Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар зохион байгуулагдсан “Төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагч 2021” зөвлөлдөх уулзалтад оролцогчдын хэлсэн үгээс онцолж байна.

Б.Жаргалсайхан: Худалдаа, эдийн засаг хөгжлийн яам байгуулъя. Гэхдээ би тэр яамны сайд болохгүй шүү.

"Буян" компанийн захирал Б.Жаргалсайхан “Энэ уулзалтыг жил болгон зохион байгуулж байх үр дүнтэй гэж харж байна. Би хэдэн зүйл хэлье.

Өнөөдөр бидний амьдралд цар тахлаас илүү саад болж байгаа нэг зүйл байна. Энэ бол улс орон даяар хавтгайрсан архидалт. Ажил хийдэг хүн алга. Цалингаа авна. 2-3 долоо хоногоор архидаад алга болдог. Герман улсад архины онцгой татвар манайхаас 60 хувиар өндөр юм билээ. Хөдөө, хотгүй бүгд согтуу. Төрийн албан хаагчид нь чөлөөт цагаараа энэ хэдэн уулын аманд согтуу. Одоо үүнийг цэгцлэх цаг болсон. Үүнээс ажлаа эхэлье.

УИХ-ын даргад хандаж спиртийн онцгой албан татварыг нэмэгдүүлэх хууль санаачилж, яаралтай хэлэлцэж өгөөч гэж хүсье.

Улсын төсөв хэмжээтэй. Цалин нэмье гэдэг. Гэтэл Монгол Улсын төсөв 3.5 сая ам.доллар. Тэгэхээр яаж цалин нэмэх үү. Тиймээс энэ жилээс эхлээд улсын төсөв батлахдаа орон нутгуудыг төсвийнхөө 50 хувийг татвараар бүрдүүлүүлдэг болъё. Нэгдсэн төсвөөр бүх юмаа даалгадгаа олоо больё. Аймгийн Засаг дарга, Иргэдийн хурал гээд бүгд улсын төсвөөс халбагдаж байдаг. Гэвч эргээд нэг ч төгрөгийн хөрөнгө оруулдаггүй.

Гуравдугаарт, ачаа тээвэр саатсанаас болоод өргөн хэрэглээний барааны үнэ өсөөд байна. Үүнийг шийдэх хэд хэдэн санал байна. Нүүрс, төмрийн хүдрээ зөөж гаргаад буцахдаа хоосон ирж байна. Тиймээс төмөр замын ачаа тээврийг хоёр талдаа ачаатай явуулах хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд Хятадын тал өдөртөө манай ачааг явуулна. Яагаад гэвэл өөрийнхнөө үйлдвэрлэлийг зогсоохгүйн тулд.

Экспорт нэмэгдэхгүй байгаа шалтгаан юу вэ. Нүүрсний хэрэгцээ өсөн нэмэгдсээр байхад 20 сая тн л гаргаж байна. Бид үүнийг нэмэгдүүлэхийн тулд чөлөөт бүс байгуулж, хил боомтоо цэгцлэх хэрэгтэй байна.

Мөн бид худалдаа, эдийн засаг хөгжлийн яам байгуулах шаардлагатай байна. Гэхдээ би тэр яамны сайд болохгүй шүү. Санал хэлэхээр өөрөө сайд болох гэж байна гэнэ. Бид гадаад орнуудтай худалдаа хэлэлцээр хийдэг ч гаднын орнуудад л ашигтай байна" гэв. 

Н.Ганзориг: Дарга нар биднийг нийтээр нь архичин гэж дуудаж байна. Гэхдээ энэ бол зөвхөн та нарын бодол шүү.

Монголын Ажилчдын холбооны нэгдсэн төвийн захирал Н.Ганзориг: Бүтээн байгуулалтыг нуруундаа үүрдэг хүмүүс нь шавар, шохой зуурдаг ажилчид байдаг юм. Аливаа байгууллагын амьд зүйл нь ажилчин. Сүүлийн 30 жил гэж хүмүүс ярих дуртай. 30-аа больё сүүлийн 10 жил ажилчин ангиа орхисон. Хөгжил дэвшлийг илэрхийлдэг өндөр барилгыг барьж босгодог ажилчин залуусаа мартсан.

