Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Ц.ТУВААН: МИНИЙ БИЕ НАМЫН ДҮРМИЙН НЭГ Ч ЗААЛТЫГ ЗӨРЧИЖ, АЛДАА ГАРГАСАН ҮЙЛДЭЛ ХИЙГЭЭГҮЙ, ХИЙХ Ч ҮГҮЙ

УИХ-ын гишүүнАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваантай ярилцлаа.


Ардчилсан намын дотоод асуудал, нөхцөл байдалд та мэдэгдэл хийж, уриалга гаргасан байна. Намын дотоод асуудал өнөөдөр ямар байдалд орчихов оо?

Сүүлийн үед намын дотор үүссэн нөхцөл байдлуудад тодорхой ойлголт өгөх үүднээс намынхаа гишүүддээ ард түмэнд хандаж миний бие болон намын эрх бүхий байгууллагуудтай хамтарч мэдэгдэл хийж, уриалга гаргасан. 2020 оны УИХ-ын сонгуульд АН 11 суудал авч ялагдал хүлээсэн.

Энэ ялагдлын дараа намын удирдлагууд ямар нэг салаа утгагүйгээр бүрэн бүрэлдэхүүнээрээ огцордог байгаа. Автоматаар огцордог гэсэн үг. Энэ дагуу намын өмнөх удирдлагууд огцорсон. Гэхдээ нам маань өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулах үүднээс аль нэг дэд дарга нь үүрэг гүйцэтгээд явдаг. Энэ хүрээнд нь миний бие дараагийн шинэ намын даргыг сонгогдтол төрийн сонгууль, намын бусад өдөр тутмын үйл ажиллагааг удирдаад явж байгаа.

Энэ хооронд манай намын хуучин дарга С.Эрдэнэ би намын дарга, тамга минийх гээд тамга тэмдгийг шинээр гаргуулж авахаар УБЕГ-т хүргүүлж, хууль бус үйл ажиллагаа явуулж тамгатай болсон мэтээр авирлаж байгаад цэг тавих үүднээс мэдэгдэл уриалга гаргасан юм. Тамгатай холбоотой маргаанд захиргааны хэргийн шүүхэд бид нар өргөдөл гаргаад өгсөн. Энэ өргөдлийг захиргааны хэргийн анхан шатны шүүх авч хэлэлцээд С.Эрдэнийн тамгыг хүчингүй болгож, Ц.Туваанд байгаа АН-ын тамга хүчинтэй юм аа гэдэг ийм шийдвэр гарсан байгаа.

Тэгэхээр энэ шийдвэрийн дагуу бид бүхэн үйл ажиллагаагаа явуулж байна. Ер нь АН-ыг хоёр салсан мэтээр харагдуулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН оролцох энэ чухал цаг үед намыг хагалан бутаргах үйл ажиллагаа явуулаад байгаа нь илт байна. Санаатайгаар, зохион байгуулалттайгаар С.Эрдэнэ гэж хүн өрсөлдөгч МАН-тай хавсарч зориудын ийм үйл ажиллагаа явуулж байна гэж шууд үзэж байна. Учир нь АН тамганы асуудал дээр АН-аас байр суурийг нь асууж, сонсолгүйгээр Хууль зүйн яамны харьяа байдаг УБЕГ нэг өдрийн дотор тамга хийж өгч байх жишээтэй.

УДШ бол Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль журмын дагуу тухайн намын дүрэм нь хуульд нийцэж байгаа эсэх, бусад үйл ажиллагаа нь хуульд нийцэж байгаа эсэхэд, өөрөөр хэлбэл, терроризмтой тэмцэх үйл ажиллагаатай зөрчилдөж байна уу гэдгийг нягталж үзээд бүртгэх ёстой газар маань намын дотоод хэрэгт хэт оролцоод намын дүрмийг бүртгэхгүй байх, дээрээс нь хууль журмын дагуу намын даргын үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа Ц.Туваан миний биеийг бүртгэлээс хасах зэрэг үйлдлүүдийг явуулаад байгаа нь цаанаасаа зохион байгуулалттай байна гэж хардахаас өөр аргагүй юм.

