Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Дэлхийн хамгийн СТРЕССТЭЙ ажлын байруудын жагсаалтыг гаргажээ

2021/08/09
НИЙСЛЭЛ.mn

Дэлхий дээрх бүхий л ажил өөрийн гэсэн стресстэй. Гэхдээ зарим ажил нь илүү стресстэй байдаг гэнэ. Ингээд мэргэжил сонголтын CareerAddict сайтаас дэлхийн хамгийн стресстэй ажлын байруудын жагсаалтыг гаргасныг хүргэж байна.

1.      ХУВИЙН ТУСЛАХ

Ихэнх ажлын байрууд ажлын тогтсон цагтай байдаг. Гэхдээ хувийн туслахууд 24/7 бэлэн байх ёстой гэхэд хилсдэхгүй болов уу. Энэ төрлийн ажилтнуудад гүйцэтгэх ажил маш олон байдаг тул зохион байгуулалт, цаг төлөвлөлтийн өндөр ур чадвар шаардагддаг билээ.

2.      ГЭРЛЭЛТ БА ГЭР БҮЛИЙН СЭТГЭЛЗҮЙЧ

Хосын харилцаанд үүссэн асуудал, дутагдсан мэдрэмжийг нөхөх, бие биенийхээ ялгаатай талыг нь хүлээн зөвшөөрүүлэх зэрэг нь амаргүй гэдэг нь тодорхой. Үйлчлүүлэгчдийнх нь харилцаа хурцадмал байдалд орсон бол асуудлыг намжаах нь ч мөн гэр бүлийн сэтгэлзүйчдийн хийх ажил. Гэхдээ мэдээж хамгийн сайхан нь тэднийг эвлэрч, аз жаргалтайгаар хөтлөлцөн гарахыг харах явдал билээ.

3.      САНХҮҮГИЙН ШИНЖЭЭЧ

Санхүүгийн олон тоо баримт, өгөгдлийг судалж, бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулалтын тухай зөвлөгөө, чиглүүлэг өгөх ажлыг санхүүгийн шинжээчид хийдэг. Хэдийгээр тэд үргэлж стресстэй ажиллахгүй ч зах зээлийн нөхцөл байдал муугаар эргэх үед олон хэцүү үйлчлүүлэгчидтэй нүүр тулах болдог.

4.      ГОМДОЛ БАРАГДУУЛАХ АЖИЛТАН

Гомдол барагдуулах ажилтнууд үргэлж л ямар нэгэн асуудал тулгарсан үйлчлүүлэгчтэй харьцдаг. Тэд үүсээд буй нөхцөл байдлыг намжааж, хэрэглэгчийн гомдлыг мэргэжлийн түвшинд, цаг тухайд нь шийдвэрлэх ёстой байдаг. Аливаа байгууллагын хувьд хэрэглэгч нэн тэргүүнд байдаг тул гомдол барагдуулах ажилтан бол яах аргагүй чухал ажлын байр билээ.

5.      БАРИЛГЫН АЖИЛТАН

Биеийн хүчний ажил хүнийг бие махбод болон сэтгэлзүйн аль алинаар нь ядраадаг. Тэд цаг агаарын эрс тэс, эрсдэлтэй нөхцөл байдалд ажиллахаас гадна үргэлж л дээд албан тушаалын хэн нэгэн нь тэдэнд зааж зааварлаж байдаг.

6.      АХЛАХ ТОГООЧ

Өдрийн цайны цаг болон оройн цагаар рестораны гал тогоо хэрхэн ажилладгийг бид уран сайхны кино болон цөөнгүй нэвтрүүлгээс үзсэн билээ. Тэд үйлчлүүлэгчдийн захиалгыг цаг тухайд нь, чанартайгаар бэлдэж өгөх ёстой. Багийнх нь гишүүн багахан алдаа гаргахад л өмнөөс нь хариуцлага хүлээх шаардлагатай болдог. Чадварлаг хамт олноо алдалгүйгээр барьж, захиалга бүрийг чанартай гаргахын тулд тэд юуг ч хийхэд бэлэн байдаг гэж хэлж болно. Үүнээс гадна тэд энэ бүх хугацаанд халуун зуухны хажууд байдаг гээд бод доо.

