Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Тайвань Украинтай яриа хэлэлцээ хийхэд бэлэн

Тайванийн удирдагч Лай Чин Тэ Украинтай яриа хэлэлцээ хийж, хориг арга хэмжээг тойрч, зөрчиж буй үйлдлүүдийг таслан зогсооход хамтран ажиллахад бэлэн гэлээ.

Энэ нь Украины ерөнхийлөгч Зеленскийн Давосын чуулганы үеэр хэлсэн үгтэй холбоотой. Тодруулбал, Зеленский Тайванийг хууль бусаар пуужингийн эд анги нийлүүлдэг эх сурвалжуудын нэг гэж нэрлэсэн юм. Тэрбээр "Хятад, Европ, АНУ, Тайваниас нийлүүлдэг чухал эд ангиудгүйгээр ОХУ пуужин үйлдвэрлэх боломжгүй" гэж хэлжээ.

Хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Тайванийн хувьд Украин дахь дайн эхэлснээс хойш цэргийн зориулалтаар ашиглагдаж болзошгүй өндөр технологийн бараа бүтээгдэхүүнийхээ экспортыг хязгаарлаж, барууны орнуудын Оросын эсрэг хоригт нэгдсэн юм.

Лай Чин Тэ "Х" хаягаараа "Тайвань нь хүмүүнлэгийн тусламж болон зохицуулалттай хориг арга хэмжээгээр дамжуулан Украинд тууштай дэмжлэг үзүүлэхийн тулд олон улсын түншүүдтэй хамтран ажилласаар ирсэн. Хууль бусаар гуравдагч улсаар дамжуулан тээвэрлэх, эцсийн хэрэглээг нуун далдлах явдлыг таслан зогсоохын тулд бид ерөнхийлөгч Зеленскийтэй цаашид мэдээлэл солилцоход бэлэн" гэжээ.

Мөн тэрбээр "Тайвань залуус сайн дурын үндсэн дээр Оросын эсрэг тулалдаж яваад амь үрэгдсэн. Бидний байр суурь тодорхой. Түрэмгийлэгчид ямар нэг байдлаар тусламж үзүүлэх, олон улсын хориг болон экспортын хяналтын журмыг зөрчих явдлыг бид хүлээн зөвшөөрөхгүй. Украинд энх тайван удахгүй ирээсэй гэж бид залбирч байна" гэжээ.

Дараа нь Лай Чин Тэ хэвлэлд яриа өгөхдөө "Хориг зөрчиж буй тухай аливаа мэдээллийг Зеленский бидэнд дамжуулна гэж найдаж байна. Бүтээгдэхүүн хүрэх эцсийн цэгийг нуун далдалж, гуравдагч орноор дамжуулан тээвэрлэдэг явдлыг хянах, тэдгээрийг Орост нэвтрэхээс сэргийлэх, Украиныг хамгаалахад бид бэлэн" гэсэн байна.

Тайванийн Эдийн засгийн яам мэдэгдэлдээ, 2024 оны дөрөвдүгээр сараас хойш Орос руу чип эсвэл машин тоног төхөөрөмж экспортлоогүй, цаашид ч холбогдох эд ангиуд Орос руу нэвтрэхээс сэргийлнэ гэжээ. Зэвсгийн тархалтаас урьдчилан сэргийлэх олон улсын гэрээ болох Вассенаарын зохицуулалтад нийцүүлэн экспортын хяналтаа шинэчилж байгаагаа мөн мэдэгдсэн байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)