Улсын дээд шүүхээс ямар шийдвэр гарсан юм бэШүүхийн шийдвэрийн дагуу бол хуулийн хүрээнд С.Эрдэнэ АН-ын үйл ажиллагааг явуулах эрх зүйн хувьд үндэслэлтэй боллоо гэж тайлбарлаж байгааЯмар хууль эрх зүйн нөхцөл байдал үүсээд байгаа вэ?

С.Эрдэнэ гэж хүн хэвлэл мэдээллийн хэрэгслээр өндөр төлбөр төлж худал мэдээлэл тараагаад байна. УДШ дээр бид намын их хурлаа хуралдуулсан материалаа өгсөн. Бүртгэж өгөөч гэсэн эхний хүсэлтээ өгсөн. Энэ хүрээнд тодруулах, тодорхойгүй материал байна гэж хэлээд дахин материалаа бүрдүүлж ир гэдэг эхний шийдвэр гарсан. Энэ үед УДШ нэг хууль бус шийдвэр гаргасан нь тэнд өмнө нь бүртгүүлсэн байсан АН-ын төлөөлөх эрх бүхий субьект дээр Ц.Туваан гэдэг нэрийг хасч шийдвэр гаргасан.

Хоёр дахь удаадаа бид бүх зүйлээ ном журмын дагуу бүрдүүлж өгөхөд хоёр дахь удаагаа бүртгэхээс татгалзаад, намын даргын төлөөлөх эрх бүхий хүснэгтэд байсан Ц.Тувааныг бүртгэх хүсэлтийг хангаагүй. Үүнтэй зэрэгцээд С.Эрдэнийг мөн намын даргын эрхтэй этгээдээр бүртгэж өгөөч гэсэн хүсэлтийг мөн хангаагүй. Аль аль талын хүсэлтийг хангаагүй гэж ойлгож болно.

Тэгэхээр нэн яаралтай дараагийн намын даргыг сонгох нь чухал байна. Намын их хурлаас бүрддэг Дотоод сонгуулийн хороо хуралдаад гуравдугаар сарын 28-ны өдөр намын даргын сонгууль зохион байгуулахаар болж зарласан байгаа. Энэ сонгуулиар шинээр сонгогдсон дараагийн даргыг намын их хурлаар батламжлаад дахин Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр өгнө. Намын даргыг сонгох хуралд УДШ-ээс ирж оролцох урилга өгнө. Шаардлагатай гэвэл өөрсдөө ирж хараг.

Ер нь бол хууль шүүхийн байгууллага нь АН-ын дотоод асуудал хэт орж байгаа энэ үйл ажиллагаа нь улс төрийн зохион байгуулалттайгаар АН-ыг хуваах, Ерөнхийлөгчийн сонгуульд амжилтгүй оролцуулах, АН-гүйгээр сонгуульд өрсөлдөх оролдлого гэж шууд хардаж байна.

С.ЭрдэнэЦ.Туваан хоёр нэг ширээний ард сууж асуудлаа ярьж нэгдэх ёстой гэдэг байр сууринаас намын олон гишүүд та бүхэнд хандаж үгээ дайж байнаТэгэхээр та хоёрын хувьд хувийн асуудал байна уунамын төлөө нэгдэхэд юу нь болохгүй байна вэТаны хувьд нэгдэжнэг ширээний ард суух талаар санал санаачилга гаргасан уу?

Энэ хооронд миний зүгээс аливаа зүйлд асуудалд маш их хүлээцтэй, тэвчээртэй хандаж ирлээ. Хууль шүүхийн байгууллагын шийдвэрийг зөв үнэний талд гарах байх гэдэгт итгэж хүлээж байсан. Хамгийн сүүлийн шүүх хурал болоод долоо хоног өнгөрч байна. Шүүх хурлын дараа бидний хардлага бол тодорхой болсон. АН-ыг хүчгүй, хагаралтай мэт харагдуулах энэ зорилгыг агуулж өрсөлдөх улс төрийн хүчин оролцоод нөлөөлж байгаа юм байна гэдэг нь батлагдчихлаа. АН эв нэгдэлгүй юм шиг харагдаж байна, тиймээс нэгдэх хэрэгтэй гэдэгтэй мэдээж санал нийлнэ.