Барилгын салбарт асуудал их гарч байна. Барилга дээр ажиллаж байгаад нас барж, хөдөлмөрийн хөлсөө шулуулж байна. Ажил хийчихээд цалингаа нэхэхээр бидэн рүү цагдаа явуулдаг. Барилгын компанийн захирлууд дээр очоод цалин, хөлсөө нэхэхээр хамгаалагч нарт нь зодуулдаг. Бидэнд өртэй хэр нь хүн дарамталсан гээд шүүхээр асуудлаа шийдүүлдэг. Бид цалингаа авч чадаагүй хэр нь хөдөлмөрийн хөлсөө нэхсэнийхээ төлөө цагдаа шүүх дээр 200 мянгаас хоёр сая төгрөгөөр торгуулдаг.

Бүтээн байгуулалт хийнэ гээд яриад байдаг хэр нь үүнийг нь хийх ажилчин алга. Хийж чаддаг залуучууд нь цалингаа бодоод Япон, Солонгос руу гаргаад явчихлаа. Юм хийж сурах гээд зүтгэж байгаа залуучууддаа тусламж үзүүлээч ээ төр засаг минь. Бид муу нэртэй. Дарга нар биднийг нийтээр нь архичин гэж дуудаж байна. Энэ дунд архи уудаггүй хүмүүс байна. Монголчууд бүгд архинд живчихээгүй, энэ бол зөвхөн та нарын бодол шүү. Биднийг бүгдийг нь ажилгүй, архичин, хулгайч гэж дуудаж байна. Төр засаг, бизнес эрхлэгчид нь ингэж дуудаж байхад бид хаана очиж, хэнд итгэх вэ. Аль болох л хилийн дээс алхахыг бодож байна.

Монгол Улсын бүтээн байгуулалтыг дундын зуучлал буюу тендер цохьдог намын сэтэр зүүсэн залуучууд хойш татаж байна. Бүх тендерийг тэд авдаг. Тендер авдаг хэр нь ажилчин байхгүй. Орон нутагт баригдсан сургууль, цэцэрлэгийн барилга нь гурван баллын газар хөдлөлтийг дийлэхгүй нураад унаж байна. Тэр барилгад ганц арматур хийх сэтгэлгүй ажил орлогчид байна шүү дээ.

Тиймээс төрийн өндөрлөгүүд бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хүлээн авч уулзахдаа бидэнтэй ч бас уулзаж, бэрхшээл, санал бодлыг маань сонсож байгаач гэж хүсэх байна" гэлээ.

 

Ж.Оджаргал: Төрийн гурван өндөрлөг нэгдэж, нэг цонхоор эдийн засгийг хурдан гүйцэх боломжийг хангаж өгнө гэж ойлголоо

Уулзалтын үеэр бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдыг төлөөлөн MCS группийн Ерөнхийлөгч Ж.Оджаргал байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Бидний дунд бизнес эрхлээд 20, 30 жил болж байгаа хүмүүс олон бий. Ерөнхий сайд түрүүн нэлээд онцолж экспорт, хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэх нааштай мэдээнүүд хэллээ.

Саналын чанартай ганц зүйл хэлье. Зэс, алт бол мэдээж хэрэг чухал. Үүнийг “Оюутолгой”, “Гачуурт”, “Цагаан суварга” гэх төслүүд хөтөлж байж экспорт нэмэгдэнэ.

Зүүнбаян чиглэлийн төмөр зам ашиглалтад орж байж төмрийн хүдрийн экспорт нэмэгдэнэ. Мөн нүүрсний үнэ зах зээлийн оргил үедээ байна. Гашуунсухайт, Шивээ хүрэнгийн боомтын логистикийг нэн даруй шийдэж байж экспорт нь нэмэгдэх боломжтой. 2022 онд Гашуунсухайт, төмөр замын холбох ажлыг нэн даруй шийдэж чадвал 2023, 2024 онд экспортод 3-4 тэрбум ам.доллароор нэмэгдэх боломж бий. Аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбар нь экспортод маш чухал. Худалдааны санхүүжилтийн хэрэгслүүдийг хурдан шийдэж өгвөл сайн.

Том төслүүдэд Засгийн газрын баталгаа их чухал байдаг. Хувийн хэвшлүүд дээр баталгааны асуудал ярих гэхээр улс төржсөн сэдэв байдаг тул их төвөгтэй. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шинэлэг арга хэрэглэх гэж байгаа бол эдийн засагт хэрэгтэй томоохон төслүүд дээр Засгийн газар болон Хөгжлийн банкны баталгаа их чухал асуудал байдаг юм шүү.

Төрийн гурван өндөрлөг нэгдэж, нэг цонхоор эдийн засгийг хурдан гүйцэх боломжийг хангаж өгөх юм байна гэж ойлголоо. Үүнийг хувийн хэвшлийнхний хувьд баяртайгаар хүлээн авч байна" хэмээв. 

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)