Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

М.Говьсайхан: Цар тахлын голомтод ажилласан 1200 төрийн албан хаагчийг орон сууцжууллаа

2021/06/14
НИЙСЛЭЛ.mn

Урин дулаан цаг эхлэхтэй зэрэгцээд барилга, бүтээн байгуулалтын их ажил өрнөж эхэлсэн. Нийслэл хэмээх их айлын хот төлөвлөлт, бүтээн байгуулалт, дэд бүтэц, иргэдийг орон сууцжуулах төсөл, хөтөлбөр зэргийг хариуцан ажиллаж буй НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн орон сууцны корпорацийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхантай ярилцлаа.

Та НОСК-ийн Гүйцэтгэх захиралаар томилогдон ажиллаж байна. НОСК өнөөдөр ямар зорилтын хүрээнд, хэрхэн ажиллаж байна вэ?

2015 онд Нийслэлийн орон сууцны корпораци нь ОНӨААТҮГ байгуулагдсан. 2018 оноос Хаалттай хувьцаат компани болж өөрчлөгдсөн. Бид өнөөдөр орлогод нийцсэн орон сууц, түрээсийн орон сууцны олон талт хэлбэрийг хөгжүүлж, шинэ суурьшлын бүсийг бий болгон хөгжүүлж, дэд бүтцийг сайжруулан, газар зохион байгуулалтыг сайжруулах, Нийслэлийн орон сууцны ашиглалтын үйл ажиллагааг сайжруулах, газар зохион байгуулалтыг анхаарч ажиллаж байна. Мөн НОСК-аас хэрэгжүүлж байгаа орон сууцны хөтөлбөрүүдэд хамрагдаж байгаа иргэдийн мэдээллийг нэгтгэн цахим сан бий болгож, хяналт тавих, Засгийн газраас болон Нийслэл хотоос хэрэгжүүлж байгаа орон сууцны онцгойлсон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

НОСК АНХ БАЙГУУЛАГДСАНААС ХОЙШ 3500 ГАРУЙ ӨРХ, 11 МЯНГАН ОРЧИМ ИРГЭНИЙГ ОРОН СУУЦЖУУЛЖ, ГЭР ХОРООЛЛЫН ЯНДАНГИЙН ТООГ ТӨДИЙ ТООГООР БУУРУУЛСАН БАЙНА.
Бид төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар ажиллаж байна. Хамгийн сүүлд л гэхэд цар тахлын хүнд үеийг нуруундаа үүрч яваа төрийн албан хаагчиддаа зориулсан төсөл хэрэгжүүлсэн. Монголбанкнаас 100 тэрбум төгрөгийн санхүүжилттэйгээр цар тахлын үед тэргүүн эгнээнд, эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч, цагдаа, онцгой байдлын алба хаагчдын орон сууцны нөхцөлийг сайжруулах зорилгоор урьдчилгаа төлбөргүй, 6%-ийн хүүтэй зээлд 1200 иргэнийг хамрууллаа. Нэг талаар эрсдэлт, онцгой нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчдаа дэмжиж байгаа төдийгүй төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжиж барилгын салбараа дэмжин борлуулахад бэлэн болсон орон сууцанд хамруулсан. Энэхүү “Ковид-19 цар тахлын голомтод ажилласан төрийн албан хаагчдын орон сууцны төсөл”-ийг Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын онцгой комисс, НЗДТГ хамтран ажиллаж, НОСК зохион байгуулалтыг хангаж ажилласан.

Барилгын салбарын ид ажлын улирал эхэллээ. НОСК-ийн захиалгаар 2021 онд ямар бүтээн байгуулалтууд хийгдэж байна вэ?

Эхний ээлжинд СХД-ийн Баянголын аманд баригдах 2007 айлын орон сууц байна. Уг төсөл БНСУ-ын ЭКЗИМ банктай хамтран хэрэгжүүлнэ. Гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт хийгдээд эхлэх гэж байна. Мөн СХД-ийн 6-р хороонд Европын Сэргээн босголтын банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 712 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр гэрээ хэлцэл хийгдэж, ТЭЗҮ-ийн боловсруулалтын ажил хийгдэж байна. Удахгүй уг бүтээн байгуулалтын эхний ажил болох 126 айлын түр суурьшуулах байрны барилга угсралтын ажил эхлээд явж байна.