7.      ГАЛТ ТЭРЭГНИЙ ЖОЛООЧ

Галт тэрэгний жолооч болохын тулд нүдний хараа дээд зэргийн сайн байх ёстой. Ингэж байж л тэд зорчигчдоо зорьсон газарт нь аюулгүй, хугацаанд нь хүргэж өгч чадна. Сонсоход амар, сонирхолтой юм шиг сонсогдож байж магадгүй ч маш их хариуцлага хүлээдэг албан тушаал юм шүү.

8.      НИСЭХ ОНГОЦНЫ ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ИНЖЕНЕР

Тэд нисэх онгоцны хөдөлгүүр суурилуулахаас эхлээд цахилгаан болон системтэй холбоотой гэмтлийг засаж гүйцэтгэдэг. Мэдээж агаарт нисэж буй зорчигчдыг хүрэх газарт нь аюулгүй хүрэхэд тээвэрлэж буй онгоц нь эвдрэл гэмтэлгүй, “төгс” байх ёстой. Хүний амь настай холбоотой ажил байх нь шүү дээ.

9.      АЧААНЫ МАШИНЫ ЖОЛООЧ

Өдөржин жолоо бариад л урагшаагаа яваад л байхад болох юм шиг санагдаж байж болох ч ачааны том том машиныг хот дотор унах нь үнэхээр амаргүй байдаг аж.

10.   НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДАГЧ

Тэд тэнгэрт нисэж буй онгоцнуудын хөдөлгөөнийг хянаж, нисгэгчид чиглүүлэг өгдөг. Мөн нисэх онгоцны буудал болон нисэх зурваст газар дээрх хөдөлгөөнийг ч хянана. Тэд мөнхийн сонор сэрэмжтэй байхаас гадна ямарваа нэг асуудал гарах үед нисэгчид зөвлөгөө өгдөг.

11.   СПОРТЫН ШҮҮГЧ

Спортын тэмцээн уралдааныг зурагтаар үзэхэд л догдолдог. Гэтэл талбайн хажууд зогсоод торгууль өгч, ялагчдыг тодруулна гэдэг хэчнээн хэцүү гэж бодно? Тоглогч, дасгалжуулагч, бүр үзэгчдийн байнгын хэл амтайгаас гадна амь насанд нь заналхийлэх тохиолдол ч байдаг байна.

12.   БАГШ

Бид жилд нэг удаа зохион байгуулагддаг “Сурагчдын нэг өдөр” өдөрлөгөөр л багшилна гэдэг хэчнээн хэцүүг мэдэрдэг. Сурагчдадаа мэдлэгийг сургалтын төлөвлөгөөний дагуу олгохоос гадна “хэцүү” сурагчидтай харьцана гэдэг... Тэд энэ ажлыг жилийн ганцхан өдөр биш, бүхий л өдөр хийдэг гэхээр хайрлахгүй байхын аргагүй билээ.

13.   ОПЕРАТОР

Ширээний ард суугаад л хүмүүстэй өдөржин утсаар ярина гэхээр дэлхийн хамгийн амархан ажил шиг санагдаж магадгүй юм. Царайг нь ч хараагүй хүндээ утасны цаанаас бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулахаас гадна бухимдсан хэрэглэгчидтэй ярьж, асуудлыг нь шийдвэрлэхэд туслах шаардлагатай тулгардаг. Мэдээж чи байгууллагынхаа өмнөөс тухайн хэрэглэгчтэй ярьж байгаа учир өөдөөс нь бухимдсан өнгө аясаар ярьж ч болохгүй. Харилцааны чадвар сайтай нэг нь энэ албан тушаалаас карьераа амархан дээшлүүлж чаддаг бол сэтгэлзүйдээ хүнд шарх авах нэгэн ч бий.

