Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Албадан гаргасан БНХАУ-ын иргэдийг Монгол Улсын хилээр гурван жил орохыг хориглосон байна

"Амар","Кентавр", "Ориентал" зочид буудал болон "Юнион билдинг" оффист байрлаж, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийн хэлсэнчлэн "мөнгө угаах" гэмт хэрэг үйлдэж байсан БНХАУ-ын 759 иргэнийг баривчилсан дуулиан өнгөрсөн долоо хоногт дэгдсэн. Тэднийг удирдан зохион байгуулсан хэргээр Монгол Улсын нэг иргэн, БНХАУ-ын дөрвөн иргэнийг саатуулан, шалгаж буй. Мөн хэргийн шалгалтын явцад БНХАУ-ын 14 иргэн, Монголын хоёр иргэнийг саатуулсан байна. Наймдугаар сараас хойш эдгээр хятадууд жуулчны визээр Монгол улсад нэвтэрсэн нь тогтоогдсон бөгөөд визийн журмыг зөрчиж, хууль бусаар оршин сууж байсан юм. Гэсэн хэдий ч эдгээр иргэдийг цагдан хорих, хуулийн хариуцлага хүлээлгэх ямар нэгэн үндэслэл байгаагүй учир өнгөрсөн Бямба гаригт /2019.11.02/ Монгол улсаас албадан гаргасан билээ.

Дээрх ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын хурандаа Ж.Амгалангаар удирдуулсан бие бүрэлдэхүүн гардан гүйцэтгэжээ. Бие бүрэлдэхүүнд Тагнуулын ерөнхий газрын ажлын хэсэг болон Гадаадын иргэд харьяатын асуудал эрхлэх газар, Гаалийн ерөнхий газар зэрэг хуулийн хүчний байгууллагын алба хаагчид багтсан байна.

Жуулчин ангиллын 30 хүртэл хоногийн визээр хил нэвтэрсэн 759 иргэний 586 нь БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консулын газраас, 30 нь Эрээн хотод суугаа Консулын газраас, 21 нь БНХАУ-д суугаа Бээжин дэх ЭСЯ-наас виз авсан байна. Бизнес ангиллын 30 хүртэл хоногийн визээр хил нэвтэрсэн 146 иргэний 94 нь БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газраас, 48 нь Хөх хотод суугаа Ерөнхий консулын газраас, дөрөв нь Хонконг дахь Ерөнхий Консулын газраас тус тус виз авчээ.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1.7 буюу ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр Монгол Улсад гурван жилийн хугацаанд дахин оруулахгүй байхаар хар тамга даран, Замын-Үүд олон улсын боомтоор албадан гаргах шийдвэр гарсан энэ нь юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)