Тиймээс миний хувьд гурав хоногийн өмнө болсон 100 -гаад хүн оролцсон ҮБХ-ны гишүүдийн цуглаан, хуралд орж үгээ хэлж, саналаа тавилаа. Намын эв нэгдэл чухал байгаа учраас энэ асуудлыг нэг талд шийдэх санал гаргасан юм. АН-ын Дотоод сонгуулийн хорооны байгууллагын шийдвэр гарсан байна. Үүнийгээ хамтдаа дагацгаая. Намынхаа даргын сонгууль руу орохыг дэмжиж байна. Шаардлагатай гэж үзвэл гуравдугаар сарын 28 -нд зохион байгуулагдах Намын даргын сунгаа хүртэл С.Эрдэнэ ч тэр, Ц.Туваан ч тэр намын тамгыг намынхаа эрх бүхий байгууллага Үндсэн дүрмийн хороонд хүлээлгээд өгьчихье.

Үндсэн дүрмийн хороо бол АН-ын дотоод дүрэм, журмыг сахиулах учиртай ийм байгууллагын хувиар шинэ сонгогдсон даргад нь намын тамгыг хүлээлгэж өгье гэдэг ийм саналыг хэлэхэд хүлээж авсангүй. Тэгэхээр С.Эрдэнэ гэж хүн санаатайгаар намыг хоёр хуваах ийм үйл ажиллагаа хийж байгаагийн баталгаа нь энэ болж байна.

Тэгэхээр одоо яах вэНамын даргын сунгааг хоёр талд зохион байгуулбал УДШ дахиад намын даргыг бүртгэж авахгүй байдал бий болох юм биш үүАН даргаа сонгож чадахгүй болчихбол удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадахгүй ийм байдал бий болох уу?

АН-ын шинэчилсэн дүрмийн өөрчлөлтийг УДШ бүртгээгүй. Гэхдээ өмнө нь Дээд шүүхэд бүртгэлтэй байсан АН-ын дүрэм бий. Энэ дүрмийнхээ хүрээнд АН-ын даргын сунгааг зарласан. Дээд шүүхэд бүртгэлтэй, хүчин төгөлдөр дүрмийнхээ дагуу намын даргын сунгааг зохион байгуулна. Намын 10 их хурлаар батлагдсан ч шүүхэд бүртгэгдээгүй намын шинэчилсэн дүрмийг дахин дараагийн намын их хурлаар оруулна.

Ингээд явахад үүнд ямар нэг эргэлзээ, намын даргыг бүртгэхгүй байх ийм зүйл байх ёсгүй. Харин санаатайгаар УДШ дахин ийм асуудал гаргавал Ардчилсан намын 200 мянган гишүүдийн төлөөлөл бид нар улс төрийн тэмцэл гаргах акцууд руу орохоос өөр аргагүй. Илт нэг талыг барьсан буруу хууль бус шийдвэрийг бид нар тууштай эсэргүүцэнэ гэдгээ албан ёсоор хэлчихье.

АН-ын нийт гишүүдийн дунд хагарал байхгүй. Даргын асуудал л хагаралтай мэт харагдуулж байна гэж ярьж байгаа. Гэтэл одоогоос харахад дотоод хагарал нэлээд хурцдаж байна уу гэж харагдаж байна?

Миний хувьд сая намын дэргэдэх байгууллагуудын эрх бүхий албан тушаалтангуудтай хамт мэдэгдэл, уриалга гаргалаа. АН-д Улс төрийн зөвлөл гэж байгууллага байдаг. Энэ байгууллага намын Үндэсний бодлогын хороог хуралдаагүй чөлөөт цагт хуралддаг намын эрх барих дээд байгууллагынхаа хувиар тодорхой шийдвэрүүдийг гаргаж явдаг юм. Өнөөдөр АН-ын Улс төрийн зөвлөл хуваагдаагүй, шийдвэрүүд нь хүчин төгөлдөр байна.