14.   СЭТГЭЛ ЗАСАЛЧ

Сэтгэлзүйн шинжлэх ухаан бол судалж барамгүй өргөн цар хүрээтэй салбар билээ. Иймд үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл санааны болон сэтгэцийн эмгэгийг эмчлэхийн тулд олон тооны ном товхимол, судалгаа шинжилгээг уншиж судлахаас эхлээд маш их ачааллыг үүрэх шаардлагатай болдог. Кинон дээр намуухан орчинд суугаад, үйлчлүүлэгчтэйгээ ярилцаад, их л амар тайван ажил шиг харагддаг боловч угтаа бол тийм биш аж.

15.   НИЙГМИЙН АЖИЛТАН

Нийгмийн ажилтнууд ажиллаж буй салбар, чиглэлээсээ хамааран өндөр настнууд, бага насны хүүхдүүд, хүнд өвчинтэйгөө тэмцэж буй хүмүүсээс эхлээд сэтгэцийн эмгэгтэй хүмүүстэй хүртэл тулж ажиллах нь бий. Шөнө оройн цагаар, олон цагийн ээлжээр ажиллах нь тэдний өөрсдийнх нь бие махбод болон сэтгэлзүйн эрүүл мэндэд сайнгүй нөлөө үзүүлдэг. Гэхдээ ажил, мэргэжил бүхэнд сайхан зүйл байдгийн адилаар тэд хийсэн ажлынх нь үр дүнд нийгэмд эерэг өөрчлөлт гарч буйг харж урамшдаг байна.

16.   IT МЕНЕЖЕР

Мэдээллийн технологийн ажилтнуудын ажлыг хэдэн товч дарж, үг бичээд болчихдог ажил гэж хардаг хүмүүс цөөнгүй. Гэвч бүхэл бүтэн байгууллагынхаа мэдээллийн технологийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангаж ажиллана гэдэг их эрсдэлтэй бөгөөд хариуцлагатай ажил. Тэд маш богино хугацаанд үр дүнтэй шийдлийг сэдэж, асуудлыг шийдвэрлэх шаардлагатай тулгардаг. “Мэдээллийн” гэгдэж буй энэ эрин зуунд үнэхээр л “стресстэй” ажил шүү.

17.   ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ЭМЧ

Түргэн тусламжийн тасгийн эмч нар дуудлагын дагуу очиход тэднийг юу хүлээж буйг тааварлах үнэхээр боломжгүй. Үргэлж л таагүй дуудлага ирж байдаг тэд олон цагаар ээлжид ажиллана гэхээр хэчнээн стресстэй байх нь тодорхой.

18.   БАРТЕНДЕР

Энэ жагсаалтад бартендерийг яагаад оруулсан юм бол гэж гайхаж магадгүй. Хүмүүст хүссэн зүйлийг нь хундагалж өгөөд, хүсвэл ойр зуурын яриа ч өрнүүлчихнэ. Гэвч үнэндээ ээлж нь эхэлснээс дуусах хүртэл зогсоогоороо үйлчлэхийн зэрэгцээ төрөл бүрийн зэргийн согтолттой үйлчлүүлэгчидтэй эелдгээр харьцана гэдэг амаргүй л болов уу.

19.   ХУУЛЬЧ

Хуулийн салбарын ажилтнууд мөн л цаг үргэлж асуудалтай үйлчлүүлэгчидтэй харилцах бөгөөд хүнд дарамт шахалт, нөхцөл байдал дунд ажилладаг. Удаан хугацаанд үргэлжлэх шүүх хуралд ялалт байгуулахын тулд зарим тохиолдолд нойр, хоолгүй ажиллах ба энэ салбарт ажилладаг боловсон хүчнүүд карьерынхаа аль нэг үед ажлаас болоод эрүүл мэндийн асуудалтай заавал нүүр тулгардаг гэж хариулжээ.