Мөн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа орон сууцжуулах томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжинэ. Засгийн газрын дэмжлэгтэйгээр Залуус-1, 2 хороолол баригдана. Үүнийг Төрийн орон сууцны корпораци болон Нийслэлийн орон сууцны корпораци хамтран хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд барилгын ТЭЗҮ, дэд бүтцийн асуудлыг шийдэх эхний ажлууд хийгдэж байна. Ингэхдээ инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн суурь судалгаа хийгдсэн. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Алсын хараа-2050 зэрэгт багтсан 150 мянган айлыг орон сууцжуулах төлөвлөгөөний хүрээнд хийгдэх юм. Нийт 150 мянган айлын орон сууцны 100 мянган орон сууц нь Улаанбаатар хотод баригдана. Тиймээс нийслэлийн гэр хороололд байгаа залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй гэх мэт зорилтот бүлгийн иргэд рүүгээ чиглэсэн энэхүү хөтөлбөр хэрэгжинэ.
НОСК болон ТОСК нэгдэж Үндэсний хэмжээний корпораци болох санаачилгыг Монгол Улсын Засгийн газраас гарсны дагуу Улсын хэмжээнд бүтээн байгуулалт амжилттай хийгдэх, Нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөх, дэд бүтцийг сайжруулах нөхцөл бүрдэх юм. Улаанбаатар хотыг 2050 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө гарсан. Үүнийг Засгийн газрын хэмжээнд дэмжлэг авч, Залуус 1,2 хороолол, Солонго хороолол 1, 2 хороолол, Баянголын аман дахь орон сууцны хороолол гэх мэт үндэсний хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжтой юм.

НОСК-аас 3 төрлийн нөхцөлтэй орон сууцанд хамрагдах зорилгоор олон иргэд бүртгүүлж байсан. Өнөөдөр эдгээр иргэдийн бүртгэл хүчинтэй байгаа юу?

НОСК нь хэрэгжүүлж буй орон сууцны төсөл, хөтөлбөрүүд Түр суурьшуулах, Түрээсийн орон сууц, Түрээслээд өмчлөх гэсэн 3 хэлбэрээр хэрэгжиж байна.

НОСК байгуулагдсан цагаас хойш дээрх нөхцөлүүдийн дагуу орон сууцанд орох хүсэлтэй маш олон иргэдийн зүгээс хүсэлт ирж байсан. Иргэдийн сонгон шалгаруулалтыг ил тод, шударга явуулах зорилгоор Цахим бүртгэлийн санг бий болгосон. Тухайн үеийн сонгон шалгаруулалтаас эрэмбэлэгдсэн иргэдийн дараалал хүчинтэй байгаа бөгөөд уг дарааллаар орон сууцанд хамруулах ажил хийгдэж байгаа. Мөн НОСК-аас НЗДТГ-тай хамтран орон сууцжуулах журам батлагдсан. Уг журмын шалгуурт бүртгэлтэй иргэдийг ангилал тус бүрээр нь шаардлага хангаж буй байдлаар нь эрэмбэлэх заалт тусгасан. Тиймээс энэ дарааллын дагуу төсөл, хөтөлбөрт хамрагдаад явна. Иргэдийн бүртгэл хэвээрээ байгаа. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн орон сууцны мэдээллийн санд 35058 иргэн бүртгүүлж, сонгон шалгаруулалтад хамрагдсан. Гамшигт, аюулт үзэгдлийн улмаас 116 иргэн, хөгжлийн бэрхшээлтэй 3134, ахмад настан 7166, өрх толгойлсон эцэг, эх 3148, 18 хүртэлх насны буюу түүнээс дээш насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй 960 иргэн бүртгэлтэй байна.

Бүртгэлийн дарааллын дагуу иргэдийг орон сууцаар хангах ажил хэрхэн хийгдэж байна вэ?

НОСК-аас хэрэгжүүлж байгаа төсөлийн хүрээнд орон сууцны сангийн бүрдэлт ямар байхаас их шалтгаалж байна. Төслүүд хэр хурдтай, саадгүй хэрэгжинэ, тэр хэрээрээ иргэдийг орон сууцаар хангах ажил амжилттай явагдана л гэсэн үг. Бидний зүгээс барилгын компаниуд болон гүйцэтгэгчидтэйгээ хамтран орон сууцнуудыг шуурхай ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Буянт-Ухаа 2 хорооллын орон сууцны төслийн хэрэгжилт ямар байна вэ?

Буянт-Ухаа 2 хорооллын 974 айлын орон сууцны төсөл үргэлжилж байгаа. Дээр хэлсэн 3 нөхцөлийн дагуу иргэд хамрагдаж байгаагаас гадна газраа байраар сольж байгаа иргэд энэ төсөлд хамрагдаж байгаа юм. 