Дээр нь Үндсэн дүрмийн хороо бүрэлдэхүүнээрээ дарга нь ирж оролцлоо. Дотоод сонгуулийн хороо шийдвэр дээрээ хатуу зогсож байгаа. Үндэсний бодлогын хорооны тухайд хуралдаад корона, Цагаан сарын баяр гээд хуралдаанаа хаалгүй түр завсарласан байсан. Өнөөдөр (өчигдөр) үргэлжлүүлэн 12 цагт хуралдуулах тов гарсан байна. Энэ хуралдаанаар ҮБХ шийдвэрээ гаргаад явна.

Энэ байгууллагуудын гишүүд, аймаг дүүрэг, нийслэлийн намууд хуваагдаад хоёр талд явуулж байгаа үйл ажиллагаа байхгүй. Зөвхөн С.Эрдэнэ нарын хэдэн хүн л санаатайгаар хуваагдсан мэт харагдуулах үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр бид нар шаардлагатай гэсэн тайлбаруудыг гаргаж өгөөд явахад бэлэн байна.

С.Эрдэнэ “би дарга болох гэсэнгүйДараагийн даргад эрхээ шилжүүлж өгнө” гэж хэлж байгааТэгэхээр энэ хүнийг АН-аас хөөсөн тухай та бүхэн мэдэгдэлдээ оруулсан байна?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар зургадугаар сарын 9-нд сонгууль болохоор болсон. Энэ хугацаанаас 40 хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байгаа. Тэгэхээр энэ өдөр лүү намын даргын сонгуулийг тулгаж хийх зорилго байна. Энэ нь АН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэх хугацаагүй болгож байна гэсэн хардлагыг шууд төрүүлж байна. Дээр нь би сая хэллээ шүү дээ.

С.Эрдэнэ, Ц.Туваан хоёр хоёулаа ҮБХ хуралд цуг оролцсон. Шаардлагатай бол хоёулаа зэрэг намын эрх бүхий байгууллага ҮДХ-д тамгаа хүлээлгээд өгчихье. Намаа эв нэгдэлтэй байлгамаар байна, намаа нийгэмд муухай харагдуулмаар байна, энэ хугацаанд дүрмийн дагуу намын Дотоод сонгуулийн хороо өөрөө сонгуулиа зохион байгуулаад яваг гэтэл хүлээж аваагүй. Тэр байтугай миний хэлсэн үгийг шууд мушгин гуйвуулж АН-ын тамгыг Ц.Туваан С.Эрдэнэд хүлээлгэж өглөө гэсэн илт худлаа мэдээллийг хэвлэл мэдээллээр мөнгө төлж цацсан.

Дээр нь миний бие сая хэвлэлийн бага хурал хийж, АН-ын үндсэн хүчин төгөлдөр байгаа тамгыг аваачиж харуулсан. Тамга хүлээлцсэн акттайгаар би авсан. Ямар нэг байдлаар тамга хулгайлаагүй, олоогүй. Тэр тамга бол өнөөдөр хүчинтэй үйл ажиллагаа явуулаад байж байна. С.Эрдэнэ гэж хүн үнэхээр л намын эв нэгдлийг хангахыг хүсч байсан бол Үндсэн дүрмийн хороонд хоёр талаасаа зэрэг ирээд тамгаа гардуулчихъя гэхэд үгүй гээд сууж байхгүй байсан. Намын эв нэгдлийг хангах сонирхолгүй нь батлагдаж байна. АН-д дүрмийг хэрэгжүүлдэг, хяналт тавьдаг дээд байгууллага нь Үндсэн дүрмийн хороо гэж байгууллага бий.

Үндсэн дүрмийн хороо хуралдаад “АН-ын дүрмийг удаа дараа ноцтойгоор зөрчсөн С.Эрдэнэд хариуцлага тооцож намын гишүүнчлэлээс найман жилийн хугацаатай хасах шийдвэрийг гаргаж миний биед өгсөн. Миний бие энэ шийдвэрийг албажуулж С.Эрдэнийг намын гишүүнчлэлээс хассан шийдвэрийг гаргасан. Энэ хүн өнөөдөр АН-тай холбоотой ямар нэг үйл ажиллагаанд оролцож шийдвэр гаргах, намын гишүүдийг дуудаж ярилцах, үүрэг өгөх, ямар нэг үйл ажиллагаа зохион байгуулах хууль эрх зүйн чадамжгүй хүн байгаа шүү гэдгийг энэ дашрамд давтаад хэльчихье.