20.   МЭС ЗАСАЛЧ

Хагалгаа хийх явцад гэнэтийн нөхцөл байдал цөөнгүй тохиолддог бөгөөд өвчтөнийхөө амийг аврахын тулд алдаа гаргалгүйгээр дээд зэргийн хариуцлагатай байна гэдэг тэдний сэтгэлзүйд маш их дарамт болдог байна.

21.   ТАКСИНЫ ЖОЛООЧ

Согтуу, бүдүүлэг зорчигчид, хажуугаар давхилдан өнгөрөх галзуу жолооч, түгжрэл, цаг агаарын онц ноцтой нөхцөл байдал зэрэг нь таксины жолоочдод тулгардаг бэрхшээлүүдийн ердөө цөөн хэд нь. Үүнээс гадна төлбөрөө төлөлгүй зугтаах, амь насанд нь ямар нэгэн байдлаар заналхийлэх гээд явж өгнө дөө.

22.   БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТАН

Ямар нэгэн хэлтэс, байгууллагын удирдлага байна гэдэг “cool”. Гэхдээ өндөр албан тушаалыг дагаж өндөр үүрэг хариуцлага ирдэг. Байгууллагын чинь бүх үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэхийг хянахын тулд ажлын бус цагаар ч ажилдаа санаа зовж, байгууллагынхаа ирээдүйг шийдвэрлэх чухал шийдвэрийг гаргах шаардлагатай болдог. Мэдээж гаргасан шийдвэрийг чинь дагаж ирэх хариуцлагыг ч бас хүлээх нь тодорхой.

23.   PR ХАРИУЦСАН ЗАХИРАЛ

Мөн л удирдах албан тушаалтны адилаар ажлын бус цагаар ч үйл ажиллагаандаа санаа зовниж, хяналт тавьж сууна. Байгууллага, үйлчлүүлэгчийнхээ нэр хүндийг хариуцаж ажилладаг тул хэчнээн хариуцлагатай гэдэг нь тодорхой биз ээ.

24.   СУРВАЛЖЛАГЧ

Хэдийгээр чухам ямар нөхцөл байдал, үйл явдал руу очиж байгаагаа мэдэж байгаа ч тэнд юу болохыг хэн ч таашгүй билээ. Өглөө нь студид ажиллаж байсан бол өдөр нь “дайны талбар” дээр ажиллаад явах ч магадлалтай. Мөн нэг мэдээний сураг дуулбал тухайн мэдээллийг мэргэжил нэгтнүүдээсээ урьтаж олон нийтэд мэдээлэхийн тулд галзуу юм шиг л ажиллана.

25.   ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОХИЦУУЛАГЧ

Хэн нэгэн хүний эсвэл албан газрын тэмдэглэлт өдрийг зохион байгуулах ажлыг үйл ажиллагааны зохицуулагч гүйцэтгэнэ. Мэдээж энэ бүхэн төгс байх ёстой. Танай багийнхан ганц л алдаа гаргахад сэтгэл дундуур хоцорсон үйлчлүүлэгч байгууллагын чинь нэр хүндийг унагаж чадах билээ. Хэдий хамгийн сайнаараа хичээсэн ч зарим тохиолдолд өөрөөс чинь шууд бус хамаарах алдаа мадаг гарах эрсдэлтэй байдаг. Тиймээс найдвартай түнш, өргөн цар хүрээний танил, арын албаны ажлыг төгс гүйцэтгэгч ажилтнууд, асуудлыг богино хугацаанд үр дүнтэй шийдвэрлэж чадах ур чадвар зэрэг зүйлс зайлшгүй шаардлагатай байна.

Эх сурвалж: Career Addict

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)