээ.
Зөвхөн Энэтхэг гэхгүй, Европын холбооны хувьд ч найдвартай худалдааны түнш хайж буй цаг үе. Европын холбоо Хятадаас хэт хамааралтай байдлаа багасгахаар зорьж буйг "Economist Intelligence Unit"-ийн шинжээч Сумедха Дасгупта хэлжээ.
"Chatham House" судалгааны төвийн шинжээч Чиетигж Байпайн хэлснээр Энэтхэг улс олон талт гадаад бодлого баримталж, Трампын засаг захиргааны аясыг дагахгүй байгааг энэ үйл явдал харуулна.
Талуудын дээд хэмжээний уулзалт нэгдүгээр сарын 27-нд болох бөгөөд хэлэлцээг энэ үеэр эцэслэн зарлаж магадгүй. Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен болон Энэтхэгийн Худалдааны сайд Пиюш Гоял нар энэ хэлэлцээг "бүх хэлэлцээрийн эх" гэж нэрлэж буй. Талуудын хооронд бараг 20 жил үргэлжилсэн хэлэлцээ энд эцсийн шатандаа орж магадгүй аж.
Энэтхэг улс сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Их Британи, Оман, Шинэ Зеланд зэрэг улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулсан. Энэ удаад Европын холбоотой хэлэлцээ хийвэл ес дэх нь болно.
Европын холбооны хувьд Энэтхэгтэй ойртох нь чухал. Энэтхэгийн эдийн засаг дэлхийд дөрөвдүгээрт орох бөгөөд энэ жил дотоодын нийт бүтээгдэхүүн нь дөрвөн их наяд ам.доллар давж, Японыг гүйцэх төлөвтэй байгаа билээ.