Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Б.Пүрэвдорж: Махны үнийг бууруулж, малчдын орлогыг хулгайлсан ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан огцрох ёстой

2020/01/15
НИЙСЛЭЛ.mn

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр өчигдөр /2020-01-13/ ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьжээ. Нийт гурван үндэслэлээр Ч.Улаан сайдыг огцруулах хуулийн төслийг өргөн барьсан тухайгаа сэтгүүлчдэд мэдээллэв. Тодруулбал,

Нэгдүгээрт, Малчдад хор хохирол учруулж орлогыг багасгасан, малын үнийг унагаасан

Хоёрдугаарт, Монголын махны үйлдвэрүүдийн үйл ажиллагааг доголдуулсан, дампууруулах хэмжээнд хүргэсэн

Гуравдугаарт, БНХАУ-ын эзэмшлийн махны үйлдвэрүүдийг дэмжсэн гэсэн гурван үндэслэлээр хуулийн төсөл өргөн барьсан байна.

Тэрбээр хэлэхдээ, “Өнгөрсөн 9 сард малын үнэ хангалттай хэмжээнд өссөн байсан. Өөрөөр хэлбэл нэг төлөг 100,000 төгрөг, эм хонь 130,000 төгрөг, мөн эр хонь 160,000 төгрөг байсан боловч өнөөдрийн байдлаар энэ үнэ тус бүрдээ 20-30 мянган төгрөгөөр буурсан. Харин бод мал 200,000 төгрөгөөр буурах хэмжээнд хүрээд байна. Энэ бүгдийн шалтгаан Ч.Улаан сайдын гаргасан “алга дарам цаас” буюу Хятад компаниудад өгсөн квотын үрээр үүссэн үнийн уналт юм. Монгол улс 140 гаруй махны үйлдвэрүүдтэй. Үүний зөвхөн 12-т нь БНХАУ-руу мах импортлох квот олгодог. Энэ олгосон квот нь маш цөөн хэмжээгээр олгогдож, их хэмжээний эрэлтийг бий болгож, авилгалаар өгдөг. Үлдсэн 130 гаран компани нь тэдний квотоор махаа экспортлох хүсэлтээ өгдөг ч тэдгээр компани авилгал өгч квот авсан. Тиймээс та бүгдийн 1 кг мах бүрт төлбөр авч квот өгнө гэсэн шаардлага тавьдаг. Жишээлбэл, 1 кг адууны мах 5000 төгрөгний үнэтэй байхад дээр нь нэмээд 12 юаний авилгал өгдөг.

Энэ нь Монгол мөнгөөр тооцход махны үнэтэйгээ адил хэмжээний буюу 4000 гаран төгрөгний авилгал өгдөг гэсэн үг. Тэгвэл эдгээр аж ахуйн нэгжүүд ямар замаар ашигаа олдог вэ гэхээр Нэгдүгээрт өөрсдийн ашгийг бууруулах, Хоёрдугаарт малчдын малын үнийг бууруулах замаар энэ авилгалын мөнгийг төлж байна.  Махны үнийн бууралт энэ квоттой салшгүй холбоотой. Өнгөрсөн хугацаанд нэг бог борлуулсан малчин иргэн 20,000 төгрөгийн авилгалыг,  бод тутамд 200,000 төгрөгийн авилгалыг Ч.Улаан сайдын халаасанд шууд бусаар төлж байна. Тиймээс малчин иргэд өөрсдийн худалдан борлуулсан мал бүрийг дээрх авилгалын дүнгээр үржүүлэн тооцвол хэдэн төгрөгийг Ч.Улаан сайдад өгч байгааг тооцоолон үзээрэй гэв.

Мөн дээрх экспортын зөвшөөрлийг олгосон нийтдээ 12 компаний 9 нь БНХАУ-ын компани, 3 нь Монгол компани боловч сайд дарга нарын эзэмшилд хамааралтай компаниуд байгаа. Үүний нэг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүүгийн эзэмшлийн компани 5000 тонны зөвшөөрөлтэй, түүнийгээ квотоор зараад байж байна. Энэ хулгайн, луйврын системийг өнгөрсөн бүх ХХААХҮ-ийн сайдууд хэзээ ч хийж байгаагүй. Үүнийг ганцхан Ч.Улаан сайд хийж эхэлсэн. Одоо махны компаниуд бүгд асуудалд орсон. Махны боловсруулалт, хулалдан авалт бүгдийг хийдэг компаниуд кг бүрээс 1,2 юаний ашиг олж байхад, зөвхөн энэ зөвшөөрөл, квотыг өгсөн дарга сайд нар 12 юаний ашигтай ажиллаж малчдаас хулгай хийж байна.

Тийм учраас малын үнийг унагаасан, малчдын орлогыг хулгайлсан, Монголынхоо махны компаниудыг квот нэрийн дор үйл ажиллагааг нь боомилж, Хятад компаниудыг дэмжиж байгаа Ч.Улаан сайдыг огцруулах нь зүйтэй гэж үзэн нийт малчдынхаа өмнөөс энэ хуулийн төслийг өргөн барьж байгаа” гэв. Мөн тэрбээр эдгээр баримтыг хэр үндэслэлтэй ярьж байгаа талаарх сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа, нийт эрэн сурвалжлах сэтгүүчийг олон мянган малчин ард иргэд, аав ээжийнхээ өмнөөс үүнийг судлан сурвалжилж, Монголын махны компаниудын саналыг харгалзан, эрэн сурвалжилж өгөхийг уриалсан юм. Мөн АТГ үүнийг шалгаж байна гэдэг ч, энэ ил тод тодорхой асуудал дээр хяналт шалгалт хийхгүй, булзайруулж байна хэмээв. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)