Тэгэхээр яавал энэ асуудалд цэг тавих боломжтой вэ?

Хүмүүс бүх асуудлыг нарийн сайн ойлгохгүй байгаа учраас зарим мэдээлэл авч чадаагүй хүмүүст ойлгомжгүй, тодорхойгүй мэт харагдаж байгаа байх. Ер нь бол бүх асуудал тов тодорхой. Намын үндсэн дүрмийн дагуу намын бүх үйл ажиллагаа явж байна. Миний хувьд намын дүрмээс нэг ч заалт зөрчсөн, нэг ч алдаа гаргасан үйлдэл хийгээгүй, хийх ч үгүй. Намын дараагийн шинэ дарга хүртэл үйл ажиллагаа явуулсаар байгаа нь энэ. Бид нэлээд хүлээцтэй тэвчээртэй хандаж, хууль шүүх, агентлагууд нь шударга зөв ажиллах байх гэсэн байдалтай өнөөдрийг хүртэл явж ирсэн. Гэтэл асуудлын мөн чанар нь шал ондоо зүйл байгаа гэдэг нь өнөөдрийн байдлаас тодорхой харагдаж байна.

Тэгэхээр С.Эрдэнэ гэдэг хүн цаашдаа асуудалд иймэрхүү байдлаар хандаад явбал өөрийнхөө ажиллаж байсан намыг ялагдуулах зорилго өвөртөлсөн байна гэдэг нь тодорхой болсоор байна гэсэн үг. Манай гишүүд ингэж л ойлгох хэрэгтэй. Одооноос эхлээд энэ намын үйл ажиллагаа энэ тамган дээрээ намын даргын гуравдугаар сарын 28-нд сонгох гэдэг дээр нэгдэх хэрэгтэй.

Ямар нэг байдлаар салаа утга битгий ойлгоорой гэж хэлье. Намын дэргэдэх бүх байгууллагууд эндээ байж үйл ажиллагаагаа явуулж байна. С.Эрдэнийн хувьд, жишээлбэл, нэг хувийн компанийн гүйцэтгэх захирал нь хийж байсан нэг хүн тамга хийж байсан хүнтэй хуйвалдаад шинээр тамга хийчихээд, бусад хүмүүсээ өрөөнд нь оруулахгүй гээд сууж байгаатай адилхан процессыг хийж байна. Энэ үйдэлд нь төрийн байгууллагууд нь оролцож дэмжээд байгаа нь яалт ч үгүй өрсөлдөх намын улс төр орж байна гэж үзэхээс өөр аргагүй.

Таныг бас намын дараагийн даргыг сонгохгүй байна гэж шүүмжилсэн?

Дараагийн даргыг сонгох процесс эхэлчихсэн явж байна шүү дээ.Хэрвээ би дараагийн даргыг сонгохгүй гэж байсан бол гуравдугаар сарын 28-нд болох намын даргын сонгуулийг эсэргүүцээд л юм яриад явж байна шүү дээ. Одоо намын даргын сунгаанд аль ч утгаараа зөрчилтэй зүйл харагдахгүй гэж ойлгож болно.

Намын даргын сунгаа хэрхэн зохион байгуулагдах вэХичнээн хүн өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлээд байна вэ?

Гуравдугаар сарын 5-ны өдрөөр намын даргад өрсөлдөх сонгуулийн бүртгэл хаагдсан. Энэ удаагийн сонгуулийг маш шударгаар эмх цэгцтэй, ил тод, нэр дэвшигчдийн менежерүүд, тэдний хүсэлтийг харгалзан үзэж зөв зохион байгуулна. Мэдээж ковидын нөхцөл байдлыг харгалзан үзэж тавигдсан шаардлагад нийцүүлж сонгуулийг зохион байгуулна.

Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)