Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Х.Нямбаатар: Дээд шүүхийн нэг танхим бүрэлдэхүүнгүй, иргэдийн маргаан шийдэгдэхгүй удаж байна

УИХ-ын чуулган үргэлжилж байна. Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг хэлэлцлээ. Энэ үеэр хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлсэн юм.

Х.Нямбаатар гишүүн: 2018 оны гуравдугаар сард би “Цензургүй яриа”-гаар орж, шүүх засаглал авлигад идэгджээ гэдгийг ил болгосон. Нэлээд газар ч авсан. Шүүгч нарын авлигын асуудлыг ярьж, нийгэм даяараа шуугисан. Би шүгэл үлээсэн.

Ганцхан хэрэг дээр Улсын дээд шүүхийн давах, анхан шатны шүүхийн 17 шүүгч холбогдсон. Асгатын мөнгөний ордыг шийдвэрлэхдээ хээл хахууль, авлига авсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр шүүх системийн 17 шүүгч холбогдож, бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн. Энэнээс болоод шүүх засаглал уналтынхаа доод шатанд хүрсэн.

Өнөөдөр хамгийн эмгэнэлтэй зүйл бол Улсын дээд шүүхийн иргэний танхим хэрэг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүнгүй болчихоод байна. Долдугаар сараас хойш иргэний хэргийг хяналтын шатны журмаар шийдвэрлэх бүрэлдэхүүнгүй, иргэн хуулийн этгээдийн олон тэрбум төгрөгийн эд хөрөнгийн маргаанууд эцэслэн шийдвэрлэгдэхгүй байна. Энэ бол төр иргэнийхээ өмнө хүлээсэн үүрэг, тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалах, шүүхэд итгүүлэх зарчимдаа хүрч чадахгүй байна. Тийм учраас нэн яаралтай Улсын дээд шүүхийг бүрэлдэхүүнтэй болгох шаардлагатай байна.

Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг шийдэхгүй бол иргэн, хуулийн этгээдийн эрх ашиг хөндөгдөөд байна. Дээд шүүхийн гурван танхимын нэг танхим бүрэлдэхүүнгүй байгаа. Зарим албан тушаалтнууд танхим харгалзахгүй хэрэг маргаан шийдүүлье гэдэг зүйл ярьдаг. Тэгэхээр бид хууль эрхзүйн салбарт олсон ололтоосоо ухрамгүй байна. Өөрөөр хэлбэл, эрүүгийн шүүгч эрүүгийнхээ хэргийг шүүдэг болмоор байна. Мэргэшсэн тогтолцооноосоо ухарч болохгүй. Тавдугаар сарын 25-нд Үндсэн хууль үйлчилж эхэлнэ. Тэр болтол Улсын дээд шүүхийн иргэний танхим бүрэлдэхүүнгүй, иргэдийн маргаан эцэслэн шийдэгдэхгүй байж байг гэдэг ийм агуулгаар асуудалд хандаж боломгүй байна. Шинээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар томилогдсон Батбаяр анхаараач. Яам нь мэдэж байгаа ш дээ. Зохицуулалт оруулж ирмээр байна гэв.

Гишүүд үг хэлж дууссаны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар "Шүүхийн хараат бус байдлыг хангаж ажиллах талаар анхаарч ажиллах хэрэгтэй. УДШ-ийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцсан талаар Ерөнхийлөгчид бичгээр мэдэгдэнэ. Нэр дэвшигчид амжилт хүсье" гэлээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)