Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

УИХ-ын гишүүн Н.Учрал СХД-ийн багш нарт хүндэтгэл үзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Учрал Монголын багш нарын өдрийг тохиолдуулж, Сонгинохайрхан дүүргийн сургууль, цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгч нарт хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын хэмжээнд 803 ерөнхий боловсролын сургууль, 1435 цэцэрлэг, 86 мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, 94 их дээд сургуульд нийтдээ 90 мянган багш, сурган хүмүүжүүлэгч ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийг санаачлан УИХ-аар батлуулсан нь манай улс багшийг дэмжих бие даасан хуультай болсон. Энэхүү хууль хэрэгжсэнээр багш нарын хөгжих дэвших боломж илүү өргөжих, нийгмийн асуудалд төрөөс илүүтэй дэмжлэг үзүүлэх боломж бүрдсэн юм.

УИХ-ын гишүүн, Монголын залуу багш нарын холбооны ерөнхийлөгч Н.Учрал дээрх арга хэмжээнд хэлсэн үгэндээ “Монгол хүн дэлхийн дэвжээнд өрсөлдөх боломжийг бий болгох, хойч үедээ замыг нь засаж өгөх, олон сайхан залуучуудыг ирээдүйн замд нь хөтлөх юмсан гэсэн гал эрмэлзлээр ажиллаж байна. Өнөөдөр УИХ-д байгаа дөрвөн жилд, ирээдүйдээ оюуны хөрөнгө оруулалт хийх томоохон ажлуудыг хийж хэрэгжүүж, санаачилж 2016 оноос эхлээд жил бүр багш нартаа ажлаа тайлагнаж байна. 2015 оноос эхлэн Монголын залуу багш нарын холбоог тэргүүлснээсээ хойш жил бүр “Оюуны элч” оны шилдэг багш тодруулах ёслолын ажиллагаа, “1000 багшийн уулзалт” “Нийслэлийн залуу багш нарын зөвлөгөөн” Засгийн газартай хамтран ажлыг хэсгийг нь ахалж “Монголын багш нарын хурал”-ийг амжилттай зохион байгуулж багш нартай холбоотой олон асуудлыг шийдвэрлэсэн. Багш нарт олгогддог байсан нэмэлт урамшуулал, ирэх оны төсөвт бүх багш нарт нотебүүк, комьютер олгох ажлыг санаачилсан, Монгол багш нарт зориулж Багшийн хөгжлийг дэмжих хуулийг батлан гаргасан. Ингэснээр Багшийнхаа хөгжлийг хуулиар хамгаалсан зургаа дахь орон боллоо. Цаашдаа Монголын Багш нарын холбоо өөрсдийнхөө асуудлыг шийддэг болох асуудлыг энэ парламентийн түүхэнд шийдвэрлүүлэхээр ажиллаж байна” гэсэн юм.

Арга хэмжээний үеэр БСШУСЯ болон Нийслэлийн боловсролын газрын шагнал, УИХ-ын гишүүний хүндэт өргөмжлөлөөр шилдэг багш нар шагнагдлаа. Уулзалтад хүрэлцсэн ирсэн багш нараас долоон азтанг тодруулсан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн гавъяат багш нарт хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ жил Сонгинохайрхан дүүргийн хувьд гурван ээлжээр хичээллэх асуудал бүрэн шийдэгдэж, тус дүүргийн бүх сургуулиуд хоёр ээлжээр хичээллэж байна. Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд шинээр ашиглалтад орж буй 143 дугаар сургуульд УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлагаар Кембриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашдаа тус дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудад Кембриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)