Та НОСК-ийн Гүйцэтгэх захиралаас гадна НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаад хагас жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд ямар ажил хийж хэрэгжүүлсэн бэ?

НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж эхлээд 6 сарын хугацаа өнгөрсөн. НИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны даргаар сонгогдон ажиллаж байна. Уг хороо нь 2021 онд Нийслэл хотод хийгдэх бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажлын төлөвлөгөөг батлаад байна. Өмнө нь Улаанбаатар хотод хийгдсэн бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажлын уялдаа холбоо, залгамж байдалтай танилцсан. Мөн Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн жилүүдэд хийгдсэн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн байдлыг хянаж, төсөв санхүү, цаг хугацааны хувьд хэрэгжих боломжгүй болсон нь хэд байна, уриа лоозон, тунхагийн чанартай яваад байна уу гэдгийг шалган хянаж, хэрэгжих боломжгүйг зогсоож, үргэлжлүүлэх боломжтойг нь эрчимжүүлэх санаачилга гарган НИТХ-ын холбогдох хороодоор оруулж, хэлэлцүүлээд явж байна.

Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа улс, нийслэл, гадаадын хөрөнгө оруулалт, санхүүжилтээр хийгдэж байгаа бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явцтай газар дээр нь очиж танилцан, үнэлэлт дүгнэлт өгөх ажлыг хийж байна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах чиглэлд хийж, хэрэгжүүлэх санал, санаачилга гарган, хэрэгжүүлэх чиглэлд ажиллаж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах ажил ямар түвшинд байгааг тогтоох, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх гарцыг олохоор ажиллаж байна. 2022 оны Газар зохион байгуулалтын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах, сайжруулах чиглэлд хийх ажлыг санал санаачилга оруулаад явж байна.
Өнгөрсөн хугацаанд цар тахлын үед Нийслэл хотоос нэн шаардлагатай авч хэрэгжүүлэх арга хэмжээг боловсруулах ажлын хэсэгт орж ажиллан, гаргасан санал, санаачилгын дагуу НЗДТГ-т үүрэг чиглэл өгч, ажлын төлөвлөгөөнд нь тусгуулсан.

2021 онд ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны барилгуудыг дахин төлөвлөх нийслэлийн засаг даргын санаачилга гарч, захирамж гарсан. Энэ хүрээнд дүүрэг бүрт байгаа энэ төрлийн орон сууцнуудын судалгаа хийгдэж дууссан. Одоогоор энэ ажилд шаардлагатай хөрөнгө санхүүгийн тооцоо хийгдэж байна.

НИТХ-д Сонгинохайрхан дүүргийн иргэдийг төлөөлөн ажиллаж байгаа. Тус дүүрэгт 2021 онд хийж, хэрэгжүүлсэн ажлуудаас танилцуулна уу?

Сонгинохайрхан дүүргийн 10 хороонд 2021 онд Нийслэлийн орон нутгийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын төлөвлөгөөнд хороо бүрийн иргэд, Засаг дарга нарын саналыг авч батлуулсан. Одоо зарим хороодод эхнээсээ зураг төсөл боловсруулагдаад сонгон шалгаруулалт явагдаад ажил эхэлж байна. Миний сонгогдсон 10 хороонд нийт Нийслэлийн орон нутгийн сангийн 800 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр тусгагдсан.   

Тухайлбал Иргэний танхимын засвар, автозамын хурд сааруулагч, хүүхдийн тоглоомын талбайн шинэчлэл болон камержуулалт, автомашины зогсоол, чулуун автозам, ус түгээх байр барих гэх мэт иргэдийн тав тухтай, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх тохижилтын ажлууд хийгдэхээр тусгагдаад эхнээсээ хийгдээд явж байна. Түүнчлэн СХД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүд Улсын нэгдсэн төсөвт тусгуулсан хөрөнгө оруулалтын дагуу 250 ортой цэцэрлэг барих ажлыг холбогдох байгууллагатай хамтран ажиллаж, энэ жил ашиглалтад оруулна. Зам засварын ажил хийгдсэн ч улсын комисс хүлээж авааүйгээс болоод замын хажуугийн гэрэлтүүлэг хийгдээгүй байсныг холбогдох байгууллагуудтай хамтран гэрэлтүүлгийг хийхээр болсон. УИХ-ын гишүүн Н.Учралтай хамтран хуучирсан орон сууцнуудын гаднах фасадыг засварлах ажлууд тун удахгүй хийгдэх болно.

Ярилцлага өгсөн танд баярлалаа.

Баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)