Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Ардчилсан намаас УБЕГ-т сонгогчдын нэрсийн жагсаалтын асуудлаар шаардлага хүргүүллээ

2020/06/05
НИЙСЛЭЛ.mn

УИХ-ын сонгуулийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор сонгуулийг ямар нэгэн маргаан, будлиангүй явуулах үүднээс сонгогчдын нэрсийн жагсаалт болон зарим нэгэн мэдээллийг улс төрийн намуудад олгох хуулийн зохицуулалттай байдаг. Хуулийн хугацаа өчигдөр буюу 2020.06.03-нд дуусгавар болсон. Гэтэл сонгогчдын нэрсийн жагсаалттай холбоотой будлиантай асуудал үүссэн байна.

Энэ талаар хуульч Н.Ариунболд “Сонгогчдын нэрсийн жагсаалтыг олшруулж болохгүй гэсэн хуулийн зохицуулалттай. Гэхдээ улс төрийн намд нэг удаа олгохыг зөвшөөрсөн хууль байгаа. Хуулийн дагуу сонгогчдын нэрсийн жагсаалтын мэдээллийг өгсөн ч тухайн мэдээллийг УБЕГ-ын мэдээлэлтэй болон жагсаалттай харьцуулж үзээд нэг хүнийг олон удаа бүртгэсэн, огт байхгүй хүнийг бүртгэсэн зэрэг будлиан байгаа эсэхийг тулгаж харах ямар ч боломж алга. Өөрөөр хэлбэл, сонгуульд оролцож байгаа улс төрийн нам эвслүүд ямар нэгэн асуудал байгаа эсэхт хяналт тавих ямар ч боломжгүй байна. Учир нь УБЕГ-аас өгсөн нэрсийн жагсаалт болон зарим мэдээллийг зөвхөн нэг удаа л нээж үзэх боломжтой байдлаар өгсөн нь хуульд нийцэхгүй байна. Мөн сонгогчдын нэрсийн жагсаалтыг хаягийн дарааллаар бичдэг. Тодруулбал, нэг хаяг дээр хэдэн хүн байгааг тэр дор нь жагсааж бичдэг. Тиймээс тухайн хаяг дээр хүн нэмж бичсэн эсэхийг шалгах боломжтой байдаг. Гэтэл намуудад өгсөн жагсаалт нэлээн будлиантай хийгдсэн байна. Нэг хаяг дээр байдаг найман хүнийг нэг дор нэрсийг нь жагсаахгүй энд тэнд бичсэн байна. Энэ нь хяналт хийх ямар ч боломжгүй байгаа нь хардлага төрүүлж байна. Тиймээс Ардчилсан намын сонгуулийн төв штабаас УБЕГ-т шаардлага хүргүүллээ. Улс төрийн намууд сонгогчдын нэрсийн жагсаалтад хөндлөнгийн хяналт тавьж, сонгуулийг элдэв будлиан маргаангүй явуулж, иргэдийн сонгогчдын итгэлийг төрүүлэх байдлаар явуулах боломжийг бүрдүүлж өгөх шаардлага өглөө” гэлээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)